Ц.Шинэбаяр Миний хүүхэд нас баян байсан
Өвөлжилт нэлээд хүндэрсэн бололтой дуулдах юм?
– Дорнодын дөрвөн суманд цаг үеийн байдал хүнд байна. Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбарт цас их унасан. Гурванзагал, Чулуунхороот сум бүр хэцүү. Цагийн байдлаас шалтгаалаад Гурванзагал суманд хүрч чадсангүй. Мал бэлчээрт гарах боломжгүй шахам. Чулуунхороотод хөрсөн дээрээ 30 см цастай ийм үед мал бэлчээрлэхэд хүндрэлтэй. Шуурганы үеэр олон мал уруудсан. Биднийг явж байх үеэр таван мянга орчим толгой мал хорогдсон байсан. Аймаг орон нутаг, онцгой байдлын газраас арга хэмжээ авсан байна. Дахиж цас орж, цаг хүндрэхгүй бол учиртай.
-Энгийн зүйл асууя гэж бодсон юм. Таны төрсөн нутаг Дорнод аймаг уу?
-Дорнод аймагт төрж өсч нийслэлд их сургууль төгсөөд төрсөн нутагтаа очиж ажилласан. УИХ-ын гишүүнээр сонгогдоод л нийслэлийн хүн болж байна. Дорнодоос өөр газарт ажиллаж үзээгүй. Чойбалсанд төрөөд Гурванзагал, Баян-Уул, Дашбалбар сум, Сүхбаатар аймагт арван жилийн сургуульд суралцаж байлаа. Энэ нь миний аав олон сум, зарим аймагт томилолтоор ажиллаж байсантай холбоотой. Аав маань худалдааны мэргэжилтэй. Би өөрөө уул уурхайн инженер. Сургууль төгсөөд Дорнод аймгийн цахилгаан станцад инженер, цехийн даргаар найман жил, станцын даргын албыг таван жил хашиж нийтдээ эрчим хүчний салбарт 13 жил ажиллажээ. Мөн хувийн хэвшилд хэсэгхэн зуур ажилласан. Сүүлд Адуунчулууны уурхайд таван жил болсон.
-Чойбалсан хот бусад аймгийн төвийг бодвол барилга байшин ихтэй, хөгжил сайтай. Энэ нь аймаг, орон нутгийн удирдлагуудын арга барилтай холбоотой байх л даа?
-Социализмын үед зүүн бүсийг хөгжүүлэх, үйлдвэржүүлэх төлөвлөгөөний дагуу баригдсан хот. Манай аймаг 75 мянган хүнтэйгээс Чойбалсанд 50 мянга орчим хүн амьдардаг. Бусад аймгаас ялгаатай нь хүн амын ихэнх нь аймгийн төвдөө амьдардаг. Мөн нэлээд хотжсон. Аймгийн төвд таримал мод ихтэй. Орос ах нар, бас нутгийнхны голдуу тарьсан мод. Манай аймгийн Л.Тойвгоо, Д.Лхаасүрэн дарга нарын үед л тарьсан мод одоог хүртэл Чойбалсан хотыг чимэглэж байна. Тийм сайхан үйл хэргийг нь нутгийн удирдлагууд үргэлжлүүлж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилд төсөв сайжирч орчноо тохижуулахад нэлээн анхаарсан. Аймгийн төвд хиймэл нуур байгуулсан. Хамгийн гол нь тухайн аймаг онцлогтоо тохируулж хийсэн ажилтай байх ёстой. Дорнодын тухайд аль ч аймагт байхгүй хүний гараар бүтсэн нуур бий болгож дунд нь бурхан багшийн сэрэг дүрийг залсан. Залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх, гадаад, дотоодын жуулчин гийчдийн нүдийг хужирлах зүйл нэгээр нэмэгдсэн. Хүмүүсийн сэтгэлд нийцсэн ажил болсон гэж боддог.
-Дорнод аймгийнхан Хэнтийн төвийнхөнтэй харьцуулахад буриад зоны онцлог, хэл яриаг нэлээд хадгалсан юм болов уу гэж төсөөлөгдсөн.
