АИ92 бензин 92-оос дээш октантай байна

Шатахуун түгээх станцаас машинд түгээж буй АИ92 бензинд октан хэмжихэд шинжилгээний аргаар 93.9, моторынхоор 85.0 хувь гарлаа. Хэрэглэгч та чанартай бензин шатахууныхаа саванд шахуулсан байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын Экспорт, импортын барааны магадлан шалгах газрын ахлах эксперт Д.Батжаргал Сод Монгол Групп шатахуун түгээх станцад хийсэн шалгалтынхаа дүнг ийнхүү танилцуулав.

ОХУ-аас импортолсон бензинээс дээж авч шинжилгээ хийхийн өмнө гаалийн байцаагч, тус группын мэргэжилтэн, эскпертүүд байлцаж, 8888 дугаартай вагоны лацыг онгойлгон дээж авч шинжилсэн юм. Нефть баазад хадгалж байгаа бензинийг зөөвөрлөж, шатахуун түгээх станцад авчирсан хойно чанарт өөрчлөлт орж байгааг ийнхүү шалгалаа.

Манай орон нефть бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг импортоор хангадаг болохоор хэрэглэгчдэд хүрч байгаа шатахуун чанарын шаардлага хангадаг эсэхэд олон хүн эргэлздэг. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ирсэн гомдол, саналын дийлэнхийг шатахуун түгээх станцаас авч байгаа бензин чанартай эсэхийг шалгаж өгөөч гэсэн хаягтай байдаг аж. Тэгвэл саяхан танхим зөөврийн Октан метртэй болсноор энэ эргэлзээг бага ч болов тайлж чадахаар болжээ. Импортоор ирсэн шатахуун чанартай эсэхийг шинжлэхийн тулд лабораторид дээж аваачиж, хэдэн өдөр шалгадаг байсныг энэ багаж хэдхэн минутын дотор гаргах ид шидтэй юм.

Нефть бүтээгдэхүүний чанарыг найман үзүүлэлтээр хэмждэг. Бензин дэх октан, дизель түлшний цитаны тоо тухайн бүтээгдэхүүн чанартай эсэхийг хэмжихэд голлох үзүүлэлт болдог. Түүнчлэн давирхай, ус, хүчил, шүлтийн агууламж чухал. Чанаргүй бензин хэрэглэснээр машины мотор муудах, бензин их идэх гээд сөрөг үр дагавартай. Өнөөдөрийн шалгалтаар Сод Монгол Группын ОХУ-аас импортолсон бензин бааздаа ч, түгээгүүрт ч чанартай байна. Цаашдаа Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж байгаа шатахуун түгээх станцуудад хөндлөнгийн эксперт хийх болно. Ингэснээр хэрэглэгчид чанартай бензин ашиглаж байгаа эсэх эргэлзээг тайлах байх аа хэмээн Д.Батжаргал хэлсэн.

Шинжилгээ авахдаа MNS2049-2000 стандартыг мөрддөг юм байна. Шалгалтаар хувийн жин 0.7800 г/см3 байхаас 0.7839 байлаа. Харин усны хэмжээг MNS-332-96 стандартаар хэмждэг бөгөөд шинжилгээний хариу ус байхгүй гэж гарчээ. Түүнчлэн хар тугалганы хэмжээ 0.3 г/дм3-ээс хэтрэхгүй байх ёстой аж. Шинжилгээ авсан АИ92 бензинд 0.1 грамм агуулагдаж байжээ. Түүнчлэн бензинтэй вагоны лацыг авахдаа гаалийн байцаагч ОХУ-аас бүрдүүлэлт хийсэн бичиг баримт, лац авсны дараа тохирч байгаа эсэхэд хяналт тавьдаг юм байна.

Б.Ариун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button