Монголчууд бусад үндэстнүүдээс яагаад илүү байдаг вэ…
Шажныг ухаарахадцуврал номуудынхаа нээлт болон Далд ухаан ба тэнгэр язгуур лекцээрээ хүрэлцэн ирсэн олон монголчуудын сэтгэлийн гүн дэх омгорхол, бардамналын эмзэг утсыг удаа дараа хөндөж чадсан Хас гурвалжин холбоо ээлжит номынхоо баярыг Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Монголоо жинхэнэ Монгол болгоё уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг тус холбоо глобальчлагдсан дэлхийн үсрэнгүй хөгжил дунд хэтэрхий орчин үежиж түүхээ мартсан залуустаа өвөг дээдсийнх нь дэлхийн дайдад сэтгэж, өнөөдөр шинжлэх ухааны батлах гэж ядаж байгаа асуудлуудыг таниад мэдчихсэн, амьдрал ахуйдаа хэрэглээд хэвшчихсэн, бусад улс үндэстнүүдээс оюун ухааны хувьд илүү өндөр түвшинд амьдарч байсныг нотлон харуулахаар Монголчуудын гэгээрэл, Чингис хааны гэгээрэл нэртэй номуудаа уншигч олондоо өргөн барьж байгаа нь энэ ажээ.
Монголыг судалсан дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид монголчуудыг агуу, суут, ер бусын, маш нууцлагдмал гэх мэтчилэн янз янзаар тодорхойлдог ч тийм дүгнэлтэд хүргэсэн тэр зүйл нь чухам юу вэ гэдгийг тэр бүр таньж тайлж чадаагүй байдаг.
Гэтэл тэр нууцыг задалж уг номыг уншсан монгол хүн хэн боловч өвөг дээдсээрээ болон өөрөөрөө бахархах, монголчууд гэж ямар онцлогтой, чухам юугаараа, яагаад бусад улс үндэстнээс ялгаатай болохыг танин мэдэх, улмаар өвөг дээдсийнхээ уламжлуулан үлдээсэн тэрхүү сургаалийн нууцаас сонсож, бид ямар гайхамшигтай ард түмний үр үндэс болж төрснөөрөө бахархах сэтгэл аяндаа төрөх аж.
Нөгөөтэйгүүр эдгээр ном нь дэлхий дахинд монголчуудыг цоо шинэ нүдээр харж, өөрөөр ойлгох боломжийг нээж өгөхийг зорьсон байна. Өөрөөр хэлбэл, Хас гурвалжин холбооныхон, муу бүхний жишээ монгол болдог тэр үзэл санааг залуусынхаа толгойноос аван хаяж, өвөг дээдсийнхээ орчлон ертөнцийн оршихуйн онол, жам ёсыг гүнээ таньж ухаарсны үндсэн дээр өөрсдийн ахуй амьдрал, хөгжил дэвшил, соёл иргэншлээ хамгийн сонгодог утгаар нь цогцлоон байгуулж байсан тухай бүхэнд гайхуулах зорилго тавьжээ.
Байгал эхийн хамгийн цогц бүтээл – хүний хамгийн гол дутагдал бол мэдэхгүй зүйлээ үнэлдэггүй, үнэлдэггүй учраас хайрладаггүй тэр л чанар юм.
Бид өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу түүхийг мэдэхгүй байгаагаас өөрсдөөрөө бахархаж чадахгүй байна, өөрсдөөрөө бахархаж чадаагүй болохоороо бид нэгнээ, бас эх орноо хайрлаж чадахгүй байна, тийм л учраас мэддэггүйд мэдүүлж, үнэлдэггүйд үнэлүүлэхээр ийнхүү нэгэнт зориглон хөдөлсөн байгаа тул сонирхсон хэн бүхэн энэ сарын 19-ний өдөр Дуурийн театрт ирвэл Сайн юмыг харваас нүдний гэм арилмой, Сайн номыг уншваас сэтгэлийн гэм сарнимой гэдэгчлэн сэтгэлийн таашаал эдлэнэ гэж бардам хэлж байна лээ.