Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ
Х.Баделхан тэргүүтэй Баян-Өлгий аймгийн уугуул, Улаанбаатар хотод оршин суугаа казах түмний төлөөллийг хүлээн авч уулзан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Монгол улсын төр, засаг үндэснийхээ цөөнхийг дэмжих, хүндэтгэх бодлогоо тууштай үргэлжлүүлэн, Наурызын баярыг сүүлийн 10 жил тогтмол өргөн дэлгэр тэмдэглэж, казах иргэдийг өндөр албан тушаал, шийдвэр гаргах түвшинд томилон ажиллуулсаар ирсэнийг Шадар сайд онцоллоо. Үүнтэй санал нэг байгаагаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Ж.Хайрулла илэрхийлж энэ бол Монгол-Казах түмний салшгүй хамт байхын баталгаа гэлээ.
Ойрын өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга нар казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзах бөгөөд төрийн тэргүүн Наурызын баярыг Баян-Өлгий аймагт угтахаар төлөвлөж байна. Мөн өдрүүдэд Улаанбаатар хотноо казах түмэн ахмад настнаа хүндэтгэх ёслол үйлдэж, урлаг соёл, спортын олон арга хэмжээ зохиох юм.
Засгийн газар Баян-Өлгий аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажилгүйдлийг арилгах, Асгатын орд газрыг ашиглах, БНКаз улстай хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхүүлэн дэмжих Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахад анхаарч байгаа юм. Мөн Казах хүүхдүүдийн сурч боловсрох орчинг сайжруулах, хос хэлний сургалтыг дэмжих, сурах бичиг, сургалтын хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусган шат дараатай хэрэгжүүлж байна.