Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй
Яруу найрагчдын өдрийг хамгийн гэгээлэг, оюунлаг өдөр гээд нэрлэчихсэн ч буруудахгүй биз.Энэ жилийн олон улсын яруу найргийн өдрөөр Монголын утга зохиолын их гэр бүлийнхэн Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангаа дурсч өнгөрүүллээ. Зохиолч, яруу найрагчид Цэцээ гүнд авирч, тэнд багшийнхаа Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй хэллээх үгийг мөнхөлжээ. Мөн Бэгзийн Явуухулангийн номыг дуудлагаар худалдаж, Сангийн сайд С.Баярцогт 800 ам.доллараар авсан гэнэ. Түүнээс гадна Дорнын их найрагчийн шүлгүүдийг түүвэрлэн Монгол шүлгүүд номыг англи хэлээр хэвлүүлжээ. Энэ номыг Английн орчуулагч Саймон Винкхам Смит хөрвүүлсэн аж. Монгол шүлгүүд номын хурим дээр Монголын үе үеийн зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн байлаа. Номын хуриман дээр Монголын утга зохиолын ертөнцөд том байр суурь эзэлсэн бас нэгэн од харвачихлаа гэсэн гашуун мэдээ ирсэн юм. Тусгаар тогтнолыг тунхаглан бичсэн Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж энэ өдөр тэнгэрийн оронд заларчээ. Ингээд Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан болон ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын тухай анд найз, шавь нар, үр хүүхдүүд нь хэрхэн дурссаныг хүргэе.
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо Шавь нь болсон би азтай
Багшийнхаа нэрлэсэн шавийнх нь тоонд багтсанаараа бахархаж явдаг. Намайг тоож, нэрлэсэнд нь баярладаг. Явуу багш их эрхэмсэг, шүлэг нь ч сайн өөрөө ч сайхан хүн байсан. Тиймээс халдаж дотносч чаддаггүй байлаа. Их сайхан амгалан, уужуухан зантай эр хүн байсан гэж хэлнэ. Нүүдэлчин Монголын малчин, Отгонтэнгэр уулын агуу их сүр жавхланг өөртөө агуулсан хүн дээ.
Төрийн шагналт, зохиолч Д.Урианхай Сүүнд цөцгий байдгаас үгэнд байдаггүй гэж билээ
Би Явууд шавь орж байгаагүй, хамт ажиллаж явсан хүн. Харин миний анхны шүлгийн түүвэр гарахад намайг шүүмжилж, ичээж байсныг мартдаггүй юм. Тэрээр миний анхны шүлгийн түүвэр Цагийн хууль-ийг уншаад За, Урианхай минь энэ бол мундаг яруу найрагчийн маш муу модон орчуулга шиг ном байна. Чи чинь шүлгийн мөр ч тэгшилж мэддэггүй хүн юм. Би редакторлох гэтэл арга барил таарахгүй юм байна. Олон орос ном уншсанаар нь Эрдэнээд өгье гэж хэлсэн юм. Бас Үгийн цөцгий гэдэг номыг маань Сүүнд цөцгий байдгаас үгэнд цөцгий байдаггүй юм гэж хэлж байлаа.
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Монголын яруу найргийг сэрээсэн
Багш маань Мөнгөн хазаарын чимээ-гээрээ Монголын яруу найргийг сэрээсэн юм. Мөн яруу найргийн ариусал, ялууслыг авчирсан билээ. Б.Явуухулангийн ширээг тохойлдон шүлгээ уншиж явсан нь 1960-аад оныхон бидний мөнхийн бахархал болон сэтгэлд мөнхөрсөн юм.
Ач хүү Э.Чинзориг Өвөөгийнхөө хөшөөг босгоно
Энэ жил өвөөгийнхөө хөшөөг нэрэмжит цэцэрлэгт нь босгох бодолтой байгаа. Барималч Ц.Амгалан гуай барихаар эх зургийг нь гаргачихсан. Ач нарынх нь дундаас хамгийн ахмад нь би. Намайг хоёр настай байхад өвөө маань бурхан болсон болохоор дурсч ярих юм маруухан. Гэхдээ надад сая Явуу багш, Пүрэвдорж гуай нарыг бид бурхадын дайтай шүтэж, хүндэлж, биширч явдаг гэж нэгэн залуу зохиолч хэллээ.
