Авлига түнэр харанхуйд цэцэглэдэг
түүнд өртөхгүй байхын тулд юу мэдэж, санаж явах вэ гэсэн асуултад хариулт олж болох хэд хэдэн баримт бичиг орчуулж, авлигад өртөж болох, тодорхой ажил алба эрхэлж байгаа хүмүүсийг хамруулсан сургалт зохион байгуулжээ. Тус байгууллагын тухай болон, зохион байгуулж байгаа ажлынх нь талаар гүйцэтгэх захирал Д.Сүхбүрэнтэй ярилцлаа.
-Бидний нэрлэдэгээр гар харах явдал өдөр тутам тааралдах боллоо. Яавал гар хүндрүүлэхгүй байх вэ?
-Иргэд өөрсдөө тухайн нөхцөлд үйлчилэх хууль, дү рэм, журмаа сайн мэдэж байх хэрэгтэй. Үүнд манайхан их хайнга ханддаг. Албан тушаалтан мэдээлэл өгөхгүй, үйлчлэхгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ахин дахин явуулж байгаа бол үйлчилгээг түргэвчлүүлэх-ийг хүсэж байна гэж ойлгож болно. Мэдээж танаас шууд хээл хахууль нэхэж чадахгүй шүү дээ. Тэгвэл та яагаад ингэж байгааг нь асуух хэрэгтэй. Үйлчилгээний тариф чинь хаана байна. Ямар хуулийн заалтаар, ямар зорилгоор намайг чирэгдүүлээд байна гэж асуу. Нэр, албан тушаалыг нь мэдэж ав. Хээл хахууль өгөхгүйгээр нэг удаа ажил тань бүтэхгүй байж болно. Би л ажлаа бүтээж байвал таван төгрөг өгөх яах вэ гэж бодож болохгүй. Хуулиар үнэ төлбөргүй авах үйлчилгээгээ авахын тулд мөнгө төлөх хэрэгтэй болж байгаа бол шалгуулах хэрэгтэй.
Бүгдээрээ нийлж байгаад хяналт тавьж, асуудлыг босгох хэрэгтэй. Ер нь хээл хахууль авч байна гэдэг бол дүрэм журам мэдэхгүй, хэнэггүй байгааг чинь л далимдуулж байгаа хэрэг. Иргэд энэ мэт шударга бус байдалтай тэмцэхгүй, тэмцээд ч хэрэггүй гэж боддог. Тэмцэх хэрэгтэй шүү дээ. АТГ иргэдийн оролцоог нэмэг-дүүлэхийн тулд 1969 утас ажиллуулж байгаа, тийшээ залгах, тэр байгууллагын цахим шууданд хандаж болно. Ямар ч байсан эцсээ хүртэл явах хэрэгтэй. Иргэдийг энэ тэмцэлд оролцуулахын тулд утас ажил-луулах, мэдээлэл авах төвүүд байгуулах , хуулийн зөвлөгөө өгөх зэрэг олон арга бий.
-Авлигын тухай жирийн иргэд тийм ч сайн мэдэхгүй байх шиг санагддаг.
-Авилга олон хэлбэртэй. Хамгийн түгээмэл хэлбэр нь хээл хахууль юм. Монголчууд авлигыг хээл хахууль гэж ойлгоод байдаг. Итгэж олгосон эрх мэдлийг хувьдаа орлого олохын тулд ашиглахыг авлига гэдэг. Ямар ч албан тушаалтан эрх мэдлээ буруу ашигласан бол авлига үйлдэж байна гэж үзнэ. Энэ нь зөвхөн төрийн албан хаагчид хамаарахгүй шүү дээ. Эрх мэдэлтэн эрхээ урвуулан ашиглах, танил талдаа давуу тал олгох, найз нөхөддөө илүү хандах, өмч хөрөнгө шамшигдуулах зэрэг нь бүгдээрээ авлига юм. Авлигатай тэмцэх гэдгийг хүмүүс Авлигатай тэмцэх газар мөрдөн байцаалт хийгээд л шийдчихнэ гэж ойлгодог. Авлигагүй байна гэдэг нээлтэй, шударга, хариуцлагатай байхыг хэлж байгаа юм. Бүх байгууллага, бүх үйлчилгээ, эдгээрийн мэдээлэл нээлтэй байх юм бол хээл хахууль өгөх хэрэггүй болно.Байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, тарифууд, ажлын хуваарь, хариуцах хүний нэр, албан тушаал ил тод байх юм бол үйлчлүүлэгч сонголтоо хийгээд л явчихна. Авлига түнэр харанхуйд цэцэглэдэг гэсэн үг байдаг. Мэдээлэл хүртээмжтэй байх юм бол үйлчилгээ авахын тулд хээл хахууль өгөх хэрэггүй. Тэр утгаараа авлигын эсрэг тэмцэл гэдэгт нээлттэй байдал, хариуцлага, ажилтны ёс зүйтэй, шударга байдал, энэ бүгдийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй.
