Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн ажлын айлчлалын тухай

Засгийн газрын дарга В.В. Путинтэй ОХУ-ын Засгийн газрын Хүлээн авалтын өргөөнд ганцаарчилсан уулзалт хийв. Дараа нь хоёр орны Засгийн газрын албан ёсны төлөөлөгчид оролцсон өргөтгөсөн уулзалт боллоо.

Уулзалтын үеэр хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв болон харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны чухал асуудлуудын талаар тухайлбал, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, стратегийн орд газруудыг төмөр замтай холбоход ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах, ураны салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

Хоёр орны Засгийн газрын тэргүүн нар уламжлалт нөхөрлөл, сайн хөршийн түүхэн харилцаанд түшиглэн стратегийн түншлэл, бүх талын харилцааг цаашид хөгжүүлж, түүний үр нөлөөг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. Энэ үеэр хамтын ажиллагааг эдийн засгийн бүхий л салбарт, түүний дотор тээврийн дэд бүтэц, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, байгалийн баялаг, эрчим хүчийг ашиглах болон хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг олон улсын нийтлэг стандарт, хоёр орны хуулийн дагуу хөгжүүлэхээр тохиролцов,

Уулзалтын дараа хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов.

Арилжааны банкуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоно

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр Атрын-3 аян–ыг дэмжих салбарт ОХУ-ын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор болов. Энэхүү зээлийн хүрээнд хөдөө аж ахуйн техник, сэлбэг хэрэгсэл, үр, бордоо нийлүүлэгдэх бөгөөд ОХУ-д Монгол Улсаас экспортлох мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ОХУ-аас сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр авахад тодорхой хэсэг нь зориулагдана гэж тооцоолж байгаа юм.

ОХУ-ын Россельхоз банкнаас энэхүү зээлийг Монгол Улсын Арилжааны банкуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор тохиролцож, зээл олгох тухай Санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд А.В.Петриков нар гарын үсэг зурлаа.

Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөрөнгийн бирж, Москвагийн банк хоорондын валютын биржийн хамтран ажиллах тухай Санамж бичигт Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, ОХУ-ын Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч К.Н.Корищенко, Монгол Улсын Цөмийн энергийн газар, ОХУ-ын Цөмийн энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай хэлэлцээрт Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, Росатом-ын ерөнхий захирлын орлогч Н.Н.Спасский нар гарын үсэг зурлаа.

Хөрөнгийн бирж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт хоёр улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн дэвшилт технологийг нэвтрүүлэх, харилцан туршлага болон мэдээлэл солилцох асуудлыг тусгажээ.

Хоёр улсын Цөмийн энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт ураны хамтарсан үйлдвэр байгуулахыг дэмжих, ОХУ-д энэ салбарын монгол мэргэжилтнүүдийг жилд 15-аас доошгүйг сурган бэлтгэх, хайгуул судалгаа хийх, Монгол Улсын Засгийн газрын цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хөтөлбөрийг боловсруулах зэрэг зорилт багтсан байна.

Соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ОХУ-ын Соёлын яам хоорондын 2009-2011 оны хамтын ажиллагааны хөтөлбөрт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ОХУ-ын Соёлын сайд А.А.Авдеев нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөрөөр хөгжим, театр, балет, дүрслэх урлаг, цирк, киноны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлагийн наадам, соёлын өдрүүдийг өргөжүүлэх, уран бүтээлчдийн солилцоог дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлыг тусгасан байна.

Засгийн газрын тэргүүн нарын сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн үеэр ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмэгдүүлж 235 болгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах сургалтад монголчуудыг өргөнөөр хамруулах талаар бид тохиролцлоо хэмээн мэдэгдсэн юм.

МАХН Нэгдсэн Орос намтай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд С. Баяр айлчлалын хүрээнд ОХУ-ын Тээврийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Оросын хэсгийн дарга И.Е.Левитинтэй уулзаж, хамтарсан төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх, уул уурхайн дэд бүтцэд төмөр замын салбарын идэвхтэй оролцоог хангах, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар санал солилцов.

Мөн Нэгдсэн Орос намын нам хоорондын харилцаа, олон улсын улс төрийн асуудал эрхэлсэн Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орлогч Константин Косачевтай уулзлаа. Уулзалтын үеэр МАХН, Нэгдсэн Орос намын хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэсэн байна.

Энэхүү хэлэлцээр нь хоёр орны эрх барьж буй намуудын хоорондын харилцааг шинэ агуулгаар бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Уулзалтад Нэгдсэн Орос намын Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Төрийн Думын дэд дарга Вячеслав Володин оролцов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button