Алив, хэрэглэгчид ээ. Бензинийхээ үнийг бодъё
Гэтэл шингэний эзэлхүүнийг хэмжих СИ системийн бус нэгж гэгддэг баррелийг газрын тосноос гадна Америк, Их Британид гайхал шар айрагт мөн хэрэглэдэг аж. Гэхдээ нэг баррель шар айраг, газрын тосны хэмжээг хооронд нь адилтгаж үзвэл жинхэнэ алдаа болох дог шүү. Бензин болон дизель түлшийн хэрэглээгээ 100 хувь ОХУ-аас худалдаж авдаг монголчуудад баррель газрын тос гэх хоршоо үг аяга цай, зүсэм талхнаас дутахгүй танил сонсогдох атал манай улс нефть олборлолтоор гавихгүй, боловсруулах үйлдвэргүй тул бензиний үнэ хэрхэн мэндэлдгийг гадарлах хэрэглэгч цөөн ажээ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр 120 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл давхиж яваа статистик байна. Энэ тооны хэрэглэгч 1300 орчим шатахуун түгээх станцаас бензин, дизель түлш худалдан авдаг байх нь. Бензиний ханш өсөхөд бүх бараа, үйлчилгээний хөлс огцом нэмэгддэг боловч ШТС-ын салбарууд дахь үнийн санал буурахад бусад хэрэглээний төлбөр дагаж буурдаггүй зүй бус жишиг Монголд хуулиас хатуу мөрдөгдөж буй. Тиймээс бензиний үнэ өсөхөд жолооны ард суугаа хэрэглэгчдээр үл хязгаарлан нийгэм тэр аяараа бухимддаг болжээ. Алив, хэрэглэгчид ээ, бухимдлаа азнаад бензиний үнэ энэ өдрүүдэд хойд хөршид ямар байгааг, энд авчирвал хэдэд хүрэхийг бодъё. Тооны машинаа зэхээрэй.
Литр бензиний үнэ дэлхийн зах зээл дээрх баррель нефтийн ханшаас шууд хамаарч хэлбэлздэг гэж бид олонтаа сонссон. Нэг баррель гэдэг нь 158.988 литртэй тэнцдэг юм байна. Баррелийг тонноор илэрхийлэхийн тулд газрын тосны хувийн жин буюу нягт гэсэн ойлголтыг давхар авч үздэг аж. Манай гол импортлогч ОХУ-ын газрын тосны нягтыг нэг тоннтой харьцуулахад ойролцоогоор 136.4 кг гэсэн тооцоо гардаг аж. ОХУ экспортод гаргаж байгаа Уралс маркийн газрын тосны нэг тонныг 7.28 баррелиар тооцожхудалдаа хийдэг юм байна. Нэг баррель түүхий газрын тосны ханшийг Блүүмберг сайтад өчигдөр 45.4 ам.доллараар зарлав. Энэ ханшаар хөөвөл Орост нэг тонн газрын тосны үнэ 330.51 доллар болж байна.
Монголын импортлогчид нефтийн бүтээгдэхүүний 90 гаруй хувийг ОХУ-ын Эрхүү мужид байрлалтай Роснефть-ийн Ангарск үйлдвэрээс худалдан авдаг. Оросын тал экспортолж байгаа нефтийн бүтээгдэхүүндээ суурь үнэ+онцгой татвар+төмөр замын тээврийн зардал+ОХУ-ын экспортын татвар+экспортлогчийн зардлыг нэмж манайд шилжүүлдэг аж. ОХУ-д нэг тонн А-80 бензинд 2657, А-92-т 3360, дизель түлшид 1080 рублийн онцгой татвар ногдуулж байгаа. Харин экспортын татвараа ОХУ-ын Засгийн газар дэлхийн зах дээрх нефтийн ханшийн харгалзан cap бүр шинэчлэн тогтоодог аж. Ингэхдээ дотоодын зах зээл дэх нэг баррелийн үнийг тоннд шилжүүлэхдээ тодорхой коэффициентээр үржүүлэн ногдуулдаг юм байна. Энэ оны хоёрдугаар сард нэг тоннд ногдох экспортын татвар 80.3 доллар байсан бол энэ сарын 9-ний байдлаар 90 долларт хүрч өсчээ. Дөрөвдүгээр сарын үнийг тандсан урьдчилсан дүнгээс харахад 88 доллар байх төлөвтэй.
Эдгээр татвар, зардлыг шингээсэн бензин төмөр замаар Монгол руу айсуй гэж төсөөлье. Дотоодод тонн тутамд гаалийн татвар таван хувь, НӨАТ 10 хувь, онцгой татвар A-80-д 38 доллар, A-92-т 43, ДТ-д 48 доллар телне. Үүн дээр албан татварыг тооцоход нэг тонн тутмын 2140-25300 төгрөг нэмэгдэж байна. Төмөр замын зардлыг тонн тус бүрт 12 ам.доллараар тооцож авна. Үндэсний нефть импортлогч компаниуд дээрх үнэ, зардал, татваруудыг шингээсэн өртгөөр оруулж ирсэн бензинээ нефть баазуудад хүлээн авч хадгална. Зохих хэсгийг ШТС-ууд руугаа тээвэрлэн нөөцөлж, жижиглэнгээр худалддаг. Эдгээрт гарах үйл ажиллагааны зардал, боловсон хүчин, техник, технологийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээс хамаарч нефть импортлогчид жижиглэнгийн үнээ тогтоодог гэнэ.
Орос
| Онцгой татвар (рубль) | Төмөр замын тариф (доллар) | Экспортын татвар(доллар) |
Бензин А-80 | 2657 | Ангарск үйлдвэрээс Наушк хүртэл 47.7 | 2009 оны гуравдугаар сарын 9-нд 90 |
Бензин А-92 | 3360 | ||
Дизелийн түлш | 1080 |
Энд экспортлогчийн зардлыг оруулаагүй болно.
Монгол
| Гаалийн татвар | НӨАТ | Онцгой татвар | Албан татвар (доллар) | Төмөр замын зардал(доллар) |
Бензин А-80 | 5%
| 10%
| 20350 | 38 | 12
|
Бензин А-92 | 25300 | 43 | |||
Дизелийн түлш | 2140 | 48 |
Б.Энхцэцэг
Дугаар 60/3132/