Ерөнхий сайд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хүслээ
Европ тивийн баруун хэсэгт оршдог 65 сая хүн амтай энэ улстай манай орон 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Ерөнхийлөгч Н. Энхбаяр, Ерөнхий сайд асан Ж.Бямбасүрэн нар албан айлчлал хийж байсан юм.
С.Баярын энэ удаагийн албан айлчлал БНФУ-ын Засгийн газрын тэргүүн Франсуа Фиёнтой түүний өргөөнд уулзсанаар эхэллээ. Франц, Монгол хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлт өнгөрсөн онд 60 сая ам.долларт хүрсэн нь чамлахааргүй амжилт гэдгийг хоёр тал онцолж байна.
Францын Ерөнхий сайд Ф.Фиён Монгол бол Төв Азийн бүс нутагтаа үлгэр жишээ орон. Хөрш орнуудынхаа хувьд ч ялгаагүй. Бид танай оронтой бүх талын харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байдаг. Дэлхийн олон оронд эдийн засгийн хямрал нүүрлээд буй хүнд үеийг хоёр орон хамтдаа даван гарч чадна гэв. Харин манай Засгийн газрын тэргүүн Франц улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа улам идэвхитэй хөгжүүлэх саналтай байна. Тухайлбал Франц улс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд онцгой анхаараасай гэж хүсч байна гэв. Мөн боловсролын салбарт хамтран ажиллах, тэр дотроо бакалавр, магистрын урт хугацааны сургалтуудад Франц улсын Засгийн газрын тэтгэлгийг нэмэгдүүлэхийг хүсэхэд Ерөнхий сайд Ф.Фиён нааштай хүлээж авав.
Манай улс БНФУ-тай хамтарч хоёр ч томоохон төсөл хэрэгжүүлэхээр хоёр жилийн өмнө гарын үсэг зуржээ. Эрдэнэт хотын бохир ус цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дээрх хоёр төслийн нийт өртөг 11 орчим сая ам.доллар юм байна. Төслүүд амжилттай хэрэгжиж буйг Ерөнхий сайд Ф.Фиён онцлон дурдлаа. Францын Засгийн газрын тэргүүн өөрийгөө Хүннү угсааны Монгол гаралтай хүн гэдгээ уулзалтын үеэр хуучлав.
Европ тивийн худалдаа эдийн засгийн нэг том төв болсон энэ орны цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг атомын цахилгаан станц хангадаг ажээ. Цөмийн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Арева компани манай улсад уран олборлох, боловсруулах салбарт арав гаруй жил амжилттай ажиллаж байгаа билээ. Тиймээс Ерөнхий сайд С.Баяр айлчлалынхаа хөтөлбөрт Арева компанийн удирдлагатай уулзах, Дамьпер атомын цахилгаан станцтай танилцахаар тусгасан байна. Ерөнхий сайдын БНФУ-д хийх албан айлчлал гурав хоног үргэлжилнэ.
Парис хот