Н.Энхцогт хаацайлж, А.Энхжав бухав
Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв /ИБМУТ/-д ажиллаж байхдаа иргэний үнэмлэх, гадаад паспорт хуурамчаар үйлдсэн хэргийн холбогдогч 10 иргэнийг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэллээ. Шүүх хуралдааныг Ч.Хосбаяр шүүгч даргалж, улсын яллагчаар нийслэлийн прокурор Ё.Сагсай оролцож байна. Харин ИБМУТ-ийн дарга асан А.Энхжав, Гадаад паспортын хэлтсийн дарга Н.Энхцогт, гадаад паспортын байцаагч З.Мөнгөнчимэг, З.Батдорж, С.Сосорбарам, Г.Цэрэнханд, Б.Цэрэнбадам, хяналтын байцаагч М.Энхтуяа, Б.Эрдэнэбаяр нарыг Эрүүгийн хуулийн 233.2, иргэн Ц.Баттогоог Эрүүгийн хуулийн 89.2-т заасан үндэслэлээр шүүж байна. Эрүүгийн хуулийн 233.2 дугаарт Шунахайн болон хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэгэж заажээ.
Харин хуулийн 89.2-т Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна. Шүүгдэгч А.Энхжав ИБМУТ-ийн даргаар ажиллаж байхдаа овог, нэр, регистрийн дугаарыг өөрчилсөн гадаад паспорт хэвлэж өгөхийг хүссэн 12 өргөдөлд зөвшөөрсөн цохолт хийж Гадаад паспортын хэлтсийн дарга Н.Энхцогт болон байцаагч нарт өгч, хуурамч бичиг баримтыг бусадтай бүлэглэн байнга үйлдсэн. Н.Энхцогт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа А.Энхжавын болон өөрийн цохолтоор 33 өргөдөлд зөвшөөрсөн хариуг байцаагч нарт өгч, хуурамч бичиг баримтыг бусадтай хамтран байнга үйлдсэн.
З.Мөнгөнчимэг, З.Батдорж, С.Сосорбарам нар А.Энхжав, Н.Энхцогт нарын цохолтой өргөдлөөр болон өөрийн дураар хуурамч бичиг баримтыг бусадтай бүлэглэн удаа дараа хуурамчаар үйлдсэн. Г.Цэрэнханд, Б.Цэрэнбадам нар А.Энхжав, Н.Энхцогт нарын цохолттой өргөдлөөр бичиг баримт хуурамчаар, бусадтай бүлэглэн удаа дараа үйлдсэн. М.Энхтуяа, Б.Эрдэнэбаяр нар хяналтын байцаагчаар ажиллаж байхдаа байцаагч нарын хүлээн авсан материалыг хянаж зөвшөөрсөн байна. Харин иргэн Ц.Баттогоо Е серийн хуурамч паспорт ашиглан улсын хилийг удаа дараа хууль бусаар нэвтэрсэн хэргийг үйлджээ.
Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ А.Энхжав Надад гадаад паспортын зөрчил арилгуулах хүсэлт олон ирдэг байсан. Би зөрчлийг арилгуулах цохолт хийгээд байцаагч нарт өгдөг байсан ч эргээд хяналт тавьдаггүй байсан хэмээн байцаагч нараа бухжээ. Харин Н.Энхцогт тэмцээн, уралдаанд оролцох гэхээр нас зөрөөд байна, туслаач гэсэн хүсэлт их ирдэг байсан. Үүнийх нь дагуу би цохолт хийж байцаагч нарт өгдөг байсан. Хааяа А.Энхжав даргаас цохолт ирдэг байсан. Байцаагч нар үүнд ямар ч буруугүй гэсэн байв. Дарга нарынхаа цохолтоор нэлээн хэдэн хуурамч паспорт үйлдсэн байцаагч нар нь Энхжав дарга бидэнтэй харьцдаггүй. Түүний цохолтыг Энхцогт дарга бидэнд авчирдаг гэж ярьжээ. Мөн Би даргад цохолт чинь ихдэж байна шүү гэж сануулж байсан, Дарга бидэнд Би цохсон, чи гарга гэдэг байсан. Даргын тушаалыг биелүүлснээ төлөө хэрэгтэн болмооргүй байна, хүний өмнөөс хэрэг үүрмээргүй байна гэцгээсэн байв.
Мөрдөн байцаалтын явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзэхэд иргэд 300-1100 ам. доллар төлж ИБМУТ-өөс овог, нэр, регистр сольсон хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспортыг 7-14 хоногийн дотор гаргуулж байжээ. Сонин дээр Нэр сольж, гадаад паспорт гаргаж өгнө гэсэн зарын дагуу Зоригоо, Алтаа гэдэг хүмүүстэй утсаар холбоо барьж, улмаар тэднээр зуучлуулдаг байснаа ярьсан байв. Хуурамч гадаад паспорт ашиглан Солонгос руу гарч таван жил хараар ажилласан хүн ч гэрчүүдийн дунд байгаа аж. Мөн Америк руу гэр бүлээрээ гарчихсан, гадаадад болсон тэмцээн, уралдаанд оролцсон залуучууд олон байлаа.
Хуурамч паспорт үйлдэх нь Иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд их хэмжээний хохирол учруулж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах нь ойлгомжтой. Мөн хүн амын статистик тоо баримт, ялангуяа сонгууль, халамжийн үйлчилгээ будлиантахад нөлөөлж, интерполоор эрэн сурвалжилж байгаа, онц аюултай гэмт хэрэгтэнд зугтах, ул мөрөө баллах боломжийг олгодог олон аюултай үр дагаврыг авчирдаг билээ. Гэтэл Н.Энхцогт Би цохолт хийж өгсөн болохоос биш, бичиг баримт хуурамчаар үйлд¬сэн хэрэгт биечилж оролцоогүй учир надад төлөвлөсөн ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мөрдөн байцаалтын үеэр мэдүүлжээ. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байлаа.
Х.Хулан
Дугаар 61/3133/