Төрийн албаны халаа сэлгээ 40 мянган өрхийн сууцыг нь залгижээ

Одоогоор дөнгөж 10 гаруй мянган орон сууц баригдаад байгаа. Анх бага, дунд орлоготой иргэдийг орон сууцтай болгох зорилготой байсан. Даанч ам, ажил нь зөрчихсөнийг захын хүн нотолно. Одоо хоёр дахь шатны 60 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг эхлүүлэхийн өмнө 40 мянган айлын орон сууц-ыг хэрхэн барьж, байгуулснаа Засгийн газар тайлагнавал яасан юм. Засгийн газар эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 60 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Үүнээс 30 тэрбумыг төвлөрүүлж 40 мянган айлын орон сууц барих юм гэж ярьж байсан ч сүүлдээ нөгөө мөнгийг нь хэн, хаана, юунд яаж зарцуулаад байгаа нь тодорхойгүй болжээ.

Төсвийн хэт үрэлгэн зарлагыг танах, давхардсан орон тоог цөөрүүлэх зорилгоор төсвийн зарим байгууллагыг хооронд нь нэгтгэж, орон тоог цөөлөх шийдвэр гарсан. Энэ ажлын хүрээнд Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн төвтэй нэгтгэн Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг байгуулсан билээ. Тус бүр 70 ажилтан, албан хаагчтай хоёр өөр байгууллагыг нэгтгэснээр орон тоог 120 гаруй хүнтэй байхаар ярилцжээ. Гаднаас нь харахад орон тоо цомхотгож, санхүү хэмнэж байгаа юм шиг боловч энэ нь харин ч хэт үрэлгэн бүтэц, зохион байгуулалтыг бий болгожээ. Өмнө нь Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газарт харьяалагдаж, долоон хүний бүрэлдэхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэж болоод байсан Захиалагчийн албыг 80 гаруй хүнтэй Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба болгон өргөтгөж байгаа. Үүнийг нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг боллоо гэж дургүйцэх хүмүүс ч байна.

Тус алба нь дарга, барилга захиалга, сургалт судалгаа хариуцсан хоёр орлогч, Санхүү, хөрөнгө оруулалт, Захиргаа удирдлага, Барилга захиалагч, Мэдээлэл, сурталчилгаа, судалгаа, Мэргэжлийн сургалт зохицуулалт, Мэргэжил дээшлүүлэх сургалтын нийт зургаан хэлтэстэй, нүсэр зохион байгуулалт бүхий агентлагийн хэмжээний алба байх дүр зураг гарч байна. Үүнээс гадна БХБЗТЯ-нд 10 гаруй хүнтэй Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс байгаа. Гэтэл дахин салбарын сайдын мэдэлд ижил үүрэг бүхий хэлтсийг байгуулж байгаа нь орон тооны давхардлыг бий болгож байна.

Энэ нь тал тохой татаж, төрөл садан, найз нөхдөө ажлын байртай болгох гэсэн башир арга хэмээн учир мэдэх хүмүүс буруушааж байна. Мэргэжлийн бус хүнийг Сайдын тушаалаар даргаар томилчихдог. Нөгөө урлаг судлаач нь нэг хэсэгтээ цэрэггүй явж байгаад өөрийнхөө багийн хүмүүсийг ажилд авдаг. Улстөржсөн мэргэжлийн бус баг ажлаа хийж чадахгүй хүнд суртал, үл ойлголцлыг бий болгож иргэдийн дунд төрийн албаны нэр хүндийг унагадаг. Хамгийн гол нь сайд, дарга нар солигдох тоолонд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байсан салбарын бодлого, чиглэл алдагддаг гайтай. Шинэ бүтэц, зохион байгуулалт нь ихэвчлэн тендер, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг нааш, цааш нь хөдөлгөж, зувчуулах сонирхол бүхий хэсэг хүн л байдаг аж.

Энэ мэтчилэн олон ойлгомжгүй байдалаас болоод салбарын бодлого, чиглэл алдагдахад хүрээд байгаа аж. Нэгэнт эхлүүлсэн ажлыг дуусгалгүй дундаас нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрээр бодлогыг нь алдагдуулсан тохиолдолд ойрын 10 жилдээ сэргэж, эргээд хөл дээрээ босоход бэрх болж, иргэдийн итгэл ч алдардагийг учир мэдэх хүмүүс сануулж байна.

Г.Ганчимэг

Дугаар 64/3136/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button