Монгол Улсын ямааны тоо 2008 оны эцэст 20.0-иод сая толгойд хүрсэн нь

Монгол Улсын ямааны тоо 2008 оны эцэст 20.0-иод сая толгойд хүрсэн нь нийт мал сүргийн 46.1 хувийг эзэлж, цаашид улам өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь байгаль орчин, бэлчээр, хөрс, ургамлын экологийн төлөв байдал болон мал аж ахуйн цаашдын тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай бөгөөд малчдын орлогын эх үүсвэр зөвхөн ямааны ноолууран ашиг шимээс хамаарах эрсдэлтэй байдлыг нөхцөлдүүлэх нэг хүчин зүйл боллоо.

Эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид малчны хотноос 500-1500 метр радиус бүхий зэргэлдээ оршдог бэлчээрт сүрэгтээ хонь болон ямаа зонхилсон малчин өрхүүдэд туршилт судалгаа явуулахад ямаа ихтэй малчин өрхийн бэлчээрийн ургамлын бүрхэц хонь давамгайлсан малчин өрхийн бэлчээрийнхээс 22-33.3 хувь багасч, нэгж талбай дахь ургамлын зүйлийн тоо 60 хувь цөөрч, бэлчээрийн га-гийн ургац 20-40 хувь буурч, бэлчээрийн үнэт ургамал хог ургамлаар түрэгдэх хандлага илэрчээ.

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихээс өмнө олон арван жилийн турш малчин түмэн хотондоо хонь, ямаан сүргийг 31 гэсэн харцаагаар үржүүлж ирсэн уламжлалтай билээ. Говь, цөлөрхөг хээр, өндөр уулын бүсэд ямаан сүргийг өсгөн үржүүлэхэд экологийн хувьд тааламжтай, харин тал хээрийн болон ойт хээрийн бүсэд ямааны тоог бог малын дүнд 20 хувиас хэтрүүлэх нь зохимжгүй болохыг эрдэм шинжилгээний байгууллагууд зөвлөж байна.

Бэлтгэсэн нийт түүхий ноолуурын 22 хувьд нь дотооддоо гүн боловсруулалт хийж, 78 хувийг угаасан, самнасан хэлбэрээр экспортод гаргаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн 1/3 нь тус улсын иргэдийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, харин 2/3 нь гадаадын хөрөнгө оруулалалттай аж ахуйн нэгжүүд ажээ. Гадаадын хөрөнгө оруулалт бүхий ноолуур боловсруулах үйлдвэрүүд самнасан ноолуурын хэлбэрээр өөрийн орон руу татваргүй экспортолдог болсон нь Монголын ноолуураас гадныхан илүү ашиг хүртэж буйг илтгэнэ.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Экологи технологи хөгжлийн сургууль хамтран зохион байгуулсан Ямаан сүрэг экологи, эдийн засгийн тулгамдсан асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцогчид энэ асуудлыг тал бүрээс нь нухацтай ярилцаж, Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны төрийн захиргааны байгууллага, судлаачид, боловсруулах үйлдвэрүүд, малчдад хандан дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд

Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт

1. Засгийн газар – малчид – үйлдвэрлэгчдийн оновчтой түншлэл, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бий болгож, эцсийн бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогыг төр засаг, боловсруулах үйлдвэрүүд, малчид хамтран шийдвэрлэх механизм бүрдүүлэх;

2. Малчдад бэлчээрийг даацад нь тохируулан урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах, эзэмшүүлэх, нөхөн сэргээх, ашиглагчийн зүгээс бэлчээрт хөрөнгө оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3.Малын төрөл тус бүрийн экологид үзүүлэх нөлөөлөл, бүс нутгийн онцлогтой уялдуулан малчин өрх, мал бүхий иргэдээс авах бэлчээрийн төлбөрийг ялгавартай тогтоож мөрдүүлэх;

4. Улс, аймгийн Сайн малчин шалгаруулах болзолд малын төрөл хоорондын зохистой бүтцийн харьцааг харгалздаг болох;

5. Нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд нь эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх;

6. Ямааны мах, арьсан бүтээгдэхүүнийг олон улсын стандартын шаардлага хангасан дэвшилтэт технологиор боловсруулан гадаад орнуудад экспортлох нөхцөл бүрдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх;

7. Дотоод зах зээл дэх үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс цаашид ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлэх;

Орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад

1. Аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бэлчээрийн даац, ямаа өсгөн үржүүлэх зохистой бүс нутгийн онцлог, малын төрөл, бүтцийн харьцааг бодитой төлөвлөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

