Намд элсэхгүй гэснийх нь төлөө Олимпийн аваргыг хашраажээ

Н.Түвшинбаярыг Ланд Крузер 200-гийн жолоо мушгиж яваад баригдсан гэх гуравдугаар сарын 16-ны шөнө жижүүртэй байсан хошууч С.Энхтөр Жолоо барьж явсан хүн нь ч, аварга ч эрүүл байсан. Аварга маань даруухан залуу байна лээ. Би худлаа ярьдаггүй гэж хэллээ. Үл бүтэх амьтан болгох гэж намайг гүтгэж, нэр хүндийг маань унагах гэсэнд харамсч байна хэмээн Н.Түвшинбаяр ярьсныг Жүдогийн холбооны дэд тэргүүн Б.Пагва уламжилж байна. Албаны эх сурвалжуудын нотолсноор Н.Түвшинбаяр машин бариагүй сууж явсан, архи ч уугаагүй, цагдаа ч зодоогүй байтал ийм мэдээлэл тарсан нь улс төрийн зорилготой байжээ. Бидний авсан мэдээллээр Ц.Элбэгдорж олимпийн аваргыг намд элсч, сонгуулийн сурталчилгаанд оролцуулахаар ятгажээ. Н.Түвшинбаяр нам, улс төрд оролцохгүй гэдгээ хэлсний дараа түүнийг архи уулгаж, цагдаа зодуулсан шуугиан дэгдсэн нь анхаарал татаж байна. Та бидний итгэлийг алдаагүй, алдар хүндтэй олимпийн аварга, бохир улс төрийн талаар төсөөлөл ч байхгүй цэвэр сэтгэлтэи, хөдөөний хүүхэд эл явдалд ихэд цочирдон эмзэглэж байгаа аж. Газар газрын эрчүүдийг тулааны татами дээр тэнгэр харуулахдаа амсаагүй өөдгүй зовлон. Америкт мэс засал хийлгэж ирээд удаагүй, гам сахиж байсан аваргын баруун өвдөгний бэртлээс илүү хорон сэтгэлийн шарх ч болж мэднэ. Н.Түвшинбаярын ялалт монгол бахархлыг сэрээж, монгол хэмээх их түүхтэй, омог бардам үндэстэн Азийн цээжинд байдгийг дэлхий дахинд хүч чадал, авхаалж самбаагаар тунхагласныг, монгол хүн бүр нүдэндээ нулимстай баярлан хөөрч байсныг мартах учиргүй. Тив, дэлхий, олимпийн медальтан, дэлхийн бөхийн орны жүдочдыг илт илүүрхэн шударга үнэнээр давсаар Түвшээг алдрын тавцанд зогсоход нь хожигдсондоо хорссон зарим нь ялалтыг нь үгүйсгэсэн цуу тарааж байв. Монголчууд бүгдээр өмгөөлж, өөрсдийнхөө ялалтыг хамгаалж байлаа.

Аварга шиг амьдрах гэж, зөвийг бодож яваа олимпийн баатруудаа монголчууд нь хайрлахгүй юм бол, барилдах нь барилдаж, дуулах нь дуулж, улс төрөө хийх нь улс төрөө хийж байхгүй бол тамын тогооны үлгэр монгол хүний үнэ цэнийг унагасаар байгаагийн нэг муухай жишээ энэ боллоо.

Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагва АВАРГА УТСААР ЯРИАД НАМАЙГ ГҮТГЭЖЭЭ ГЭСЭН

Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагваас олимпийн аваргатай холбоотой мэдээллийн талаар зарим зүйлийг асууж сонирхлоо.

-Та олимпийн аварга Н.Түвшинбаярыг АНУ-д авч явж эмчлүүлээд ирсэн. Таныг ээгүйд энэ ажлыг өөр хүмүүс хийсэн мэтээр яригдсан нь зарим нэг хүний дургүйцлийг хүргээд авсан?