-Манай аймаг өөрөө өвөрмөц. Чойбалсан хотыг бүтээн байгуулах үед Монгол орны өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд ирсэн. Чойбалсан хотод монголын бараг бүх үндэстэн, ястны төлөөлөл амьдардаг. Аймгийн хэмжээнд халх, буриад, барга, үзэмчин ястан зонхилсон. Оросууд олон байсан учраас зарим байгууллага, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрын нэр хаяг орос нэртэй байсныг анзаарсан болов уу. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс эв найрамдалтай сайхан амьдарч буйд л гол утга учир нь оршдог юм.
-Дорнод аймагт Хэрлэн барс хотын тууриас эхлээд түүх дурсгалын зүйл цөөнгүй. Халх голын дайнд оролцогсдын хөшөө дурсгалыг тоносон дуулддаг. Хадгалалт хамгаалалт ямархуу байдаг юм бол?
-Хөшөө, дурсгалт газрын хамгаалалт 1990-ээд оны үеэс сайжирсан. Хүмүүсийн хандлага ч өөрчлөгдсөн. Гэвч цаг хугацааны хүчин зүйл хөшөө дурсгалын өнгө төрхийг байнга шинэчлэхийг шаарддаг. Ийм мөнгө аймгийн төсөвт харьцангуй бага суудаг учраас боломж хомсхон. Энэ жил Халх голын дайны 70 жилийн ой тохионо. Засгийн газраас, аймаг орон нутгийн төсөвт тодорхой хөрөнгө тусгасан. Энэ жилийн тухайд хөшөө дурсгалын засвар шинэчлэлийг өмнөх жилүүдийнхээс сайн хийнэ. Халх голын дайнд оролцсон ахмад дайчин Дорнодод олон.
-Хилд ойрхон аймгийн иргэдэд давуу тал байдаг шүү дээ. Хилээр чөлөөтэй зорчсоны үндсэн дээр бараа бүтээгдэхүүний үнэ хямдхан, үйлдвэрлэл хөгжих боломжтой.
– Хятад руу зорчихын тухайд аль ч аймгийн иргэд адилхан. ОХУ-д зорчиход виз хэрэгтэй учраас хүндрэлтэй. Тиймээс ОХУ-д визгүй зорчдог болговол эдийн засгийн хямралтай үед нааштай нөлөөтэй гэж боддог. Одоогоор визтэй учраас дарга нар л явдаг. Хил дагуух аймгийн иргэдийг визгүй зорчуулах боломж бий. Тухайн орон нутагтаа байнга оршин суудаг иргэд визгүй гарах эрхтэй ч амьдралд тэр бүр хэрэгждэггүй.
-Тойрогтоо эн тэргүүнд хийх юмсан гэж төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?
-Газрын тосны асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Дорноговиос сонгогдсон гишүүдтэй хамтраад Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Аймгийг орон нутгийн төсвөөс гадна ямар орлоготой байлгах вэ гэсэн чиглэлээр хуулийн төсөл санаачилсан. Тамсаг булагийн нефть хайгуулын компани орон нутгаас ажилтан бага авч байна. Манайд газрын тосны чиглэлийн мэргэжлийн ажилтан ховор байгаатай холбоотой. Ялангуяа инженер техникийн ажилтан. Бодлогоор зохицуулах ёстой. Дорнод аймгийн Техник мэргэжлийн сургуульд 30 ажилтан бэлтгэсний эхнийх нь ажилд орсон. Дараагийнх нь бэлтгэгдэж эхэлсэн. Цаашид үргэлжилнэ. Онцгой анхаарах асуудал.
-Аливаа хүнд сонирхол байдаг. Таны тухайд иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхтэй холбоотой сонирхож судалж буй зүйл юу байна вэ?
– Хүмүүст хэрэг болох байх гэсэн үүднээс үхрийн аж ахуйг хөгжүүлэх талаар багагүй судалж байна. Нийслэлийн ойр орчмын, Багануур хавийн фермийн аж ахуйнуудаар орж үзсэн. Өмнөх жилүүдийг бодвол ахиц гарчээ. Гэхдээ бусад орны төвшинтэй харьцуулахад хоцорсон л доо. Фермийн аж ахуй эрхлэхийг уг нь бодлогоор дэмжээд өгвөл амархан. Хүмүүс их том зүйл төсөөлөөд хийж чадахгүй байгаа юм. Заавал 100, 50 үхэр биш хоёр гурван үхэр байсан ч болно. Том жижигтээ биш хийх ажлын арга барилдаа байгаа юм. Ногоо тариалах ч хүмүүст шаардлагатай. Эдийн засгийн хямралын үед жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Манай хөрш хоёр орны иргэд өөрсдийнхөө тариалсан хүнсний ногоог хэрэглэж байна. Бид тариалж чадахгүйдээ биш тариалах сонирхолгүйд л хамаг учир бий. Аймаг бүрт өөрийн онцлог бүтээгдэхүүн байдаг. Адилхан хөгжүүлнэ гэж байхгүй. Тэр бүхнийг бодлогоор дэмжих нь учиртай. Хувь хүний хувьд жаахан чөлөөт цаг гарвал хөл бөмбөг үздэг.
