Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хор
МАХН алдарт Наамбарвааныг сонгох уу. Тэрээр өнөөдөр нам дотроо ямар байр суурь эзэлж байгаа бол гээд асуулт цөөнгүй. Наамбарвааны үе үеийн улс төрийн найзууд энэ удаад түүнд хэрхэн хандах бол. Харин дайснууд нь ямар байр суурьтай байх бол гэсэн асуулт бүр ч сонирхол татах нь гарцаагүй.
Найз нь бас өрсөлдөгч нь
Анх тэрээр 1997 онд Н.Баганбанди Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нь Завханаас нөхөн сонгуулиар гарч, бурхан залж, буян амласаар УИХ-ын тогоонд хошуу дүрсэн. Гэхдээ орж ирсэн даруйдаа л Засгийн газрын эрлэг болж орхисон нь маргашгүй үнэн. М.Энхсайханых, Ц.Элбэгдоржийнх, Ж.Наранцацралтынх гээд л Засгийн газар бүгд л түүний хөлд өвдөг шороодсон.
Харин энэ бол МАХН-ынхны хувьд ялалт байлаа. Тэрээр Ж.Наранцацралтын Засгийн газрыг түлхэн унагахын тулд Р.Гончигдоржтой хөөрхөн сүлбэлдэж байсан тухай баримт тухайн үед сонин хэвлэлүүдээр багагүй гарч байсан билээ. Бүр 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын дарга байсан хэдий ч намаасаа нэр дэвшигч Н.Багабандийг биш, Р.Гончигдоржийг дэмжээд савчиж явсан ч гэдэг. АН-ын дарга байсан Р.Гончигдоржийг УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга болгочихож байсан шидтэй эр бол ганцхан Наамбарваан. Тэгэхээр тэднийг ямар ч байсан улс төрийн хүрээн дэх найзууд байсан, одоо ч хэвээрээ гэх үндэс бий.
Харин энэ удаад Р.Гончигдорж түүний өрсөлдөгч болж болзошгүй. Гэхдээ хэзээ ч Наамбарваантай аль ч талаараа эн зэрэгцэж чадахгүй нь. Хөрөнгө хүч гээд л бүх талаараа найзаасаа хэдэн зуун хувь дор. Гэхдээ тэр бол өрсөлдөгч намын зангарагатай лидер. Ямар ч байсан Н.Энхбаярт хэрэгтэй хүний нэг учраас энэ удаад магад найзын холбоог эргэн дурсахыг хүсэхийг үгүйсгэх аргагүй. Хэрвээ Р.Гончигдорж намаасаа нэр дэвшихгүй бол Наамбарвааны төлөө л саналаа өгөх болов уу.
Ц.Нямдорж and Ерөнхийлөгч
Энэ хоёр хүн нэгэн цагт МАХН-ын шинэ үеийн лидерүүд гээд өвөр түрийдээ орох шахан явж байсан. Саяхан 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л Ц.Нямдорж Засгийн газрынх нь сайд байсны хувьд гээд Н.Энхбаярын явах газрынх нь замыг бараг л засан цэвэрлэж гүйх нь холгүй байлаа. УИХ-ын даргадаа гишүүний хувьд тал засах нь зүйн хэрэг байх л даа. Санаж байхад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Монгол телевизийн 600-гийн студид нэг мэтгэлцсэн. Тэр үед Ц.Нямдорж, С.Баяр, Ц.Мөнх-Оргил гээд МАХН-ын лидерүүд бүгд ирчихсэн Наамбарвааны дээлний захыг мушгиад зогсч байсан. Харин Б.Жаргалсайхан, М.Энхсайханд тийм дагуул байгаагүй. Тэгсний хүчинд 2005 онд Наамбарвааныг Ерөнхийлөгчөөр сонгогдоход мань Ц.Нямдорж УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг гээч болчихсон.
Харамсалтай нь, хууль гэртээ аваачаад засварласан хэргээр огцрохдоо хайртай найзаа тонгороод буусан. Монголбанкны Чулуунбатыг огцруулснаас л миний суудал ганхлаа. Гэхдээ энэ бүхний цаана хэн байгааг би цаг нь тулахаар хэлнэ гэчихээд Н.Энхбаяр уу гээд асуухаар би тэгж хэлээгүй гээд бултчихсан удаатай. Харин энэ удаад түүний чирсээр яваад МАХН-д багагүй байр суурьтай болгочихсон Увсын фракцынхан нь Наамбарваанд итгэл үзүүлэх болов уу.