2. Ямааны мах бэлтгэлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах, экспортлох замаар малчдын орлогыг дээшлүүлэх талаар тодорхой дэмжлэг үзүүлэх;

3. Ноолуур болон мал аж ахуйн бусад түүхий эдийг цуглуулах, хүлээн авах, ангилан зэрэглэх, багцалж бөөний худалдаанд бэлтгэх үүрэг бүхий бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо, биржийг малчдын өөрсдийн санаачлагад тулгуурлан хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих,

4. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн үржлийн ажил, үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжийг хөдөө, орон нутагт байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

5. Үржлийн цөм сүрэг бүрдүүлэх талаар урьд нь хуримтлуулсан арга, туршлагаа сэргээж, ашиг шим ихтэй, өвчин, эмгэг, цөлжилт, хуурайшилд тэсвэртэй сүрэг бий болгох, үржил, селекцийн ажлыг сайжруулахад мал аж ахуйн мэргэжилтүүдийн хүч хөдөлмөрийг төвлөрүүлэх;

Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудад

1. Байгаль орчин, бэлчээрийн хөрс, ургамлын төлөв байдалд төрөл бүрийн малын үзүүлэх нөлөөллийн экологи-эдийн засгийн үнэлгээг бүс нутгаар нарийвчлан тогтоож, авах арга хэмжээний үндэслэл боловсруулах;

2. Монгол ямааны махны шинж, чанарын судалгаанд тулгуурлан махыг гүн боловсруулах технологи боловсруулах;

3. Ямаан сүрэгт тохиолдож буй халдварт, халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл сүргийн баталгаа гаргах, эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, экспортын таатай орчин бүрдүүлэхэд судалгаа-үйлдвэрлэлийн ажлыг чиглүүлэх;

4. Ямааны аж ахуйг хүрээлэн байгаа орчинд хал багатай арга технологиор эрхлэх, ямааны үүлдэр угсааг сайжруулах, ноолуурын чанар, стандартын шаардлагыг хангах талаар малчдад зориулсан сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөтгөж, зурагт хуудас, гарын авлагыг малчдад зориулан бэлтгэж, нийтийн хүртэл болгох;

Боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд

1. Экспортод чиглэсэн ноолуурын бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн болон будах, ээрэх үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;

2. Боловсруулах технологийн гол үзүүүлэлт болох уртлаг, нарийнлаг, атираалаг чанараар нь шилмэл үүлдрийн монгол ямааны ноолуурыг тусгайлан ялгаж, өндөр үнэлэмжтэй дээд зэрэглэлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

3. Монгол ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр брэнд бүтээгдэхүүн болгоход чиглэсэн тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

4. Олон улсын Ноолуурын форумыг Монгол Улсад зохион байгуулах ажлыг төр засгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

5. Ноолуурын бэлтгэлийн стандартыг шинэчлэн боловсруулж бөөний худалдааны цэгүүдэд нэвтрүүлэх;

6. Чанар сайтай ноолуур бүхий ямааны үүлдэр угсаа бий болгох талаар эрдэм шинжилгээний байгуулага, малчидтай урт хугацаанд түншийн гэрээтэй хамтран ажиллах;

Малчид, мал бүхий иргэдэд

1. Монголын бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг мөрдөх замаар хонь, ямааны зохистой харьцааг бүрдүүлж, үржил, селекцийн ажилд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, ямааны үүлдэр угсаа, ноолуурын чанарыг сайжруулж, нэгжээс авах мах, сүүний гарцыг нэмэгдүүлж, ямааны тоо толгойг зохистой төвшинд барих;

2. Бэлчээрийг хуваарьтай ашиглан хөрс болон ургамлын бүтэц бүрэлдэхүүнд мал сүргийн үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, үр хүүхэд, хойч үедээ соргог сайхан бэлчээр газар нутгаа үлдээж өвлүүлэх талаар санаачлагатай ажиллах;

3. Бэлчээрийн талхлагдал, хөрсний доройтлоос сэргийлэх, бэлчээрийг сайжруулах талаар хот айл, нэг ус нутгаараа хамтран ажиллах хөдөлгөөн өрнүүлэх;

4. Ноолуурыг цуглуулах, хүлээн авах, чанарын стандартын дагуу ангилан зэрэглэх, багцалж бэлтгэх үүрэг бүхий өөрсдийн хамтын хоршоо байгуулан хөгжүүлэх талаар санаачлага гаргах.

Бага хуралд оролцогчид

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button