Дэнни Боил Кино найруулж чадахгүй бол таксины жолооч болно
Харин өнгөрөгч оны дэлгэцийн шилдгүүдийг шалгаруулах олон улсын кино наадмуудын тэргүүн шагналыг хүртсэн Ядуусын хорооллын саятан киногоороо илүү олон хүний танил болсон билээ. Уг бүтээл кино урлагийн хамгийн хүндтэй наадмын нэг Америкийн кино академийн шагнал гардуулах Оскар-ын наадмаас найман алтан баримал хүртсэн юм. Энэ киноны талаар болон найруулагчийн амьдралын тухай хүүрнэсэн Д.БОИЛИЙН ярилцлагыг хүргэе.
-Ядуусын хорооллын саятан киноны амжилтад цочирдов уу?
-Цочирдсон бас гайхсан. Ялангуяа Америкт их амжилтад хүрсэнд нь сэтгэл хангалуун байгаа. Үүнд киноны гол өгүүлэмж нөлөөлсөн байх. Юу ч үгүй хүү хаанаас нь мэдэгдэхгүй газраас гарч ирээд болж бүтэх зүйл нэг ч үгүй байхад хүссэн бүхэндээ хүрдэг. Мэдээж эцэст нь хайрттайгаа учирна. Иймэрхүү өгүүлэмж хүн бүрийг л татдаг шүү дээ.
-Зарим хүн энэ киног Британийн, зарим нь Энэтхэгийн бүтээл гэж буй. Энэ талаар?
-Жүжигчид болон арын албаныхан нь бүгд энэтхэгчүүд болохоор Ядуусын хорооллын саятан Британийн гэхээсээ Болливудын кино. Киноны зохиолч, найруулагч нь британи ч Энэтхэгийн зохиолоос сэдэвлэсэн бүтээл.
-Энэ кино Энэтхэгт нэлээд шүүмжлэлд өртсөн. Ингэнэ гэж бодсон уу?
-Мумбай хот түм түжигнэсэн, сэтгэл хөдөлгөм, нэг тийм буцалсан гэмээр газар шүү дээ. Тиймээс сайн, муу үгийн алийг нь ч сонсоход бэлэн байсан. Их олон ээдрээтэй шалтгаанаар хүмүүс энэ киног таатай хүлээж аваагүй. Гэхдээ таашаасан хүн хавьгүй илүү байгаа нь бахархалтай хэрэг.
-Энэтхэг жүжигчидтэй ажиллах ямар байв. Соёлын ялгаа хэр мэдрэгдэв?
-Энэтхэгийн кино үйлдвэрлэл асар том болохоор бараг хүн бүр л нэг дор олон кино хийдэг. Тэр олон хүний цагийн хуваарийг тохируулна гэдэг ёстой хар дарсан зүүд байсан. Бусдаар бол бид сайн ойлголцсон шүү. Жүжигчдээ хурцлах, ямар ч эрсдэлд бэлэн байхыг тэд надад заасан.
-Ядуусын хорооллын саятан киноны гол дүрийн жүжигчнийг ямар шалгуураар сонгосон бэ. Дев Пател Британид өссөн. Түүний оронд Мумбайн уугуул жүжигчин олдоогүй юм уу?
-Олохыг хичээсэн боловч шалгаруулалтад оролцсон Мумбайн залуус бүгд л баатарлаг дүр бүтээхийг хүсэгчид байсан. Харин миний эрж байсан хүн энгийн, гол нь бүхнээ алдсан хүн шиг харагдах ёстой байсан юм. Тэгтэл охин маань Британийн телевизийн Skins цувралын жүжигчнийг санал болгосноор Дев Пател миний хайж байсан хүнээр тодорсондоо.
-Та киноны төрөл зүйлд шинэчлэл хийхийг хичээдэг. Хэвшмэл байдлыг кино найруулагч яаж эвдэх ёстой вэ?
-Миний бодлоор ямар ч найруулагчийн хувьд анхны кино нь хамгийн шилдэг бүтээл нь байдаг. Тэгэхээр хийсэн бүхнээ ардаа орхиод өмнөхөөсөө өөр юм хийхийг л хичээх хэрэгтэй. Нэг үгээр нэгэнт дуусгасан бүтээлээ төгс болсон гэж тооцоод бүхнийг шинээр эхэлбэл хэвшмэл байдлаас ангижрах байх.
-Таны дуртай кино гэдгийг сонсоод Үнэхээр тийм гэж үү гэж олныг дуу алдуулахаар, гайхшруулахаар кино бий юу?
-Өнгөрөгч жилийн хувьд Халуун нутгийн аянга кино их таалагдсан. Их хөгжилтэй кино. Намайг адал явдалт кинонд дуртай гэвэл хүмүүс гайхах байх. Саяхан л гэхэд би хүүхдүүдтэйгээ Хатуу самар-3-ыг үзсэн. Сайхан байсан шүү. Энэ киног лав итгэхийн аргагүй олон удаа үзсэн.
-Таныг дахиад кино бүтээх ямар ч аргагүй болсон гэж төсөөлье. Тэгвэл юу хийх вэ?
-Би үргэлж таксины жолооч болохыг хүсдэг байсан. Гэхдээ зөвхөн Лондон орчмоор. Яагаад ч юм, бүр жаахан байхаасаа л галт тэрэг, автобус, такси жолоодохыг хүссэн. Амьдралаа ямар ч үр бүтээлгүй үрж байх шиг заримдаа санагддаг болохоор бусдад хэрэгтэй ажил эрхлэх хүслээ орхиогүй л байна. Магадгүй хүмүүнлэгийн байгууллагад ч юм уу. Хоёр жилийн өмнө би олон улсын эрүүл мэндийн байгууллагынхны хамт сүрьеэ өвчтэй хүмүүсийн тухай баримт цуглуулахад чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд Узбекистанд очсон юм. Тиймэрхүү ажилд сүүлийн үед татагдаад байгаа. Кино найруулагчийн ажил мэдээж сайхан. Гэхдээ кино бүтээнэ гэдэг заримдаа үнэхээр цаг барсан ажил шиг санагддаг шүү.
Г.Дулам
Дугаар 10(051/21280)