Батлан хамгаалахын сайд Л.Болд Энэтхэг, БНСУ-ын сайд нартай уулзлаа
Айлчлын хүрээнд Батлан Хамгаалахын сайд Л.Болд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын сайд А.К.Антонитой албан ёсны уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар талуудын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа улам идэвхижүүлэх нь Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах үйл хэрэгт оруулах хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэлээ.
Мөн түүнчлэн Нүүдэлчин заан Монгол-Энэтхэгийн цэргийн тусгай хүчний хамтарсан хээрийн сургуулийг цаашид уламжлал болгон зохион байгуулах, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд Монгол Улсын цэргийн албан хаагчдыг үргэлжлүүлэн сургах, сургалтанд хамрагдах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, тус улсаас Монгол Улсад мэдээлэл, технологи, англи хэлний чиглэлээр багш нар ажиллуулах, орчин үеийн өндөр чадавхи бүхий эмчилгээ, оношлогооны аппарат, тоног төхөөрөмжөөр хангах, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хуурай замын цэргийн штабын орлогч дарга, генерал Н.Тамбуражийг ирэх 3 дугаар сард Монгол Улсад айлчлуулах зэрэг олон чухал асуудлаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн байна.
Батлан Хамгаалахын сайд Л.Болд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийх айлчлалаа дуусгаад Бүгд Найрамдах Солонгос Улсад тус улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Ли Санг Хитэй уулзлаа. Уулзалтаар сайд нар хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхитэй түвшинд хөгжиж буйг дурдаад, БНСУ-ын Батлан хамгаалахын их сургууль, Армийн их сургууль болон бусад мэргэжлийн сургуулиудад Монголын цэргийн албан хаагчдыг үргэлжлүүлэн сургах, барилга, бүтээн байгуулалтын ажилд цэргийн хүчийг ашиглах арвин туршлагатай БНСУ-аас Монгол Улсад барилгын тоног, төхөөрөмж нийлүүлэх зэрэг олон чухал асуудлаар яриа хэлэлцээ хийж, тодорхой тохиролцоонд хүрсэн байна. Мөн түүнчлэн талууд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах талаар санал бодлоо солилцжээ.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын БНЭУ болон БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөр ач холбогдол бүхий үр дүнтэй айлчлал боллоо.