Л.Одончимэд Өөрийн гэсэн школ бий болгож чадсан хүн
Явуухулан бол Монголын утга зохиолд хөл тавьсан бүх хүний багш юм. Миний үеийнхэн Явуу багш шиг бичиж, Явуу багш шиг биеэ авч явж, Явуу багш шиг ярьдаг болохыг мөрөөддөг байлаа. Тэр өөрийн гэсэн школ бий болгож чадсан хүн. Би түүнтэй таван удаа уулзсан л даа. Тэр надад Яруу найраг гэдэг энгийн байж сайн болдог юм. Чиний шүлгийг хүн уншаад, би ч ингэж бичиж чадна. Гэхдээ би яагаад ингэж бичээгүй юм бол гэж бодохоор байх ёстой. Хоёрдугаарт, яруу найраг гэдэг бол тансаг байх ёстой. 2000 мөртэй яруу найраг дунд ганцхан муу үг байхад л торх зөгийн балыг зажлаад хаясан бохь ээдүүлдэгтэй адил юм болно. Хэрвээ чи сайн найрагч болохыг хүсвэл Д.Нацагдоржийн бүтээлийг л уншаад бай гэж сургамжилж байлаа. Явуу багш маш цэмцгэр, эрхэмсэг, хувцсаа гоё өмсдөг, гутал нь тоостой байхыг хэзээ ч бид хараагүй. Бас байнга зангиа зүүнэ. Бид ер нь уурлахыг нь хараагүй. Үргэлж нэг зангаараа байдаг хүн байж дээ.
Ү.Хүрэлбаатар Залуу хүнд боломж нээхийг эрхэмлэдэг байж
1980-аад оны шавийнх нь нэг би л дээ. Яруу найрагчид нийгмийн сэтгэлзүйг бусдаас илүү мэдэрдэг. Тиймээс янз бүрээр хэлмэгдэж явсан. Явуу багш сургууль төгсч ирээд Улаанбаатарын мэдээ сонины эрхлэгчээр томилогдсон юм. Гэтэл сонины нэгдүгээр нүүрэнд Лениний зургийг бүтнээр нь тавьснаасаа болж ажлаасаа халагдаж байлаа. Сонины менежмент, сурталчилгааны суурийг тавьсан юм болов уу гэж боддог. Бас залуу хүнийг их дэмждэг, боломж олгохыг эрхэмлэдэг хүн байжээ.
ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАН ДУУЛАГЧ ТААЛАЛ ТӨГСӨВ
Чингис хаанаа магтан дуулж, Тусгаар тогтнол-оо тунхаглан, Хүн төрөлхтөнд үгээ өргөж явсан Хөх даалимбан тэрлэг-тэй их хүн тэнгэрийн оронд мориллоо. Монголын уран зохиолын түүхнээ нэрийнхээ өмнө овгоо бүтэн хэлүүлдэг хэдхэн хүндтэй хүн байдгийн нэг нь яахын аргагүй Дэндэвийн Пүрэвдорж агсан байлаа. Өвгөн найрагчийн нэрийг сонссон хэний ч сэтгэлд Тусгаар тогтнол гэдэг үг өөрийн эрхгүй буудаг байсан. Тусгаар тогтнол гэж ярих нь бүү хэл хэлэхэд л үндэсний үзэлтэн, Чингис гэж дурсвал л эсэргүү болж байсан 40-өөд жилийн тэртээд хэнээс ч айж эмээлгүйгээр үгээ хэлж шүлгээ биччихсэн тэрээр даруу гэхэд дэндүү даруу амьдарсан. Тэр цагт байтугай 1980-аад онд Чингис, тусгаар тогтнол гэж хэлэх нь бүү хэл, ингэж хэлсэн хүнийг хялайн харж байсан олон, тун олон хүн өнөөдөр Чингисийг магтан дуулагч, бараг л цусан төрлийн хүн нь, тусгаар тогтнолыг хамгаалагч болчихоод цээжээ дэлдэж явахад тэр шүлгээ бичээд л, хичээлээ заагаад л алхаж явлаа.