-Аваргынхаа хөлийг Америкг зөвхөн мэргэжлийн тамирчдын өвдгөнд мэс засал хийдэг өндөр зэрэглэлийн эмнэлэгт эмчлүүлээд ирсэн. Аваргын хөл сайн эдгэж байгаа нь бидний ажлын үзүүлэлт юм. Хэрвээ бид жаахан л цаг алдсан бол эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх байсан. Бид их азтай, тэгээд ч Америкт байгаа найз нөхдийн буянаар ажил сайхан бүтлээ. Гам сайн хийгээд, эргээд мэс засал хийлгэсэн газраа очиж үзүүлэх ёстой. Бид хоёр жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөөгөөд явахаар төлөвлөж, ажлаа зохицуулаад байна.

Ингэхэд олимпийн аварга маань ямархуу хүн бэ. Хүн зодож, архи уун, танхайраад явах хүн мөн үү?

-Олимпийн аварга л гэнэ, тэр чинь хүн шүү дээ. Дөнгөж 20 гарч яваа жаахан хүүхэд. Миний хувьд өөрийнхөө зүгээс чадлын хэрээр тусалж дэмжиж явдаг. Өөрөө ч ноён нуруутай, гярхай, хашир, ухаантай хүүхэд. Өдрийн сонин-д гарсан зүйлийг уншаад гайхлаа. Өөрөө ч их цочирдсон байна лээ.

-Энэ мэдээлэл гарснаас хойш Н.Түвшинбаяртай холбогдсон уу?

-Өөрөө над руу ярьсан л даа. Архи ууж, хүн зодож танхайрсан үл бүтэх амьтан мэтээр намайг гүтгэж, нэр хүнд унагаж байгаад харамсч байна гэсэн.

-Сайн яваа нэгнийгээ гүтгэж гүжирдэх нь монголчуудын гэм биш зан. Тэгэхдээ олимпийн аваргыг ингэж гүжирдэж байгаа нь улс төрийн зорилготой гэсэн мэдээлэл манайд ирсэн л дээ?

-Аваргыг ямар зорилгоор, гүтгэж гүжирдээд байгаа эзнийг нь олох хэрэгтэй. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж яваа нэгнийгээ сэтгэл санаагаар дайрч давшлах хэрэггүй. Түүнийг эмчлүүлэх гэж байхад худлаа амлалт өгсөн хүмүүсээс хэн нь тусаллаа даа. Бие нь гайгүй болоод одоо л бэлтгэл сургуулилтдаа орох гэж байхад нь сэтгэл санаагаар дэмжихийн оронд худлаа гүтгээд. Энэ чинь ёс суртахуунгүй хэрэг. Тэр хүний нэр төрийг унагах нь хэнд ашигтай юм бэ.

Хошууч С.Энхтөр ТИЙМ ЯВДАЛ ОГТ БОЛООГҮЙ

Замын цагдаагийн газар (ЗЦГ)-ын Олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлагч, цагдаагийн хошууч С.Энхтөрөөс тодрууллаа.

-Та зөрчил гаргасан хүнийг зүгээр тавиад явуулсан юм биш үү?

-Үгүй. Аварга эв эрүүл байсан. Жолоо барьж явсан хүн нь ч эрүүл байсан. Ямар ч зөрчил гаргаагүй хүнд ямар хариуцлага тооцох юм бэ.

-Танай ажилтныг цохиж, хоорондоо маргасан юм биш үү?

-Үгүй, ерөөсөө тийм явдал болоогүй. Хэн тийм худлаа юм яриад байгаа юм бэ. Аварга маань их даруухан залуу байдаг юм билээ. Машиныг нь зогсоож шалгаад явуулснаас өөр юу ч болоогүй шүү дээ. Би худлаа юм ярьдаггүй.

Ж.Жаргал, Д.Мягмар

Дугаар 64/3136/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button