Орлёнок-ийн захирал амлалтаа хойшлуулсаар
Багш нарын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-наас хойшхи таван сарын цалингаа аваагүй тул арга буюу 10-наас ажлаа хаяжээ. Сургуулийн багш нар бүтэн дөрвөн сарын турш захиралтайгаа муур хулгана болж тоглоод түүнийг олоогүй юм байна. Сургуулийн захирал нь Уянга, Батцогт гэж эхнэр нөхөр байдаг аж. Сургуулийн захирал Уянга Манай сургуулийн санхүү хүнд байдалд орчихсон. Энэ бэрхшээлийг хамтдаа туулж гаръя. Үүний тулд ирэх жилийн сургалтын төлбөрийн тодорхой хувийг урьдчилан өгөөч гэж эцэг эхийн хурал хийлгэж гуйсан ч хэн ч дэмжээгүй аж. Орлёнок бүрэн дунд сургуульд 200 гаруй хүүхэд суралцдаг. Орос багш 10 байсан ч цалингүй болохоор зарим нэг нь нутаг буцжээ.
Сургуулийн нэг жилийн хичээлийн төлбөр 880 ам.доллар. Гэтэл сурагчдын 70 хувь нь хичээл эхлэхэд сургалтын төлбөрөө бүрэн төлсөн гэнэ. Тус сургууль Боловсрол сан орлёнок хадгаламж зээлийн хоршоотой байсан. Хоршоо дампуурснаас хойш багш нарын цалинг өгөхөө больж эхэлсэн нь энэ аж. Сургалтын төлбөрийг хадгаламж эзэмшигчдэд хувааж өгсөн бололтой. БСШУЯ-наас сургуулийн захиралд гуравдугаар сарын 16-нд хичээлээ эхлүүлэх үүрэг даалгавар өгсөн ч одоо хүртэл амлалтаа хойшлуулсаар. Энэ хооронд сурагчид гэртээ хүлээсээр байна. Эцэг эхчүүдийн төлөөлөл сургуулийн захиралтай уулзахад Ирэх даваа гаригт эхлүүлнэ. Сургуулийн зардлыг яамнаас ойрын үед шийдэхээр болсон. Иймд багш нарын цалинг олгоход асуудал байхгүй гэж амлажээ. Төрөөс өгдөг сургуулийн хувьсах зардлыг одоо хүртэл сургуулиудад шилжүүлээгүй байгаа аж. БСШУЯ-наас энэ сургуулийг дэмжих зорилгоор хамгийн түрүүнд мөнгийг нь шилжүүлнэ. Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн н.Батдэлгэрээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Орлёнок дунд сургуулийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Манайх боловсрол хариуцсан газар учраас сургуулийн сургалт, арга зүйн тал дээр хариуцан ажиллаж байгаа. Сургуулийн санхүүгийн тал дээр мэргэжлийн хяналт шалгаж байгаа.
-Зарим эцэг, эх хүүхдүүдээ өөр сургуульд шилжүүлээд эхэлчихсэн гэж байна билээ. Цаашид тус сургууль үйл ажиллагаагаа явуулж чадах болов уу?
-Одоогоор цаашид хэрхэх талаар шийдээгүй байна. Мэргэжлийн хяналтаас гарах дүгнэлтийг хүлээж байна. Санхүүгийн асуудлаас шалтгаалж сургуулийн үйл ажиллагаа доголдсон шүү дээ. Тэгэхээр Мэргэжлийн хяналтаас гарах дүгнэлтэд үндэслээд цаашид сургуулийн үйл ажиллагаа явуулах, болиулах эсэхийг шийдвэрлэнэ.
-Захирал нь олдохгүй байгаа гэсэн. Та нартай ирж уулзсан уу?
-Сургуулийн захирал нь манай мэргэжилтэнтэй өчигдөр ирж уулзаад явсан гэсэн. Ирэх даваа гаригт хичээлээ эхлүүлнэ гэсэн байна билээ.
У.Цэцэг
Дугаар 054/633/