Өнгөрсөн XX зууны хоёрдугаар хагасын Монголын уран зохиолын улс төр, иргэний, уянгын томоохон төлөөлөгч түүний Тусгаар тогтнол, Чингис, Хүн төрөлхтөнд өргөх үг, Хар цас, Хөх даалимбан тэрлэг найраглалуудыг нь мэдэхгүй цээжлээгүй өссөн хүн Монголд ховор бизээ. Тусгаар тогтнол, найраглал, Чингис шүлгүүдийг нь МАХН хориглож, хэвлэхгүй байсан ч найрагчийн энэ алдарт бүтээлүүд тэмдэглэлийн дэвтрээс тэмдэглэлийн дэвтэрт хуулагдан үе үеийнхний энгэрийн халаасанд хадгалагдаж, айлын хоймор, анд нөхдийн уулзалт дээр 26 жилийн туршид сэм уншигдсаар ирсэн. Ингэхдээ аюулаас хамгаалах, МАХН-ынханд л сэмхэн юм шиг тооцогдож байснаас биш хэчнээн аяархан уншлаа ч гэсэн, уншиж, бас сонсч байгаа хүмүүсийнхээ сэтгэлд тусгаар тогтнол гэдгийг мэдрүүлж, судсаар нь эзэн Чингисийн цус гүйж байгааг ойлгуулж эрх баригчдын чихэнд аянгын дуу шиг сонсогдож байсан.
Одоо газар дээр Чингис гэж яригсад түм түмээрээ хөлхөлдөж, хэнээтнүүд тусгаар тогтнол хэмээн цээжээ дэлдэж, Монголын тусгаар тогтнол байх эсэх нь эргэлзээтэй болж байхад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч их найрагч Дэндэвийн Пүрэвдорж маань тэнгэрийн орноо заларч аугаа их Бямбын Ренчин, Бэгзийн Явуухулан нартай уран бүтээлээ хөөрөлдөн туурга тусгаар Монгол улс, эх орноо магтан дуулах нь ээ.
Ум сайн амгалан болж, Монголын хөх тэнгэртээ амар тайван байх болтугай.
Өр зүрх өмөрч байна
Юу хэлэх вэ. Пүрэвдоржийгоо тэнгэрийн оронд заларсныг сонсоод өр зүрх минь өмрөөд л явчихлаа. Хэдхэн хоногийн өмнө хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь уулзсан юм. Би, ах аа гэдэг юм. Намайг эрхэм дээдэс ээ гэж хошигнодог уламжлалаараа Эрхэм дээдэс ээ гэж мэндэлсэн. Би ороод Хөгшнөө хэвтүүлэх далимдаа ороод ирлээ. Битгий хоосон ирлээ гээрэй. Уучлаарай гэсэн. Гэтэл Зүгээр дээ. Улаан нүүрээрээ ороод ирсэнд чинь л их баярлаж байна. Би элгэндээ жижиг мэс засал хийлгэсэн. Одоо үүнээс өөр юм идэж чадахгүй байгаа гэж билээ. Орныхоо дэргэд нэг ногоон өнгөтэй Aloe гэдэг ундаа тавьснаа зааж байсан. Раш Пунцагийн Болор эрх-ийн хоёр ботийн нэгийг дэрнийхээ доор, нөгөөг нь ширээн дээрээ тавьсан байлаа. Өөр бас нэг зузаан ном байсан ч би нэрийг нь харж чадаагүй. Тэгээд тэр Би Монголын түүхийн ботийг бүгдийг нь уншиж, хооронд нь харьцуулж үзье гэж бодож байгаа гэж ярьсан. Гэтэл утас нь дуугарч Би одоохондоо эмнэлэгт хэвтэж байна. Удахгүй тэнхэрээд гарчих байх. Одоо ирээд хэрэггүй ээ. Гарахаар уулзъя гэж хэн нэгэн хүнтэй утсаар ярьсан. Бидний сүүлчийн уулзалт байж дээ. Ингээд явчихна гэж даанч санасангүй. Уг нь инээж хөхрөөд, гайгүй л байсан юмсан.
Б.Заяа
Дугаар 055,056/634,635/