Төв халх үзэл буюу Монголоо мөхөөх төөрөгдөл
бичсэн нэгэн өгүүллэгээ өөрийн блогтоо байршуултал нэрээ нууцалсан уншигчаас Төв халхынхан мундаг, та нар юу ч биш… гэх утгатай сэтгэгдэл ирсэн байж билээ. Түүхээ мэдэхгүй хүн юутай охор бодолтой байдагт харамсахын зэрэгцээ энэ мэтийн андуу эндүүг хэлж залж явахгүй бол үр дагавар нь нэн ихийг бодон байж энэхүү өгүүллээ тэрлэж байна.
Халх гэдэг нэр арвангуравдугаар зууны үеэс эхлэн түүхэн эх сурвалжуудад үзэгдэх болсон гэж судлаачид үздэг ч нэршлийн хувьд нэн эртнээс байсаар ирсэн гэмээр байна.. Гагцхүү арвангуравдугаар зуунаас өмнөх түүхэн эх сурвалжууд устгагдаж үрэгдэж, хожмын судлаачдад олдохгүй болсон учраас түших баримт олддоггүй бололтой. Гэхдээ нэн эртнээс улбаатай, монгол түмний түүх соёлын үнэт мэдээллийг өөртөө агуулдаг ардын аман зохиол, үлгэр домогт халх хэмээх үг түгээмэл тохиолддог нь энэ үгийг эртнээс янз бүрийн утгаар хэрэглэж ирсний нотолгоо. Тухайлбал, Баруун Монголын алдарт Жангар-т улаан халх, халх мөнгөн хазаар зэрэг үгс бий. Өвөр Монголын эзэн хорооны галын тахилгын дараа өчдөг Чингис хааны их өчиг-т
Хангай ханаар нутаглан явж
Хадар дайсанд халаа бологсон
Халуун аминд түшээ бологсон
Ирэхүйн үзүүр, харахуйн
харуул бологсон
Халх түмэн чинь тэр бүхий
бээр ажаамуу гэж өгүүлдэг.
Монголын нууц товчоо-нд Чингэс хаан Далан Нөмөргөсөөс халх руу өнгөрөн гэх зэргээр өгүүлсэн нь буй. Гэхдээ энэ нь хаалт халхавч, харуул хамгаалалт гэдэг утгаараа түлхүү хэрэглэгдэж байснаас биш, тухайлсан нэг отог омгийн нэр байгаагүй гэмээр. Энэ утгаараа түүхийн янз бүрийн цаг үед монгол овог аймгуудын алинд нь ч халх болон сууж ирэхүйн үзүүр, харахуйн харуул болох үүрэг тохиож байсан байж болно. Харин өнөөдрийн Халх Монголын тухайд гэвэл Батмөнх даян хааны үеэс түүх нь харьцангуй тодорхой байдаг. Зүүн Монголын зургаан түмний нэг Халх түмэн арын долоо, өврийн таван отог гэсэн арван хоёр отогт хуваагддаг байжээ. Хэдийгээр арван хоёр отог гэж байгаа ч угсаатны бүлгийн хувьд авч үзвэл урианхан, жалайр, бэсүүд, элжигин, хатагин, хонхэрээд, баарин, олхонуд, горлос, сартуул, хэрэгүд зэрэг асар олон угсаатны нэгдлээс халх бүрдэж байв. Батмөнх даян хаан тавдугаар хүү Алчиболдод таван отог өгсөн нь Халхын өвөр таван отог гэгдэж байсан бөгөөд одоогийн Өвөр Монголын нутагт тэдний үр сад зонхилон амьдарч байна. Үлдсэн долоон отог нь Гэрсэнз хааны мэдэлд байж байгаад түүнийг нас барсны дараа 1549 онд долоон хүүд нь долоо хуваагдан очсоноор Халхын арын долоон отог нэртэй болжээ. Энэ нь цагийн аясаар ар халх гэж товчлогдож, улмаар энэ цаг үед төв халх гэгдэх болов. Ийм тодорхой түүх байсаар атал адилхан халхын үр хойчис удмаа мэдэхгүй, ургаа танихгүйн гайгаар бие биенээ хүний, миний хэмээн толхилцох нь гунигтай. Халх түмний бүрэлдэхүүнд ордог жалайрууд гэхэд хүчирхэг, томоохон аймаг байгаад 11 дүгээр зууны дундуур язгуур монголчуудын захиргаанд орсон байдаг. Бэсүүд нар Нируны салаа салбар, язгуурын монгол аймаг. Хирэгүд нь Их Монголын үеэс монголжсон хиргисүүд. Хатагин, боржигонууд гэхэд л Бөртэ Чонын шууд удам байх жишээтэй. Тэр бүү хэл Чингэс хаанд олзлогдон ирээд монголжсон харь угсааны тангудууд хүртэл Халхын ар долоон отгийн бүрэлдэхүүнд багтан Гэрсэнз хааны зургадугаар хүү Далдангийн мэдэлд захирагдаж явсан бөгөөд өнөөдөр Монголын ихэнх нутагт тархан амьдарч байна.
