Алмаазны уурхай нээнэ гэж иргэдээс олон сая төгрөг залилжээ

Алмазны уурхай нээнэ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ хэмээн Г.Дагийрагчаа, Д.Гаваа нар иргэдээс их хэмжээний мөнгө залилжээ. Өөрөөр хэлбэл, тэд 2002 оны есдүгээр сард Монголд алмазны уурхай ашиглалтад оруулна гэж иргэн Ж-гээс 27 сая төгрөг залилсан байна. Түүнчлэн Г.Дагийрагчаа нэр бүхий дөрвөн иргэний 2-4 өрөө байрыг банк, хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавиулж, хууран мэхлэх аргаар 14 сая 570 мянган төгрөг, 9400 ам.доллар залилсан аж. Харин Д.Гаваа иргэдээс 5000 ам.доллар залилжээ. Ийм байдлаар тэд иргэдэд ойролцоогоор 60 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тэдний үйлдсэн уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд Г.Дагийрагчаад чанга дэглэмтэй хорих ангид таван жил нэг cap хорих, Д.Гаваад 19 сая 440 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна.

Гэвч тэд өөрт оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан аж. Энэ дагуу хэргийг тус шүүх саяхан хэлэлцээд Иргэдийн итгэлээр наадаж, хөлжигсдөд оноосон ялыг хэвээр үлдээжээ. Дээрх байдлаар гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэхийн тулд Урьдчилж банкаар мөнгө шилжүүлэх ёстой, Хөрөнгө оруулж ирэхээр шагнал өгнө, Өндөр хүү төлнө, Өнөө маргаашгүй хөрөнгө оруулалтын мөнгө орж ирнэ гэж иргэдийн тархийг угааж, итгүүлэн орон сууц, үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд тавиулж, зээл авахуулна. Ингэж иргэдийн мөнгийг нь өндөр хүүтэй, шагналтай зээлдэж авсан мэтээр ойлгуулж залилдаг шинэ төрлийн залилангийн хэргүүд сүүлийн жилүүдэд их гарах болжээ. Үүний нэг жишээ бол дээрх хэрэг. Г.Дагийрагчаа, Д.Гаваа нараас гадна энэ хэрэгт гадаадын иргэд ч холбогдсон аж. Өөрөөр хэлбэл, улс дамнасан банк санхүүгийн залилангийн хэргийг манай улсын иргэд гадаадын иргэдтэй бүлэглэн үйлдэх явдал ч гарч байгаа гэнэ. Түүнчлэн манай улсад гадаад руу зорчих визийн залилан газар авсан. Гадаадад очиж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн иргэдийн хүсэл, мөрөөдлөөр нь далимдуулж, тэднийг юу ч үгүй болгож залилсан хэрэг өнгөрсөн жилүүдэд олон гарчээ.

Үүнийг өнгөрсөн онд нийслэлийн шүүхээр шийдэгдсэн залилангийн хэргийн тоо баримт нотолж байна. Тухайлбал, өнгөрсөн онд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан 138 гэмт хэргийг шийдвэрлэжээ. Эдгээр хэрэгт 225 хүн холбогдсон байна. Үүнийг 2007 оныхтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 22 хувиар, ял шийтгүүлэгчийн тоо 25.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Манай улсад үйлдэгдэж буй залилангийн хэргийн 80 орчим хувь нь нийслэлд гардаг гэсэн судалгаа ч байх юм. Өнгөрсөн онд залилангийн хэргийн улмаас долоон тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлын 100 сая нь улсад, 400 сая нь аж ахуйн нэгж байгууллагад, 6.5 тэрбум нь иргэдэд учирчээ. Шүүхийн шатанд 25 сая 358 мянган төгрөгийн хохирол төлөгджээ. Үүнээс үзвэл залилангийн хэрэг үйлдэгчид илэрч, хуулийн дагуу шүүхээс ял шийтгэл сонссон ч бусдад учруулсан хохирол нөхөн төлөгдөхгүй байгаа нь харагдаж байна. Бусдад залилуулаагүй, хэн нэгэнд итгэснийхээ төлөө хохироогүй хүн цөөн. Хоёр гурван хүн бүлэглэж байгаад 400-1000 гаруй хүнийг залилсан хэрэг олон гарчээ. Одоо ч УМБГ-т залилсан этгээдүүдийг шалгаж байгаа.

Нэг талаар бусдын худал амлалт, энэ мэт зохиосон үлгэрт итгэж эд хөрөнгөө залилуулж буй иргэд өөрсдөө буруутай ч, нөгөөтэйгүүр нэгэнт алдсан юм чинь тэдний хохь нь гэж орхиж боломгүй. Ямартай ч, хууль хяналтынхан залилагчдын арга мэхийг таслан зогсоох, илрүүлэх, хариуцлага тооцож, бусдад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх ёстой. Бусдын сайхан үгэнд итгэж, ашиг хонжоо олсноос илүү алдсан нь олон байгааг иргэд өөрсдөө анхаарах биз ээ.

Б.Алтан

Дугаар 055,056/634,635/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button