М.Зулкафиль Наурыз бол дайснаа уучилж, мууг сайнаар харах
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D) М.Зулкафильтай ярилцлаа.
-Казах оюутнууд монгол хэл огт мэдэхгүй Улаанбаатарт ирдэг. Харин та монгол хэлийг яаж сурсан бэ. Энэ тухайгаа ярьж өгөхгүй юу?
-Тав, зургадугаар ангиа Ховдын дунд сургуульд дүүргэсэн юм. Энд зарим хичээлээ монгол хэлээр заадаг байсан. Ингэж жаахан гадарладаг болсон. Баян-Өлгийд аравдугаар ангиа төгсөөд сэтгүүлзүйн мэргэжлийг Орост эзэмшсэн. Тэнд хоёрхон монгол хүн байсан. Эргэж ирээд монгол оюутнуудад багшлахад надад жаахан хэцүү байсан л даа. Гэхдээ 1987 оныг дуустал гол хичээлээ орос хэлээр заадаг байсан болохоор тэр хооронд надад монгол хэл сурах хугацаа олдсон. Ярианы хэл сурах амархан л даа. Сэтгүүлч хүн бичгийн хэл гаргууд эзэмших ёстой учраас би сонгодог зохиолуудыг маш их уншсан.
-Монгол хэлээ төгс эзэмшихийн тулд ямар номууд унших хэрэгтэй вэ. Монгол хэлний уран яруу сайхныг гайхуулсан ямар зохиолчдыг нэрлэх вэ?
-Хамгийн эхлээд би Эрдэнээ гуайн зохиолуудыг уншсан. Нууц товчоо-г олон удаа уншлаа. Дайн ба энх, Достоевскийн номуудыг үг үсэггүй уншдаг байлаа. Ингэж л монгол хэлийг богино хугацаанд сурч, найруулга маань сайжирсан.
-Сонирхоод асууж болох уу. Зулкафиль гэдэг нэрийг монгол руу орчуулбал юу гэсэн үг вэ?
-Итгэлт гэсэн үг л дээ. Монголчууд хүүхдэдээ Түвд нэр их өгдөг шүү дээ. Дорж, Дулмаа гээд л. Яг түүн шиг казахууд хүүхэддээ Араб нэр их өгдөг байсан. Зулкафиль гэдэг бол казах биш, араб нэр.
-Хэл, соёл гэж ярьдаг болохоор хэлний тухай яриагаа эхлүүлсэн юм. Одоо соёл руугаа оръё. Наурызын баярт оролцох гээд завгүй сууна уу. Үндэснийхээ хувцсыг ажил дээрээ өлгөчихсөн байх чинь?
-Харин тийм ээ. Би чинь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч ажилтай. Тэгэхээр Наурыз дөхөхөөр их завгүй болчихдог. Үндэснийхээ уламжлалыг хойч үедээ уламжуулж, бусдад сурталчлахад гол үүрэг гүйцэтгэдэг хүн дээ. Наурызын бөх барилдлаа. Казахстанаас хамтлаг, дуучид ирчихсэн тоглолт хийх гэж байна. Төр засгаас Наурызад их анхаарал хандуулж байх шиг байна. Энэ мэт олон ажил бий.
-Та хамгийн түрүүнд хэндээ очиж золгох вэ. Өргөн тэмдэглэдэг үү?
-Эхлээд 60 гарч яваа ахындаа очиж золгодог. Ер нь, Наурызаар болж өгвөл 40 айлд орох хэрэгтэй байдаг юм. Гэхдээ Улаанбаатарт тэгж олон айлд очих боломжгүй л дээ. Хотод байдаг ах, дүү, найз нөхдийнхөөрөө зочлоод л өнгөрдөг.
-Цагаан сараа монголчууд шинийн гурван дуустал тэмдэглэдэг. Харин Наурызын баяр хэд хоног үргэлжилдэг юм бэ. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргадаг монголчуудынх шиг ёс заншил бий юу?
-Хотод, Баян-Өлгийд бол гурав хоног тэмдэглэдэг. Мусульман шашинтай зарим оронд долоо хоног тэмдэглэх нь ч бий. 22-ны өглөө ургах нарыг харж, залбирдаг уламжлалтай. Ингэхдээ эрчүүд нь багаж хэрэгслээ, эмэгтэйчүүд нь идээ цагаагаа барьж гардаг.
-Бэлэг сэлт авах, ахмадад мөнгө барьж золгох гээд тиймэрхүү ёс бий юу?
-Бэлэг сэлт өгдөггүй. Хүүхэд, багачуулд идээ будаанаасаа дээж өгдөг. Бас мөнгө барьж золгох ёс байхгүй ээ.
-Монголчууд Цагаан сараараа архи ууж, хөлчүүрхдэг муу талтай болчихоод байгаа. Харин казахууд?
-Казахууд ахмад хүний хажууд архи уухыг хатуу хориглодог. Тэр байтугай насныхаа дарааллаар сууна, хамгийн ахмад нь үг хэлж, ерөөл өргөдөг. Түүнээс өмнө хэн ч дуугарах ёсгүй. Яахав, гадаад дотоодоор их явж, галуу шувууны мах идсэн хүмүүс нь бол архи уудаг л юм. Гэхдээ ахмадуудынхаа хажууд хэзээ ч ууж зүрхлэхгүй.
-Наурызын гол зоог юу вэ?
-Max чанасан шөл. Шөлөндөө долоон төрлийн идээний дээж хольдог. Аарц, сүү, хөц будаа гэх мэт. Бас мах ширээндээ заавал тавьдаг. Энэ бол гол зоог. Бас энэ үеэр мал төллөдөг учраас уураг чанаад махтайгаа хольж иддэг. Бусдыг нь бол айл бүр өөрсдийнхөөрөө засдаг.
-Ингэхэд, та бидэнд Наурызын утга учир, бэлгэдлийг ярьж өгөхгүй юу?
-Hay гэдэг нь шинэ, рыз гэдэг нь жил гэсэн үг. Гуравдугаар сарын 22-нд од гаригс өөрсдийн анхны байрлалдаа ирж, өдөр шөнө тэнцэж, өвс ногоо соёолж, мал төллөж, идээ цагаа гарч, газар дэлхий сайн сайхнаар бялхдаг юм. Наурызын өдөр дайснаа уучилж, мууг сайнаар харж, өвөг дээдсийн сургаалийг хүндэтгэж, настан буурлууд, муудалцсан ахан дүүс, найз нөхдийг нэгэн зоогт урьж, эв түнжинг нь олж, эвлэрүүлж, ард түмний эв нэгдлийг улам хүчтэй болгодог юм. Ер нь, эв нэгдлийг эрхэмлэдэг баяр л даа.
-Уламжлалт тоглоом, наадам бий биз?
-Орой болж нар жаргах үед харилцаа дууны тэмцээн буюу айтыс эхлүүлдэг. Харанхуй болмогц аластау буюу түүдэг гал тойрон дуулж, бүжиглэнэ. Үүр цайх үед ойролцоохь уул, дэнж дээр гарч ургах нарыг харна даа. Ингэж л Наурыз тэмдэглэдэг.
Б.Заяа
Дугаар 054/633/