Нийслэлд 216 мянган жолооч дугаарлахаас 2000 нь үзлэгт хамрагджээ
Авто тээврийн үзлэг эхлээд гурав хонолоо. Улсын хэмжээнд энэ жил 335 мянган машин үзлэгт хамрагдах ёстой. Харин нийслэлийн хэмжээнд 216 мянган машин тоологдох учиртай аж. Үүнээс өчигдөр 17.00 цагийн байдлаар нийслэлд хоёр мянган жолооч машинаа бүртгүүлсэн байна. Энэ нь өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулбал маш бага тоо гэнэ. Өөрөөр хэлбэл, өдөрт ердөө л 670 жолооч машинаа үзлэгт хамруулжээ. Үзлэг хугацааны хувьд хоёр үе шатттайгаар явагдах юм байна. Нэгдүгээр үе нь энэ сарын 15-наас тавдугаар сарын 1-нийг хүртэл, Хоёрдугаар үе нь тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулаагүй жолоочид захиргааны хариуцлага оногдуулах, замын хөдөлгөөнд оролцдоггүй, стандарт хангахгүй машины улсын бүртгэлийн дугаарыг хураан авах зэрэг хариуцлага тооцох ажээ.
Тээврийн үзлэгт жолооч нарын идэвх муу байна гэсэн сургаар Чингэлтэй дүүргийн авто тээврийн үзлэг болж байгаа байрыг зорилоо. Үзлэг Дэнжийн 1000 худалдааны төвийн ардхан талд болж байна. Нээрээ ч эл, хуль байна аа. Эгнэн байрласан хэдхэн машин л байв. Энэ дүүрэгт 16 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс бүртгэл эхэлснээс хойшхи хугацаанд 420 гаруй тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдсан байна. Үзлэг, бүртгэлийн талаар дүүргийн замын цагдаагийн тасгийн байцаагч, дэслэгч Ж.Ууганбаттай ярилцлаа.
-Танай дүүргийн жолооч нар хэр идэвхтэй байна вэ?
-Одоогийн байдлаар дүүргийн 19 хороонд бүртгэлтэй 16 мянган тээврийн хэрэгслээс 420 гаруй нь хамрагдаад байна. Ер нь жолооч нарын идэвх муу байна. Ачаалал багатай энэ үед л жолооч нар маань үзлэгтээ хурдан хамрагдах хэрэгтэй. Тэгэхгүй бол үзлэг дуусах үед ачаалал ихсэж, бие биедээ төвөг учруулдаг. Бусдад үлгэр дууриал болох үүднээс Засгийн газрын үйлчилгээний хоёрдугаар хэсгийн авто бааз бүртгэлийн эхний өдөр бүртгүүлсэн байгаа.
-Үзлэгт хамрагдахдаа жолооч нар юу бүрдүүлэх ёстой вэ? Их хэмжээний мөнгө татварт төлөх юм байна гэсэн яриа иргэдийн дунд байна?
-Иргэний үнэмлэх, оршин суугаа хорооны тодорхойлолт, татвар, даатгал төлсөн бичиг, тээврийн хэрэгслийн оношилгоо, цагдаад үзүүлсэн бичиг зэргийг бүрдүүлэх ёстой. Харин тээврийн хэрэгслийнхээ моторын багтаамжаас шалтгаалаад татварт төлөх мөнгө нь янз бүр байгаа.
-Тухайлбал?
– Ойролцоогоор Эксел 24 мянга, Аксент 20800, Ланд-круйзер 80 91800, Ланд-круйзер 100 бол 99000, Ланд-круйзер 105 нь 103400, Портер 25000, микро машин 35000, ачааны машин даацаасаа хамаараад 35-45 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байна.
-Одоогийн байдлаар үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслээс хэдэн төгрөг цугларсан байна вэ?
-Гурав хоногийн хугацаанд 12 сая 227 мянган төгрөг татварт төлсөн байна.
Зарим жолоочийн сэтгэгдлийг сонслоо.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХАД 2-3 ЦАГ Л ХАНГАЛТТАЙ
Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн С.Мөнхбат
-Би дөрвөн жил жолоо барьж байна. Ер нь бүртгэлд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд 2-3 цаг л орох юм байна. Би үдээс хойш гараад л амжуулчихлаа. Бүх үйлчилгээ нэг дороо юм болохоор хялбар юм. Татварт 24 мянган төгрөг төлсөн.
Чингэлтэй дүүргийн 18 хорооны иргэн Б.Цэдэн
-Би 31 дэх жилдээ жолоо барьж байна. Татварт 15000 төгрөг төллөө. Одоогоор ачаалал бага байгаа учраас үзлэгт эрт хамрагдаж байна. Тэгэхгүй бол үзлэгийн сүүл үед ачаалал ихсэж, төвөгтэй болдог юм байна лээ.
Д.Болормаа
Дугаар 60/3132/