Солонгос руу зорчих виз 90 хоног боллоо

Иргэдийн зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай Монголын ГХЯ, Солонгосын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд Ноот бичиг хүчин төгөлдөр болоход шаардлагатай дотоодын журмаа биелүүлсэн тухай Ноот бичиг солилцлоо. ГХЯ-нд өчигдөр болсон уг арга хэмжээнд Гадаад харилцааны сайд С.Батболд БНСУ-аас Монголд суугаа Элчин сайд Жон Ил нар оролцов. Ноотбичиг солилцсоны дараа Гадаад харилцааны сайд С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Илийн анхны арга хэмжээ энэхүү Ноот бичиг солилцох ёслол болж байгаа нь бэлгэдэлтэй үйл хэрэг. Уг шийдвэр маш чухал ач холбогдолтой. Хоёр орны иргэдийн харилцан зорчих нь цаашид улам нэмэгддэх биз. Энэ нь, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болох үндэс суурийг тавьж өгсөн алхам болж байна гэж хэлсэн юм. Харин ганцхан хоногийн өмнө ажлаа хүлээж авсан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ил Ноот бичгээ солилцсоноор хоёр орны харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэх болно. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болох юм. Цаашдаа зорчих иргэдийн тоо өсөн нэмэгдэж, түүний хэрээр Монгол Солонгосын харилцаа өргөжин, өндөр төвшинд хүрнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Шинэхэн Элчин сайдаас хэвлэлийнхэн дараахь асуултад товч хариулт авсан юм.

Жон Ил Хууль бусаар ажиллах хүмүүсийн тоо цөөрөх байх

-Ноот бичиг солилцсоны ач холбогдол?

-Жилдээ Монголын 40 мянга орчим иргэн Солонгос руу зорчдог. Солонгосоос ч гэсэн мөн тооны иргэд зорчдог. Ноот бичиг солилцсоноор ийнхүү зорчдог иргэдийн нөгөө улсдаа байх хугацаа нэмэгдэж байгаа юм. Ингэснээр хоёр орны хооронд хийх онгоцны нислэгийн тоо ч мөн адил нэмэгдэж эдийн засгийн ач холбогдолтой. Хоёр улсын хооронд зорчдог иргэдэд үзүүлж буй визийн үйлчилгээг хөнгөвчилж байгаа хэрэг. Цаашид харилцан визгүй зорчих талаар судалж байгаа.

-Солонгос улсад ажиллаж буй монголчуудын талаар таны баримтлах бодлого гэвэл?

-ЭСЯ-наас монголчуудад олгож буй визийн хугацаа 30 хоног байсан бол 90 болгож байгаа юм. Иргэд ажлаа 90 хоногийн визийн хугацаанд багтааж амжуулах боломж бүрдэж байгаа. Ингэснээр хууль бусаар ажиллах хүмүүсийн тоо цөөрөх байх гэж найдаж байна.

-Виз мэдүүлсэн хүн бүрт виз олгох уу?

-Олгоно.

-Эндээс 90 хоногийн виз аваад очиход Солонгосын хил дээр хугацааг нь өөрчлөхгүй биз дээ?

-Хоёр улсын хоорондын гэрээ учраас хил дээр хугацааг өөрчлөхгүй.

90 хоногийн визийн хугацааг дахин 30 өдрөөр сунгаж болно

Үүний дараа Гадаад харилцааны сайд С.Бат болд, ГХЯ-ны, Консулын газрын дарга Д.Ганхуяг нар уг Ноот бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

С.Батболд Хоёр талын харилцаанд нааштай алхам боллоо. Монгол Солонгосын харилцаа илтгэлцлийн өн¬дөр төвшинд хүрч буйн жишээ. Сүүлийн үед хоёр орны иргэдийн харилцан зорчих нь ихэссэн. Монголын 36 мянган иргэн өнгөрсөн жил Солонгос руу зорчсон байна. Харин Солонгосын талаас 44 мянган иргэн өнгөрсөн онд манай улсад зорчижээ. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. УИХ энэ сарын 3-нд анхны хэлэлцүүлгээр уг хэлэлцээрийг соёрхон баталсан. Ноот бичиг солилцсон өнөөдрөөс /өчигдөр/ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр манай улсад эерэг нөлөө үзүүлж, аялал жуулчлал хөгжнө. Дипломат болон албан паспорттой иргэд 30 хоног зорчих эрх хэвээр бай¬гаа. 5-6 жилийн дараа энгийн паспорттой иргэд визгүй зорчдог болох боломжтой.

-Зорчиж буй иргэдийн хэд нь визийн хугацааг сунгуулдаг вэ. Виз сунгуулах төлбөр хэд байдаг юм бол?

С.Батболд -Өнгөрсөн жилийн хувьд 36 мянган монгол иргэн Солонгос руу зорчсоноос 25 мянга нь хугацаагаа сунгуулсан. Нэг удаа виз сунгахад 30 мянган вон буюу 30 ам.доллар төлдөг. Одоо 90 хоног болчихсон учраас цааш нь сунгуулах шаардлага гарахгүй байх гэж үзэж байгаа.

Д.Ганхуяг -Зөвхөн манай улсын иргэдээс гадна өөр орны хүмүүс визээ сунгуулдаг. Тиймээс тэндээ маш их дараалал үүсдэг. Визээ сунгуулахад 1-2 өдөр болдог.

-Солонгост очоод 90 хоногийн хугацаа дуусчихвал яах вэ? Д.Ганхуяг

-Дахин 30 хоногоор сунгах боломжтой.

-Визний хураамжийн төлбөр нэмэгдэж байгаа юу?

-Нэмэгдээгүй.

-БНСУ-аас гадна өөр оронтой ийм асуудлаар ярилцаж байгаа юу?

-Гадаадын орнуудтай яриа хэлэлцээ хийж, дараа нь УИХ-аар гэрээг соёрхон батлуулдаг. Энэ зөвхөн манай улсаас хамаарахгүй асуудал. Нөгөө орноос хамааралтай учираас бодитой судалгаа хийх хэрэгтэй. АНУ-тай энэ талаар хөндсөн байгаа.

Л.Номин

Дугаар 052/631/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button