Ельцин яагаад онгоцны дугуй руу морь харав
энэ туршилтын золиос болгож, түүнээсээ салаад хорин жил болох төдий байгаа ард түмний хувьд энэ бол уучилж болох асуудал. 1980-аад оны сүүлээр гоц чадвартан, мөн гоц үзэгдэл судлаач Д.Төмөртогоо анх энэ талаар дуугарч, цуврал өгүүлэл бичиж, ном гаргаж эхэлснээр Монголын парапсихологи судлал үүссэн гэж хэлж болно. Сүүлийн үед энэ чиглэлийг сонирхогчид харьцангуй олширч, ном бүтээл туурвих, орчуулан хэвлүүлэх ажил эрчимжиж байна. Гэхдээ жирийн уншигчдын хувьд мэдээлэл дутмаг, ойлголт мөчид байх нь элбэг тул энэхүү тайлбар өгүүллийг бичлээ.
Парапсихологи гэдэг нэрийн хувьд гол цөм нь пара хэмээх үгэндээ оршино. Тайлбар толь сэлтэд пара гэдэг үгийг эргэн тойронд, ойр хавьд, хажууд орших агаад ямар нэгэн зүйлтэй эсрэгцэгч гэсэн утгаар тайлбарласан байдаг. Тэгэхээр пара-психологи маань сэтгэл зүйн шинжлэх ухааны эсрэгцэгч байж, түүний хүлээн зөвшөөрдөггүй , түүний номлолд багтаагүйг судалдаг байж таарах нь ээ.
Парапсихологи судлал маш эртнээс улбаатай ч яг энэ үгээр нэршсэн нь харьцангуй саяхан. Германы алдарт сэтгэл судлаач, гүн ухааны доктор Макс Дессуар 1889 онд энэ нэрийг анх оруулж ирсэн бөгөөд өнөөдөр психопатолог гэж нэрлэж буй тэр хэсгийг л энэ нэрийн дор ойлгож байв. Парапсихологи гэдгийг орчин үеийн ойлголтоор нь анх хэрэглэж эхэлсэн нь 1908 он. Харин олон нийтийн дунд илүү түгэж эхэлсэн нь 1937 он. Энэ онд АНУ-д Парапсихологийн сэтгүүл-ийн анхны дугаар гарчээ. Эрхлэгч нь орчин үеийн парапсихологийн эцэг гэгдэгч Жозеф Бэнкс Рэйн.
Дэлхийн ихэнх оронд парапсихологи гэдэг нэр томъёо түгсэн ч заримд нь өөр өөр ойлголтыг давхар нэрлэх нь бий. Тухайлбал, англид сэтгэцийн судалгаа, Францад метапсихик, Дорнод Европт психотроник, Орост биоэнергийн мэдээлэл, Хятадад хүний биеийн ер бусын үүргийг судлах судалгааг парапсихологи гэж нэрлэж байна. Тийм учраас олон улсад түгсэн, хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоос гадна үндэсний чанартай ойлголтыг ялгаж салгаж үзэх ёстой.
Парапсихологийн сэтгүүл-ийн тодорхойлсноор парапсихологи гэдэг нь пси-харилцааг судалдаг ухаан. Өөрөөр хэлбэл амьд организм булчин шөрмөснийхөө оролцоогүйгээр, мэдрэх эрхтнээсээ ангид замаар гадаад ертөнцтэй зайнаас харьцах тэрхүү харилцаа холбоог судлахтай холбоотой ухаан.
Жозеф Рэйн парапсихологийн олон талт үзэгдлийг ерөнхийд нь хоёр ай савд хуваасан байдаг. Эхнийх нь хүний бодлыг зайнаас мэдрэх, дамжуулах-телепат, аливаа объект, үйл явдлыг ангид мэдрэхүйгээр хүлээн авах-үзмэрчлэхүй, аливаа ухаалаг тооцоо, шийдлээс ангид замаар ирээдүйн үйл явдлыг угтан харах чадвар-зөнчлөхүй. Хоёр дахь нь психокинезийн үзэгдэл буюу эд зүйл, физик үйл явцад аливаа техник төхөөрөмж, булчингийн хүч оролцуулалгүйгээр бодлоороо нөлөөлөх чадвар. Үүнийг бас телекинез ч гэдэг.
Парапсихологийн эдгээр пси-харилцаа бидний хувьд шинэ зүйл биш. Газар товчилдог хүн, мэргэч төлгөч, аливаа эд зүйлийг зайнаас хөдөлгөж, агаарт тогтоодог хүн, хараалч домч гээд элдэв шидтэний тухай домог хууч, баримт дурдатгал үй олон байдаг нь үүний нотолгоо. Сэтгэхүйн хүчээр хараал хорлол хийж буй, мөн л сэтгэхүйн хүчээр түүнээс хамгаалж, гэм хорыг арилгаж буй нь гоц үзэгдлийн нэг л илрэл бөгөөд шинжлэх ухаан хэдийгээр байж болшгүй хэмээн хатуу зарлигдавч түүнд үл баригдан оршсоор ирсэн бодит үнэн билээ. Улмаар шинжлэх ухааны нээлтүүд нарийсах тусам энэхүү бодит үнэнийг бага багаар хүлээн зөвшөөрч, урьдын хатуу байр сууринаасаа ухрахад хүрээд байгаа онцлог цаг үед бид амьдарч байна. Зэрэгцээ ертөнц, мэдээллийн нэгдсэн сангийн тухай ойлголт тийм ч шинэ зүйл биш боллоо.
