Тушаасан нь цагаадаж, гүйцэтгэсэн нь шийтгэл хүлээв

Уг нь ч бол аавынд шийдлээ л гэж хэвлэлээр мэдээлээд байсан л даа. Шүүх хурлын явцад ч энэ бараг л тодорхой гэхээр байв. Учир нь, байцаагч нар бүгд л Даргын цохолтоор хуурамч бичиг баримт үйлдсэн хэмээн мэдүүлсэн. Тэгэхээр тушаал өгсөн даргыг нь буруутай, ял шийтгүүлэх нь тодорхой боллоо гэж харахаас яахав. Гэтэл шүүх нөгөө их үүрэг даалгавар өгөөд, ажилтнуудаараа хууль бус үйлдэл хийлгээд байсан дарга А.Энхжавыг цагаатгаж орхив. Харин үүргийг нь биелүүлж хэлснийг нь хийснийхээ төлөө ажилтнууд нь нэлээд олон сая төгрөгийн торгууль төлөх болжээ. Даргынхаа өгсөн үүргийг сайн биелүүлж, ажилтайгаа, ар гэртээ аваад харин цалинтай байхын тулд тэр хэдэн байцаагч, Гадаад паспортын хэлтсийн дарга Ц.Энхцогтын хүссэнээр, тушааснаар хуурамч бичиг баримт үйлдэж, хүний овог нэр, регистрийн дугаар сольж байж. Үүнийгээ ч шүүх хурал дээр мэдүүлсэн. Тэр бүү хэл, Хуурамч бичиг баримт үйлдэх тухай хэтэрхий олон цохолт та гаргаж байна хэмээн сануулдаг байсан. Хуулиас гадуур зүйл хийж буйгаа даргадаа хэлдэг байсан ч А.Энхжав Би мэдэж байна. Зүгээр л хий гэж тушаасан хэмээн шүүгдэгчид мэдүүлжээ. Дарга юу л гэнэ вэ, түүнийг хийх нь манай нийгэмд тогтсон зуршил. Харин ч тэд даргадаа сануулдаг байжээ. Ямар ч байгууллагад удирдах, удирдуулах ёс гэж бий. Манай сонин л гэхэд босоо удирдлагатай. Сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга ямар даалгавар өгнө түүнийг нь сэтгүүлчид гүйцэтгэдэг. Гэхдээ манай дарга нар сэтгүүлчдэдээ даалгавар өгч сурвалжлага, нийтлэл бичүүлчихээд Хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гэж хэлсэн удаа байхгүй. Сонин хэвлэл л юм болохоор бичсэн материал уншигчдад, нийтлэлд нэр нь дурдагдсан хүмүүст таалагдах, таалагдахгүй байх тохиолдол зөндөө. Тэр болгон дээр Бид сэтгүүлчээ, эх сурвалжаа хамгаалах ёстой гээд дарга нар маань цагдаагийн газар руу явж байсан удаа ч бий.

А.Энхжавт тийм ёс зүй байдаггүй юм байж, ажилтнуудаа өөрийнхөө өмнөөс шорон руу түлхэхээс ч буцаагүй нь хэрэг явдлаас тодорхой боллоо. Харин манай шүүх энэ тохиолдолд хуурамч бичиг баримт бүлэглэн үйлдсэн гэж буруутгаагүй нь сонин. Мэдсээр байж санаатайгаар гэмт хэрэг үйлдэх, бас хэд хэдээрээ хамтран оролцсон тохиолдолд бүлэг хэрэг хэмээн хүндрүүлж үздэг зарчим манай хуульд бий. Урьд нь, хадгаламж, зээлийн хоршооны эздийг залилангийн хэрэг бүлэглэж үйлдсэн гээд хэргийг нь хүндрүүлж байсан. Мөн дээрмийн, хулгайн гээд бүх л хэргийг бүлэглэн үйлдсэн тохиолдолд ялыг нь хүндрүүлэн шийтгэж ирсэн. Улсын яллагч тэдэнд Эрүүгийн хуулийн 232 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ зүйл анги нь дээд тал нь таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноох заалттай байгаа юм. Гэтэл даргыг нь хэргээс мулталж, цэргүүдэд нь уг зүйл ангийн хамгийн хөнгөн ял буюу торгох шийтгэл ногдуулав.

Шүүгчид бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гээд улам хүнд шийтгэл ногдуулах байтал, заасан зүйл ангиас хамгийн хөнгөн ял оноож, бүр нэгийг нь цагаатгаснаас үзэхэд А.Энхжав үнэхээр урт гартай нэгэн юм. Түүнийг ИБМУТ-ын даргын албанаасаа мултарч, хэрэгтний ширээнд суух дөхөөд байх тэр үед Ц.Мөнх-Оргил зөвлөхөөрөө авч байлаа. Тухайн үед Ц.Мөнх-Оргил ХЗДХ-ийн сайд байлаа. Гэмт хэрэгтэн зөвлөхтэй сайд байдаг гэнэ ээ хэмээн олон хүн элэг доог хийж байсан. Түүнийг ч үл тоон А.Энхжавын үгийг сонсч, үнэт зөвлөгөө авах нь Ц.Мөнх-Оргилд чухал байсныг цаг хугацаа харууллаа. ХЗДХ-ийн экс сайд түүний үнэт зөвлөгөөний хариуд дээрх шүүхийн шийдвэрээр бэлэг барилаа гэж хардахаас аргагүй. Бас нөгөө талаас манай шүүхийнхэн хүнийг цагаатгаж, хэргийг нь үл тоон өнгөрье гэвэл, бас хэн нэгнээс тийм даалгавар ирвэл хэрхэн гүйцэтгэдгээ ийнхүү харууллаа. Сайн танилтай, нийгэмд нөлөөтэй байна аа гэдэг, хэнд ч юуг ч даалгаж болдог ажээ. Бас хууль бус үйлдлийг бусдаар албадан хийлгэснийхээ төлөө өөрөө цагаадаж, гүйцэтгэгчээ шаварт унагах ямар амархан байдгийг А.Энхжавын жишээгээр мэдэж болох нь ээ.

Ж.Цэсэн

Дугаар 055,056/634,635/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button