-Дорнодын тухайд тулгамдсан асуудал бий. Зам дагаж хөгжил гэдэг. Мянганы зам хэдийд танай нутагт хүрэх вэ?
-Тулгамдсан асуудал олон байна. Цөлжилт, хуурайшилт хамгийн тулгамдсан асуудал болж байна. Мянганы зам хэмээх бүтээн байгуулалтыг эхлээд олон жил боллоо. Тодорхой үр дүн алга. Дорнодын тухайд зам маш чухал. Дорнодтой зэргэлдээ Хятадын нэг аймагт жилд мянган км хатуу хучилттай зам тавьж байна. Оросын Чита мужид жилд 200-300 км зам тавигддаг. Гэтэл Дорнодод нэг км зам тавигдахгүй байна. Хятадууд 5-6 жилийн өмнө барьсан замаа хуучирлаа гээд одоо дахин хуулж хоёр урсгалтай хурдны зам бариад эхэллээ.
-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрөв?
-Бидний үеийн хүүхдүүд, миний бага нас баян байсан. Ямар утгаар ингэж хэлээд байна вэ. Энгийн жишээ хэлье. Сурах бичгээ худалдаж авдаг байлаа. Уран зохиолын ном цуглуулж номын сангаа баяжуулдаг байсан. Одоо сургуулийн хүүхдүүд сурах бичиг худалдаж авахаа больж. Сурах бичгийг худалддаг болбол хүүхэд мөнгөний болон номын ашиг тусыг мэдэрнэ. Сурах бичгээ авч сураагүй хүүхэд хэзээ ч уран зохиолын ном худалдаж авахгүй. Номгүй хүн гэдэг өмчгүйтэй адилхан байхгүй юу. Бидний үеийн хүүхдүүд номтой учраас баян байсан юм. Нэг үе хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод ном зохиол хэвлэгдэх нь ховордсон. Одоо өөр болсон шүү дээ. Миний хувьд УИХ-ын гишүүн болсноос хойш голдуу улстөрийн сэдэвтэй ном уншиж байна даа.
-Орон нутгаар явж байхад тань сонгогчид хувийн зүйл гуйхаас илүүтэй улс орны хөгжлийн төлөө санаа зовних нь их болсон нь анзаарагдах юм уу?
-Өөрчлөгдсөн. Иргэд бэлэнчлэх сэтгэлгээнээс гарч байна. Дорнод аймгийн цас зудтай сумдад түлээгээ татаж чадаагүй цасанд боогдсон гэх мэт хүндрэл гарсан. Энэ үед нь харин хувиасаа туслалцаа үзүүлж 200-300 тн нүүрс хүргүүлсэн. Албан байгууллагуудын хувьд ч адилхан. Ширээ сандал, компьютер гэхээсээ илүүтэй аймаг орон нутагт шаардлагатай гол асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсдэг болжээ.
-Цагаан зээр Дорнод монголын тал нутгийн чимэг гэдэг. Сүүлийн үед нүүдэллэж хил давах нь олширсон. Хамгаалах тухай яригдах болсон ч тоо толгой нь цөөрөөд байна уу даа?
-Цагаан зээрийн нутаг бэлчээр ховордсон. Иргэд унаа тэрэг ихтэй болсонтой ч холбоотой. Хамгийн гол нь манайд хамгаалах тогтсон систем алга. Too толгой нь айхавтар цөөрсөн зүйлгүй. Дэлхийн бусад орнууд шиг хамгаалъя гэвэл асар их мөнгө шаардагдана. Тэдгээр орон ховор ан амьтныхаа орших нутгийг тусгайлан хашаад хамгаалдаг.
Д.Дамдин
Дугаар 07(030/21259)