Бид л хаалттай орчинд олон жил түгжигдсэндээ мэдэхгүй байснаас биш дэлхийн тэргүүлэгч улс орнууд парапсихологийн нууцад нэвтрэхийн төлөө олон жил шаргуу ажиллаж, зохих үр дүнд хүрч, зарим нэгэн үйлдэл гүйцэтгэгч техниктэй хүртэл болчихоод байна. Сайн санааны үйлсэд хэрэглэвэл үлэмж сайныг авчрах, муу санаатны гарт орвол үлэмжийн гамшиг авчрах цоо шинэ төрлийн зэвсэг нэгэнт бий болчихсон, учир мэдэх хүмүүс энэ бүгд муу хүмүүсийн гарт бүү очоосой хэмээн түгшин залбирч байгааг монголчууд минь л үл анзаарч байна. Оросууд бүхэл бүтэн хотын оршин суугчдад тусгай долгионоор нөлөөлөх туршилт хийсэн тухай С.Выборнов бүр 1993 онд бичиж байлаа. Хүмүүсийн далд ухамсарт нөлөөлж, Хулгай бүү хий гэсэн команд өгөхөд тус хотод хулгайн гэмт хэрэг даруй 40 хувиар буурсан тухай тэр мэдээлж байв.
Психотронын болон плазм зэвсгийн технологийг боловсруулсан Оросын эрдэмтэн Юрий Леонов Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага ийм маягийн туршилтыг ихэвчлэн ганц бие, настай хүмүүс дээр хийж байсан, ер нь иймэрхүү туршилт 95 хүртэл хувиар хүссэн үр дүнг өгч байсан тухай ам алдсан байдаг.
Сэтгэхүйн хүчээр зайнаас нөлөөлөх нөлөөллийг удтал судалсны эцэст эрдэмтэд энэ бол цахилгаан соронзон талбайгаас ангид ер бусын онцгой давтамжтай долгион болохыг тогтоосон юм. Энэ долгионыг энгийн багажаар илрүүлж чаддаггүй.
Америкчууд 1960-аад оны эхээр, Оросууд арай хожуухан энэ долгионы тусламжтайгаар хувь хүн, хэсэг бүлгийн сэтгэхүйг удирдах төхөөрөмж хийхээр оролдож эхэлсэн бөгөөд эхэндээ унтах, идэх, үржих, алах зэрэг цөөн хэдэн хүслийг удирдаж чаддаг болсон байдаг. Өнөөдөр энэ үйлдлийн хүрээ хавьгүй тэлсэн гэдэг мэдээлэл байгаа болохоос чухам ямар түвшинд хүрээд байгаа талаар ойлголт тун бүрхэг байна. Технологийн хөгжлийн түвшнийг дөчин жилийн өмнөхтэй харьцуулж үзэхэд энэ чиглэлээр эрдэмтэд тун ихийг хийж чадсан нь тодорхой билээ. Хуучин ЗХУ-ын засгийн газар тухайн үедээ парапсихологийн судалгаанд зориулж жил бүр тухайн үеийн ханшаар 12-20 сая рубль зарцуулж байсан баримтаас харахад энэ салбарт ихээхэн амжилт олсон байх магадлал өндөр байгаа юм.
Ямар ч байсан том орнуудын төрийн тэргүүнүүдийн хамгаалалтын албанд гоц мэдрэхүйтнүүд түлхүү ажилладаг нь ил тод болоод байна. Том орныхон нууц мэдээллийг олж харах, бусдын бодлыг унших тал дээр аль эрт том амжилтад хүрснийг оросууд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын бодлыг уншиж чадсанаар ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцины Японд хийх айлчлалыг болиулсан, америкууд хариуд нь Борис Ельцинд нөлөөлж онгоцны дугуй руу морь харуулсан зэрэг одоо нэгэнт нийтэд илэрхий болсон шинэвтэр түүхээс харж болно.
Ийнхүү бидний ойлгож амжаагүй, олж хараагүй зүйлс энгийн ахуйд нэвтэрчихээд байгаа нь парапсихологи судлалд анхаарлаа хандуулах, асуудлын эерэг сөрөг талыг сайтар ухамсарлаж, ёс зүйтэй, хүнлэг байхын чухлыг сануулж байна. Ахуйн түвшинд, цаашилбал улс орны түвшинд учирч болох болзошгүй аюулыг урьдчилан мэдэрч, түүнээс хамгаалъя гэвэл нэн тэргүүнд энэ талаар мэдлэгтэй байх ёстой билээ. Энэ талын мэдлэгийг гагцхүү парапсихологи судлал л өгч чадна. Харамсалтай нь энэ салбар өнөөдөр Монголд үр хөврөлийн шатандаа байна.
Б.Галаарид
Гэрэлт Цалиг сонин