Түшээд стресст гүн оржээ
Нэг баавгай замд тааралдсан амьтан болгоноо бариад л баруун, зүүн сугандаа бат хавчууллаад алхаж өгнө.
Гэвч бат хавчуулах бүртээ өмнө барьсан ангаа гээсээр байгаад гэртээ хоосон харьдаг даа. Бага байсныг ч хэлэх үү, баавгайн саланг гайхаад өнгөрдөг байж. Харин одоо бодох нь ээ зайлуул, сэтгэлийн хямралтай явсан нөхөр ч юм бил үү хэн мэдлээ. Эсвэл насны эрхээр уймраа ч болсон байж мэдэх юм.
Тэр үлгэрийг зохиоход барьсан тавьснаа мартдаг сэтгэцийн өөрчлөлтийг засах эмчилгээ энэ тэр байсан биш. Тиймээс өлөн хоосон түүнд ханаж цадах сэтгэл байхгүйн учир тааралдсаныгаа л хамахаас өөр яахав. Яг үүнтэй адил энэ муу 76 гишүүнээ харахаар өрөвдөөд байх боллоо. Хар залуугаараа хөгширч байна уу даа. Хэлсэн үгээ мартдаг болж, баталсан хуулиа санахаа байж, хийсэн ажлаа ч ялгахаа больж, харьяалагддаг намаа ч танихаа больжээ. Тиймээс бүх зүйлд төрийн, хамтын, нийтийн гэсэн байрнаас ханддаг болов. Засгийн газар нь хүртэл хамтынх. Хамгийн гол нь бүгдээрээ хэлэлцсэн болохоор буруугүй, хэн ч хариуцлага хүлээхгүй. Дээр нь энэ муу дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал гээч нь хэдэн гишүүдийг маань бүр ч дордуулж орхив. Зөвхөн түшээд бус монголчуудын 90 гаруй хувь нь стресст орсон гэх судалгаа гарсан, саяхан. Ялангуяа сүүлийн үед эдийн засгийн ээдрээтэй цаг үед бүсээ чангалах төлөвлөгөөг хэлэлцэж байна гээд түшээд толгойтой үсээ бууралттал гарц хайсаар байгаад бүр сульджээ.
Тэд чинь ард түмнийхээ төлөө робот шиг л зогсолтгүй ажилладаг, улс. Тийм болохоор нэг амьсгаагаар хэдэн ч хуулийг өөрчилж, шинэчилдаг хүчтэй, эртэй. Гэхдээ галзуу хурдтай ажилладаг болохоор гаргасан алдаагаа анзаардаггүй юм, зайлуул. Аль хуулийн заалт нь юутайгаа зөрчилдсөнийг ялгаад суух ч цаг үгүй. Хувь хувьсгалын, тойргийн сонгогчдын уулзалт гээд гадна дотно асуудлаа таван туслахтайгаа хүч хавсраад ч ажил нь амждаггүй. Тэгэхээр чуулгандаа орж ирээд л төслөө уншиж судлах завгүйгээр, хуулиудыг баруун солгойгүй баталж гарна. Ядаж байхад парламентаас парламентын хооронд хуульч гишүүдийн тоо улаан номд орохоор болсон. Тиймээс хууль үл мэдэгчид нь ангийнхаа арай дөнгүүр гэснийгээ гарыг нүд салгалгүй харж байгаад л дуурайгаад л кнопоо дарчихна. Арга ч үгүй биз. Өөрсдөө хууль мэдэхгүй юм чинь загас шиг нүдээ байдгаараа бүлтийлгээд, цавчихгүй байсныхаа хүчинд бусдыгаа алдахгүй дуурайна. Мэдээжийн хэрэг, буруу кноп дарж, онигоо болж байснаас аль нэгийгээ дагасан нь дээр л дээ. Ингэж мань мэтийнхээ төлөө нүдээ ч цавчих завгүй ажиллаж байгаад шургаж унах нь ээ.
Нөгөөтэйгүүр, ард түмнийхээ төлөө гэхээр амиа ч, намаа ч хайрлахгүй байгаа тэдэндээ баярлах хэрэгтэй. Үгүй гэж үү. Наад зах нь тэд намынхаа төлөө амь хайргүй зүтгэдэг, сонгуулийн ялалтад хүргэдэг гол жигүүрээсээ сайн дураараа татгалзсан. Өөрөөр хэлбэл, хороо багийнхаа сонгууль өгөх иргэдийн нэрсийн жагсаалтыг намдаа тааруулж гаргаж өгдөг, сонгогчийн үнэмлэхийг нь үзэмжээрээ тараахаас эхлээд хамгийн их будлиан, булхай луйврын үүр уурхай болдог баг хороодын засаг дарга нараасаа салахаар шийдсэн билээ. Тэднийг улс төрийн бус төрийн албан хаагч болгож намд бус төрд зүтгүүлж, ариун явдалтан болгохыг оролдсонсон. Ард түмнийхээ төлөө, ардчилал шударга ёсны төлөө үйлчилдэг ийм үнэнч шударга түшээд гэж байх уу даа, таминь минь.
