Тарвага нутагшуулах болжээ

Энэ нь ан амьтдын тоо толгой цөөрч сүйрэхэд том тус болж байгаа нь лавтай. Хэн дуртай нь хөндлөн хөх төмөр үүрээд хурдан машин хөлөглөөд хөдөөг зорьдог болж. Тэгээд таарсан ангаа техникийн хүчээр хөөж буудаад эрийн хийморио сэргээлээ хэмээн цээжээ дэлдэж, олзоо машиныхаа хамар дээр хүлээд давхидаг болсон билээ. Зарим нэг нь холоос буудаж шархдуулаад алдчихдаг удаатай. Үүнээс болж чоно, үнэг сүүлийн жилүүдэд галзуу өвчин тусах болсон хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хилээр буу зэвсэг түүний дагалдах хэрэглэл 211 ширхэг орж иржээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад огцом өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед 23 ширхэг л орж ирсэн байх юм.

Тусгай төлбөртэй агнуурын амьтнаас улс, орон нутгийн төсөвт өнгөрсөн жил 799.6 сая төгрөгийн төлбөр, хураамжийн орлого төвлөрүүлжээ. Харин хулгайн анчид 60 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Хулгар шарын арьс үнэд орсон нь түүнийг мөхөл рүү нь хөтөлсөн. Тиймээс сүүлийн гурван жил хулгар шарыг агнахыг хориглоод байгаа билээ. Төв аймгийн Мөнгөнморьт, Баянхонгорын Баянцагаан, Богд сумын нутагт бүр байхгүй болжээ. Тиймээс өнгөрсөн жил тэнд тарвага нутагшуулах болж. Гэтэл жилийн жилд тарваганы боодог ганзагласан нөхдүүд хаа сайгүй хөндлөн гулдгүй давхилдсаар л байгаа шүү дээ. Үүнээс гадна мазаалай, аргаль, цагаан зээр, буга ховордож аврал эрж эхэллээ. Агнуурын амьтдын тархац, туурайтан амьтны тооллогыг Хан Хэнтийн дархан цаазат газар, Увс аймгийн Цагаанхайрхан, Хяргас, Өндөрхангай, Зүүнхангай Наранбулаг суманд буга, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль, янгир, тарвага, шилүүс зэрэг амьтдын тоо толгой, байршил зэргийг судалжээ. Гэтэл элбэгт тооцогдох ан амьтад байсангүй. Тэр ч бүү хэл дахин нутагшуулах арга хэмжээ авахад тулжээ гэсэн дүн гарч. Ингэж тоо толгой цөөрсөн нь хулгайн анчдын балаг юм. Байгаль хамгаалагчид, энэ чиглэлийн мэргэжилтнүүд хулгайн анчдад авах арга хэмжээг чангатгах, агнасан амьтных нь нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээж байгаа.

Тиймээс энэ онд Ан агнуурын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн дагуу холбогдох журам, шийдвэрийг боловсруулж батлуулах, Зарим ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэх, хохирол тооцох аргыг өөрчлөх тухай ярих болов. Гэвч энэ нь биеллээ олтол өдий. Эрх баригчид ямар сайхан ярьж сураагүй биш. Харин устаж үгүй болсон хойно нь нутагшуулах мэргэн арга сүвэгчлэхээ сайн мэднэ. Яагаад гэвэл сүүлийн тав зургаан жил л хүдэр устаж үгүй боллоо. Хамгаалах хэрэгтэй байна, тоо толгой нь цөөрчихөж хэмээн эрүүгээ чилтэл л ярьсан. Гэтэл өнөөдөр нөгөө хүдэр гарын арван хуруунд бараг багтах болсон тул устчихсан гэж хэлж болно. Тиймээс түүнийг хамгаалах, өсгөн үржүүлэх хөтөлбөр гээчийг боловсруулж төсөл хэрэгжүүлнэ хэмээн ярьсаар л байна. Жил болгон л төлбөртэй агнуулах ангийн тоог гаргадаг. Үүнийг Байгаль орчны сайдын Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих ан амьтны тоо хэмжээний дээд хязгаар хэмээх 2005 оны 01 дүгээр тушаалыг үндэслэн тогтоодог.

Уг тогтоолд улсын хэмжээнд жилд цагаан зээр 4850, загас 40550 ширхэг, гахай 365, бор гөрөөс 460, шувуу 2470, үнэг хярс 250 толгойг агнах ёстой гэжээ. Мэргэжилтнүүд энэ тоо толгойг дахин шинэчлэн тогтоож тоог нь бууруулах заримыг нь агнахгүй байх хэрэгтэй гэж байгаа юм. Мөхлийн ирмэгт тулаад байгаа зарим ан амьтдын тоо хэмжээг дор өгүүлье.

Мазаалай

Монгол оронд ганцхан газар мазаалай бий. Энэ нь Их говийн дархан цаазат газар юм. Алтайн өвөр говьд ердөө л 20 гаруй мазаалай байгаа нь тогтоогдсон байдаг. Ийнхүү цөөрсөн нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, идэш тэжээлийн хомсдол, цөлжилтөөс шалтгаалдаг аж. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд хармагийн бутыг хайр найргүй устгаж байгаатай холбоотой ажээ.

Идлэг шонхор

Дэлхийд нийт 28 зүйлийн шонхор шувуу байдаг. Үүнээс манай оронд 10 зүйл шонхор бий. Сүүлийн таван жилд 1620 идлэг шонхор экспортолж,7.3 сая ам.доллар олжээ.

Хавтгай

Алтайн өвөр говьд ердөө 463 хавтгай байгаа гэнэ.

Монгол бөхөн

Хамгийн их хоргодож байгаа амьтан бол бөхөн. Судлаачдын тооцоолж байснаар монгол бөхөн 10 гаруй мянган тоо толгой хүрч байсан гэдэг. Гэтэл сүүлийн таван жилд 1500 толгой болсон хэмээн тооцож байна.

Ингээд тоочоод байвал ховордож устаж байгаа ан амьтдын жагсаалт хөвөрсөөр л байх нь. Байгаль хамгаалаагчид, хариуцсан яам тамгын газар, орон нутгийхан нэг л улаан ном, ан амьтдыг хамгаалах олон улсын конвенци яриад байхаа больж нүдэнд харагдаж илт мэдрэгдэх ажил хиймээр юм даа.

Т.Жанцан

Дугаар 054/633/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button