Г.Ихбаяр Тоглолт бүрдээ нямбай хандана
2005 оны лигийн тэргүүн тоглогч тэрбээр МУИС, Hi В Оil компанийн МВМ багийн ахлагчаар тоглож буй. Түүний баг сүүлийн дөрвөн тоглолтод дараалан хожил аваад байгаа юм.
-Лигийн тэргүүн тоглогч маань хэд дэх багтаа тоглож байна вэ? Яагаад МВМ багийг сонгох болов?
-Би МУИС-ийг төгссөн. Мөн Л.Эрдэнэпүрэв багшийн удирдлага дор өмнө нь МУИС-ийн шигшээ багт олон жил тоглосон. Л.Эрдэнэпүрэв багш маань миний амьдрал ахуйд тусалж дэмжиж явдаг хүн. Мөн багшийн маань найз нөхөд, МУИС-ийн багш нар намайг элгэмсэг угтаж авсан тул МВМ багаас тоглох болсон. Өнгөрсөн онд Хараагийн харцага багт нэг жил тоглосон. Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирэн сагс тоглоход М-Си-Эс-ийн удирдлагууд, Д.Уртнасан, Д.Маргад-Эрдэнэ багш нар ихээхэн тусалж дэмжсэн. Эдгээр хүмүүст баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
-Одоогийн багт хамт тоглож байсан тоглогчид бий юу?
-2007 онд Уурхайчин багт Э.Ууганбат, Б.Батхишиг нартай хамт тоглож байсан. Мөн С.Батнаран манай Дархан-Уул аймгийнх тиймээс тоглолтыг нь мэддэг байлаа. Харин бусадтай нь өнөө жилээс л тоглож байна. Ерөнхийдөө бүгдийнх нь тоглолтыг мэддэг.
-Эхний хоёр тойргийн тоглолтуудын тухайд ямар бодолтой байна вэ? Багийнхаа давуу болон сул талыг юу гэж боддог вэ?
-Нэгдүгээр тойрогт бид гараагаа тун тааруу эхэлсэн. Харин дундаас нь бие биенээ ойлголцоод хожил авч эхэлсэн. Өндөр нуруулаг төвийн тоглогч байхгүй учраас бага зэргийн бэрхшээлтэй байсан. Мөн миний нурууны гэмтэл хүндрээд бэлтгэл сургуулилтаа хийхэд хүнд болсон. Гэхдээ аль болох багтаа хэрэг болох үүднээс тогтмол тоглож байгаа. Бас манай багийн нуруулаг тоглогчдын нэг Б.Бямбанаран Япон улс руу суралцахаар явсан. Гэвч хариуд нь Ц.Азбаяр ирсэнээр багийн тоглолт жигдэрлээ. Харамсалтай нэг зүйл нь манай багийн үндсэн холбон тоглогч Э.Ууганбат нуруундаа бэртэл авч эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болсон. Одоогоор түүнийг Б.Батжавхлан орлон тоглож талбайд олон минутыг өнгөрүүлж байгаа. Мөн би холбогчийн үүргийг давхар гүйцэтгэж байна.
-Танай багт плей-оффт тоглож үзсэн өөр тоглогч бий юу?
-Манай багт надаас гадна плей-оффын утаа үнэрлэж үзсэн нь ганц Н.Золжаргал. Бусдаасаа арай илүү туршлагатай. Гэхдээ бусад нь хамтдаа олон тэмцээнд оролцож бие биенээ ойлголцдог болсон. Бидний нэн түрүүний зорилго плей-оффт үлдэх. Дараагийн зорилго бол лигийн аварга болох.
-Бусад багуудынхаа талаар ямар бодолтой байна вэ?
-Гуравдугаар тойрог эхэлснээр багуудын тоглолт жигдэрч эхлээд байна. Аль ч баг нь аварга болох боломжтой байгаа. Миний бодлоор Хасын хүлгүүд, Баянзүрх буллз,Ёлууд багууд плей-оффт үлдчих болов уу. Харин плей-оффын сүүлийн эрхийн төлөө Хараагийн харцага манай баг хоёрын хооронд ширүүн өрсөлдөөн болно.
-Энэ жилийн хувийн дээд оноо хэд вэ?
-Нэгдүгээр тойргийн тоглолтод Халлелуяа-гийн эсрэг 30 оноо авсан байна лээ. Лигт оноогоороо наймдугаарт, бөмбөг таслалтаараа гуравт бичигдэж байгаа.
-Лигийн аваргаас бусад бүх медалийг хүртсэн. 2005 онд залуу сагсан бөмбөгч өмнөхөө бодвол туршлагажсан гэж ярьж байсан. Тэр үеэс хойш хэрхэн өөрчлөгдөв?
-Энэ хугацаанд лигийн тэргүүн тоглогч болсон. Мөн 2008 оны лигийн АШТ-ий Бүх оддын тоглолт-ын шилдгээр нэрлэгдсэн. 2005 оныг бодвол одоо лигийн АШТ-д оролцогчдыг залуучууд бүрдүүлж байна. Бидний өмнөх үеийн сагсчид чинь үнэхээр мундаг хүмүүс байлаа. Одоо миний үеийнхэн ах нарынхаа халааг авч байна.
-Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Тоглолтгүй өдрүүддээ тогтмол бэлтгэл хийдэг. Одоо ихэвчлэн тактик, шидэлтийн бэлтгэлийг түлхүү хийж байгаа.
–Олон улсын тэмцээнүүдэд оролцож байгаа юу?
-Доха-2006 Азийн наадамд оролцоод ахиж тоглоогүй. Түүнээс хойш дотоодод л олон улсын нөхөрсөг тоглолт болсон.
-Доха-2006-гийн үеэр Катарын хэвлэлд зураг тань нэгдүгээр нүүрэнд хэвлэгдсэн байсан. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Азийн наадмын урьдчилсан шатанд бид Палестиний багийг хожсоны дараа Монголын баг анхны ялалтаа байгууллаа гэж гарсан удаатай. Мөн тэндхийн нэг хэвлэл надаас ярилцлага авч байсан.
-Өнгөрсөн хоёр жил танай багийнхан плей-оффт шалгарч чадаагүй. Үүнийг юу гэж бодож байна?
-Өнгөрсөн жил плей-оффт шалгарах боломж ойрхон байсан. Гэвч хариуцлагагүй тоглон плей-оффоос мултарсан. Энэ жил алдаагаа давтахгүйг хичээнэ. Одоо тоглолт бүрдээ хариуцлагатай хандаж нямбай тоглох болно.
-Өмнө нь танай баг Хасын хүлгүүд, Ёлууд багуудад тус бүр хоёр хожигдсон. Эдгээр учраануудаа энэ удаад дараалан хожлоо. Өмнө нь юун дээр алдсан гэж дүгнэв?
-Бидний хожигдсон гол алдаа хамгаалалт байсан. Самбараас бөмбөг авах тал дээр маш муу байсан. Үүн дээр анхаарч бэлтгэл сургуулилтаа хийсэн нь үр дүнгээ өгсөн.
А.Түмэнбаяр
ТАВАН ЦАГАРИГ