Залгамжлагч нь байснаа зангаа хувиргасан эр
Тодорхой шүү дээ. Одоогийн Шадар сайд М.Энхболд. Нийслэлийн Засаг дарга асан тэрээр УИХ-д орж ирэхдээ хайрт ахынхаа тойргоос сонгогдоод бас Намын даргыг нь өвлөн аваад Ерөнхий сайдынх нь суудалд суусан. Хогтой л зууралдаад хотынхоо хэдэн даргатай хэрүүл хийж суусан тэрээр ийн гэнэт суга дэвшсэн нь мэдээж Намбаарвааны сунгасан гар дор байсны ач. Гэвч тэрээр ганцаар тоглолт хийхийг илүүд үзсэн бололтой. ОХУ-д Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын үеэр Асгатын мөнгөний ордны асуудлыг хөндөх гэтэл М.Энхболд эсрэг тийшээ харчихсан. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр улс төр дэх дөргүй бух гэж хочлуулсан нь учиртай. М.Энхболдыг гуйгаад суухын оронд өндөр албан тушаалаас нь яаралтай унагах шаардлагатай болсон учраас МАХН дотор ахиад л багагүй тэмцэл өрнөсөн.
Энхболдын, Энхбаярын фракц гээд МАХН хуваагдаад бүлэг үүсээд байсан нь нууц биш. Гэхдээ Алтангадасынхан, Ц.Нямдоржийн фракцтай нийлээд УИХ Засгийн газрыг түлхэн унагаах бүрэн эрхээ эдэлж М.Энхболд ноёнтой тэрсэлдсэнийхээ буяныг амсав. Дотроо эв нэгдэлтэй гээд байдаг МАХН анх удаа өөрийнхөө Засгийн газрыг түлхэн унагаасан нь М.Энхболдод өгсөн хатуухан сануулга байснаас биш засаглалынхаа хувьд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг л байсан. Харин өнөөдөр М.Энхболд ноёныхоо нөмөр нөөлөг дор орсон гэдгийг МАХН-ын эх сурвалжууд хэлдэг. Тэгэхээр ямар ч байсан М.Энхболдын эзэмшил хэмээн нэрлэхэд буруудахгүй нийслэлийн төр захиргааныхан тэр аяараа түүний төлөө зүтгэх биз.
Харин нэг зөрөөд зүтгэчихвэл өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгууль, МАХН-ын бага хурлын үеэр улс төрийн хүрээнд өөрийнхөө бүлэглэлийг чамгүй зузаалаад авсан М.Энхболд багагүй нөлөөтэй.
Ерөнхий сайд С.Баяр дагах уу, сөрөх үү
С.Баярын хувьд МАХН-ын дарга гэдгээрээ энэ удаад ч МАХН-ын сонгуульд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллана. Тэрээр МАХН-аас нэр дэвшигч бүрээ Еренхийлөгчийн сэнтийд залсан туршлагатай менежер.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Баярыг ОХУ-д элчингээр сууж байхад нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилон сонгуулийн ерөнхий менежерийн хүндхэн албанд тохчихсон. Ёстой л муу бүхэнд барьдаг мод гэгчээр Н.Энхбаяр хаана явна тэнд С.Баяр гүйж, булхай луйвартай нь орооцолдсон. Сонгуулийн дүн гардаг шөнө Н.Энхбаярыг намынхаа байранд орж ирэхэд мөн л С.Баяр хамгаалагч, харгалзагч бүр микрофоныг нь бариад хүртэл гүйж л байсан. МАХН-ын гишүүд ч Н.Энхбаяраас дутахгүй С.Баярыг тэвэрч үнсч үлгээд л. Нэг иймэрхүү дүр зураг түүнийг Н.Энхбаярын үнэнч албат гэдгийг илтгэж байлаа. Үгэнд ордоггүй зөрүүд М.Энхболдыг Засгийн тэргүүний сэнтийгээс авч хаяхдаа Намбарвааны итгэсэн хүн нь С.Баяр байлаа.
Харин өнөөдөр тэдний харилцаа лав л 2005 оных шиг биш болсон гэнэ. МАХН дотор С.Баярынх эсвэл Н.Энхбаяр & М.Энхболдын фракц гэсэн хоёр л томоохон бүлэг бий болсон. Бүр С.Баярыг AH дахь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай нэг нөхрийг дэмжиж байгаа гэх хардлага ч бий бололтой.
С.Баяр нэгэнтээ Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж хэлсэн удаатай. Гэхдээ энэ нь зүгээр л нэг сэтгүүлчийн асуултад хариулж байхдаа хэлсэн үг. Сүүлийн үест түүнийг нэр дэвшихээр янз бүрийн төвшинд улс төрийн хүрээнийхэнтэй уулзаж байгаа гэсэн яриа бас бий. Гэхдээ С.Баяр өөрөө нэр дэвшдэг ч бай, үгүй ч бай тэр бол МАХН-ын дарга.
Наамбарваан өөрөө МАХН-ын дарга байхдаа бол хэнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг байтугай хэнийг юу гэж хэлэхийг нь хүртэл бараг л ганцаараа мэддэг, шийддэг байсан даа. Харин өнөөдөр С.Баяр яадаг юм бол. Тэгэхээр С.Баяр энэ удаад Н.Энхбаярыг дагах болов уу, сөрөх болов уу.
Н.Бат
Дугаар 052/631/