Гэтэл Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гаргасан алдааг андаж байдаг мэт аашлав. Яг л улаа үзсэн хэрээ шиг иргэдийн гаргасан гомдол бүрийг авч үзээд л хуралдах нь энүүхэнд. Тэд уг нь гишүүдийнхээ шударга үнэний төлөө тэмцсэн сэтгэлийг ойлгосон бол хууль зөрчсөн байна алдаагаа зас гэж хүнлэг бус хандахгүй л байсан байх. Бас амбийцаа жаахан дарсан л бол ах намуудын сонгууль будлиулдаг гар хөл, гол хүч тэр чигээрээ тасрах байв. Сайн сайхны төлөө золиос байдаг гэдэг шиг хандан Үндсэн хуулийн хэсэг заалтыг зөрчсөнийг эс тоон хууль зөрчлөө энэ тэр гэсэн дүгнэлтийг УИХ-д өгөн шахалт үзүүлээгүй бол амьдрал болоод явахсан. Үндсэн хуулийн Цэцийнхэн дээрээ хөх тэнгэрээс өөр захирагдах эзэнгүй гэдгээрээ бүр даналзах юм аа. Тэгтэл байдал өөрөөр эргэв. Түшээд нам дотроо нүүр хийх газаргүй болов. Татаад хаясан тамхины иш шиг бидэнд хандлаа гээд л баг хороодын засаг дарга нар нь байж суухын аргагүй болгов. Ёстой л гишүүн бүрт л Ардын намын тамгыг хэн сийлсэн би л сийлсэн гэдэг шиг Таныг сонгуульд ялуулахад хэн тусалсан, бид л тусалсан гэх өргөс шиг үгээр хатгаж эхэлсэн нь лавтай. Тэрнээс биш өөрт нь тус болсон хүмүүсийг нэгэн зэрэг мартана гэж хаана байх билээ. Хадны дунд хавчуулагдсан хэд маань иргэн Дарьбазарт захидал бичин өвөртлүүлж, Үндсэн хуулийн Цэцэд аваачих даалгавар өгсөн гэх. Юутай ч ард түмнээ, намаа бодох гэж энэ хэдэн түшээд маань бүр уймар ч дуусчээ, зайлуул. Тиймгүйсэн бол бүхэл бүтэн парламент дотор баталж байгаа хууль нь бусадтайгаа зөрчилдөж байгаа эсэхийг ч нэг нь ч анзаарахгүй байна гэж хаана байсан юм.
Гэхдээ стресст орох, сэтгэцийн бага хэмжээний иймэрхүү уймраа өвчин парламентаас парламентад дамждаг бололтой. Өмнөх парламентад ч гэсэн хоорондоо эс тохирох хуулиудыг багагүй л үйлдвэрлэж л байсан. Тэгээд намар нь баталсан хуулиа хавар нь өөрчилсөн баримт бишгүй. Ганцхан жишээ дурдахад парламентад суудалтай намууд баталсан хуулийнхаа үр дүнг ч үзээгүй байж сонгуулийн хуульдаа хэдэнтээ гар дүрэх шахсан. Бүр сонгуулийнхаа системийг өөрчлөх дээрээ тулсныг санах хүн бишгүй. Ерөнхийлөгч хориг тавьж баталсан хууль нь хэрэгжиж эхлээгүйг нь сануулаагүй бол тэд айсуй сонгуульд бүр манарчихаад ажлаа хийсэн хийгээгүйгээ ялгахгүй байх байлаа хөөрхийс. Урьдчилж бичсэн зохиолгүй үе үе илэрдэг тэдний энэ араншин үнэнхүү дүр төрх нь гэлтэй. Гэтэл бид тэднийг амьдарлаас тасархай хууль баталлаа гэж зэмлэх. Арга байдлыг нь ойлгоё л доо. Өчигдөр баталсан хуульдаа маргааш нь нэмэлт өөрчлөлт оруулаад л өөрсөддөө ажил нэмээд харайлгацгаах энэ нөхдөд амьдрал судлаад явах цаг хаана байна. Хаанаас, хэнээс ийм хууль батлахад яах вэ гэж асуух билээ.
Тэгэхээр цоорхой хууль төрөлгүй яахав. Гэвч тэд ямар үүндээ түүртэх биш. Дахиад л өөрчлөөд батлана, гүйцээ. Ямар ч асуудал үгүй. Амьдрал баян. Тийм болохоор хууль ч байнга шинэчлэгдэх жамтай. Энэ бол түшээдийн баталдаг усан хуулийн хариу. Парламентад үе дамжсан алтан дүрэм ч гэж ойлгож болно. Үнэн шүү, маргаашийг хэн ч таашгүй гэдэг дээ. Асуудлын гол нь тэд стресст ороод, уймраа болсныгоо хэзээ анзаарах бол. Анзаарсан нэг нь сэтгэл зүйч рүү алхах болов уу. Засал аваасай гэж залбиръя.
Ц.Хангай
Дугаар 040/966/