Салалт ба шинэ аз жаргалдаа хүрэх алхам

Гэрлэж байсан гэж хэлэхэд хэцүү. Салалт хагацлыг би хоёронтоо амсаж, түүний мөн чанарыг нь маш сайн ойлгож мэдэрлээ. Анхны нөхөр, охины минь аав ховорхон харамч нарийн эр байсан бөгөөд түүнтэй таван жил болоод салсан. Хоёр дахь нь маш агуу гэгээн хайрыг мэдрүүлсэн боловч мөн л өмнөх нөхрийн маань бараг нэгэн хувилбар байлаа. Ингээд хоёр учрал хоёулаа нэгэн адил төгсгөлтэй, аль алин нь намайг нойтон дэрэнд толгой нааж, олон шөнөөр нойргүй хонуулахад хүргэсэн билээ.

ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН ЭХНИЙ ӨДӨР

…Сүүлчийн салалт намайг их удаан зовоосон. Бид сард хоёроос доошгүй удаа эвлэрч, бас муудалцдаг байлаа. Иймэрхүү жүжигт хэдийнээ дасал болсон танилууд найз нөхөд мань бид хоёрыг сална, салахгүй гэж мөрий тавьдаг болов. Харин надад бол юун тоглоом тохуу хийхтэй мантай. Бид хоёрын гэр бүлийн завь маань харсаар байтал живж эхэлсэн юм. Ингээд бид эргэлт буцалтгүйгээр салахаар шийдлээ. Гурван жилийн хамтын амьдралыг холбож байсан бүхнээ хэн хэндээ ярьж, тэрээр ээж рүүгээ, харин би түүнгүйгээр өөрийн шинэ амьдралаа зохиохоор үлдсэн.

Эрх чөлөөтэй болсон эхний хоёр гурван өдөр надад тийм ч их уйтгартай санагдсангүй. Нөхөртэй амьдарсан он жилүүдэд ямагт хойш тавьсаар ирсэн найз нөхөд дээрээ зочилж, гэр бүлийн төсвөөс үрж зарахдаа нөхрийн оролцоогүйгээр бүхнийг шийдэж, нэгэн бодлын амар болсон мэт байлаа. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Ганц бие амьдралын 4 дэх өдөр байдал онцгүй болж эхэллээ.

ДАРЬТАЙ ТОРХОН ДЭЭР СУУСАН МЭТ

Хамтын амьдрал сарнисны дараа хамгийн анхны эмзэглэл Ийм байж огт болохгүй гэж бодоход хүргэнэ. Тухайн хүний ухамсар болж байгаа үйл явцыг бодитой гэдэгт нэг хэсэгтээ итгэж чадахгүй. Сэтгэл санаа мэгдэн хямарсан энэ үед тэрээр хамгаалалтгүй хандах хүнгүй болсоноо ойлгож хүлээн авах нэн хэцүү санагдана.

Түүний амьдрал өмнө болоод хойш гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Энэ үед тэд аз жаргалтай байсан цагаа эргэн дурсаж, гэрэл зургийн цомгоос эхлээд түүнийг санагдуулах юм бүхэн дээрх бодлыг улам лавшруулдаг. Энэ бүхнийг даван туулахын тулд ихээхэн сэтгэлийн тэвчээр хэрэгтэй бөгөөд ингэж эс чадваас нойргүйдэх, хоолонд муудах, бусадтай харилцахаас зайлсхийх зэргээр эрүүл мэнд, сэтгэл зүйн талд хортой сөрөг өөрчлөлтүүд гарч эхлэх болно.

УЙТГАРТАЙ БОЛЗОО СЭТГЭЛИЙН ХЯМРАПЫГ НИМГЭЛЭХГҮЙ

Сарын дараа би гомдол, гуниг, шаналалаа орхих гэж олон зүйлийг туршиж үзлээ. Заримдаа сөхөрч унатлаа ажиллаж өөрийгөө завгүй байлгахыг хичээнэ. Эсвэл надтай уулзахдаа татгалзахааргүй ганц бие эр хүн рүү утас цохиж, уйтгартай бөгөөд ямар ч ирээдүйгүй болзоонд хааяа явдаг байлаа. Гэвч энэ бүхэн сэтгэлийн зовлонг улам нэмэгдүүлэхээс өөрөөр тус болсонгүй. Намайг хайрлах эр хүн хаана яваа бол хэмээн бодохын зэрэгцээ салсан нөхрөө хаана юу хийж байгаа бол, над шиг бас ингэж шаналж байгаа болов уу, эсвэл өөр нэгнийг олоод авсан бол уу гэж бодно.

Ийнхүү шаналсаар эцэст нь би энэ эргүүлэгнээс өөрөө гарч чадахгүй болсноо ойлгож, найз нөхдийн зөвлөснөөр сэтгэл зүйчээс тусламж авах боллоо.

Эмч намайг депрессийн эсрэг эм уухыг зөвлөж түүнийг нь хэрэглээд бага зэрэг тайвширсан ч сэтгэлийн өвчний эх үндсийг нь алга болгоно гэж юу байхав. Гашуун зовлонг бүр дотоод сэтгэлийн дотоодод нуугдсан стресс хожим нь тэсрэх бөмбөг болон дэлбэрэх аюултай гэдгийг нуусангүй. Өчүүхэн жаахан түгшүүр төрөх, санаа зовнйх төдийд л, толгой өвдөхөөс эхлээд зүрх дэлсэн айдаст автаж элдэв янзын таагүй мэдрэмж биед мэдрэгддэг боллоо. Ингэснээр эцэст нь сэтгэлийн хямралаас болж нэн аюултай өвчинд нэрвэгдэж буйгаа мэдлээ.

Гэр бүлийн харилцааны сэтгэлзүйч М.В.Смоленскийн ажигласнаар буулт хийх дургүй, салалтын зовлон шаналалтай эвлэрч чаддаггүй хүмүүс сэтгэлийн хямралаас болж ходоодны шарх, зүрхний дутагдал зэрэг өвчинд нэрвэгдэх нь элбэг болохыг тогтоожээ.

Эх сурвалж Гэр бүлийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button