Урианхай буюу урианханы түүхийг мөшгөвөл бүр наймдугаар зууны үеэс түүхийн сурвалжид нэр нь гарсаар ирсэн монгол язгууртууд. Уугуул нутаг нь Монголын зүүн хэсэг бөгөөд Бурхан халдунаас Хянганы зүүн бие хүртэл газарт амьдарч, Удачийн мэдлийн урианхай нар Ихсийн хоригийг хамгаалан сууж цэргийн албанаас чөлөөлөгддөг байв. Чингэс хаан Их Монгол улсаа байгуулахад Урианханы Сүвээдэй баатар, Зэлмэ жанжин нарын байгуулсан гавьяа түүхнээ тодорхой бий.
Хэнтийн нуруунаа голлон нутаглаж асан урианханууд 16 дугаар зууны эхээр Хан Хөхийд нүүдэллэн ирж, тэндээсээ тав хуваагдан зүг зүгт тарсны нэгээхэн хэсэг нь Алтайд харуулаар суужээ. Хан Тайшир уулнаа анх ирж харуулаар сууснаар Харуул Алтай хэмээх нэр үүссэн гэдэг. Үүнийг бичигч тэрхүү Алтайд ирсэн отгийн үр сад бөгөөд Аданхан урианхан овгийн нэгэн юм. Миний өвөг дээдэс гэхэд саяхныг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт, Монголын хил дээр орших Гашуун Тамга хавийг хамгаалж ирэхүйн үзүүр, харахуйн харуул болж байлаа. Тухайн үедээ төрийн зарлигаар Монголын баруун биед харуулд суухаар ирсэн язгуур Монголын урианхан үрсийг түүх үл мэдэгчид түрэг урианхайтай хольж хутгаж ойлгох явдал байдаг нь харамсалтай. Өвөг дээдсийн минь хагас мянганы тэртээ тахиж асан хайрхан уул гэхэд л Хэнтийн Дадал сумын нутагт, Дэлүүн Болдогоос холгүйхэн уугуул нэр нь багахан өөрчлөгдчихсөн байж л байна.
Ийнхүү өнө эртнээс хан төрийн халхавч нь болж явсан халх түмэн бага хаадын хагарлын үед баахан хуваагдаж, эцэст нь харийн гүрний холын бодлогын золиосоор үүх түүхээ мартаж, аймаг-сум-баг гэдэг засаг захиргааны жиргэлт-ээр жалга довоороо талцсан өчүүхэн бүлгүүд болж хуваагдчихаад хэдэн биенээ хэмлэж суунам.
Чингэхээр төв халх үзэл гээч нь түүхээ мэдэхгүйн харгайгаар бий болсон төөрөгдөл бөгөөд халх, буриад, хасаг, дөрвөдөөрөө талцах нь Монголын мөхлийг ойртуулах хамгийн дөт зам гэдгийг хэн хүнгүй бодох цаг нэгэнт иржээ. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг зүгээр нэг чамирхсан үг биш. Эвтэй байхдаа Их гүрэн болж, эвтэй байхдаа хан төрийн халх болж, эвтэй байхдаа Мөнх тэнгэрийн ивээлийг хүртсэн хөх Монголын үр хойчис билээ, бид.
Б.Галаарид
Гэрэлт Цалиг сонин