-Үндэсний бүлэг хэрхэн байгуулагдсан бэ. Байгуулагдаад ямар ажил амжуулав?
-Транспэрэнси интернэшнл байгууллага 1993 онд Берлинд байгуулагдсан. Одоо 100 гаруй оронд үндэсний бүлэгтэй болоод байна. Түүний нэг нь манай үндэсний бүлэг юм. Манай бүлэг 2003 онд Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. Транспэрэнси интернэшнл байгууллагыг үндэслэн байгуулагч Петер Айгэн Дэлхийн банкинд ажиллаж Африкийн буурай хөгжилтэй орнуудад төсөл хэрэгжүүлж байхдаа тухайн орнуудын төр засаг, Дэлхийн банкинд өөрт нь ч авлига нэлээд байгааг анхаарч, ангижрах хэд хэдэн санал гаргасан боловч Дэлхийн банк тэгтлээ ойшоож ажил болгоогүй юм билээ. Ингээд 1993 онд энэ байгууллагыг хэдэн нөхөдтэйгөө хамтран байгуулжээ. Яагаад үндэсний бүлэг гэж нэрлэж байна гэхээр авлига өөрөө гэмт хэрэг. Гэмт хэрэг гарлаа гэхэд тухайн орны хууль зүйн хүрээнд шийддэг. Тэр утгаараа тухайн улсынхаа хуулийг мэддэг иргэд нь үндэсний бүлэгт ажиллах ёстой гэж үздэг. Бидэнд авлигын эсрэг хэрхэн ажиллах, сургалт, судалгаа хэрхэн зохион байгуулах заавар зэргийг ирүүлдэг юм.
Манай үндэсний бүлгийн захирлуудын бүрэлдэхүүнд иргэн Д.Ламжав, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, Сант марал судалгааны төвийн захирал Л. Сумати, Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, МҮХАҮТ-ийн ажилтан У.Нэргүй нарын хүмүүс ажиллаж байна. Манайд үндэсний бүлэг байгуулагдаж байсан тэр үед Монголд авлига гэгч юм байдаггүй гэж үздэг, түүнийг илрүүлэх улс төрийн эрмэлзэл огт байхгүй тун хэцүү цаг үе байсан. Энэ үед авлигын эсрэг ажиллаж байсан цөөн хэдэн ТББ нь зохион байгуулалтад орж чадаагүй, тус тусдаа төсөл хэрэгжүүлж байлаа. Манай байгууллага авлигаас сэргийлэх тал дээр нь илүү анхаарч ажилладаг. Сургалт, судалгаа явуулдаг. 2003 оноос хойш авлигын эсрэг хэд хэдэн том баримт бичиг, Авлигын эх сурвалж бичиг, Үндэсний шударга ёсны тогтолцоо ном орчуулж,хэвлэн гаргалаа. Мөн өөрийн байр суурийг мэдээллийн хэрэгслүүдээр илэрхийлж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. 2007 оны дөрөвдүгээр сард бид албан ажлын байраа нээгээд үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллаж байна.
-Ямар сургалт зохион байгуулсан бэ?
-2007 оноос хойш хоёр том сургалт явуулсан. Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд НҮБ-ээс зарласан Авлигын эсрэг өдөр-ийг тэмдэглэдэг. Тэр өдрийг тохиолдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаан дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь сэдвээр НҮБХХ, АТГ-тай хамтран яам, агентлагийн мэргэжилтнүүд, донор байгууллагын төсөл хэрэгжүүлэгчид, захиргааны хэргийн шүүгчид, мөрдөн байцаагчдыг оролцуулан сургалт зохион байгуулсан. Мөн Их Британийн ЭСЯ, Ил тод байдлыг дэмжих сангийн тусламжтайгаар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхтэй хамтран анхан болон давж заалдах шатны бүх шүүхийн шүүгч, шүүхийн ажилтнууд, Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч зэрэг нийт 700 гаруй хүнийг сургалтад хамрууллаа. Транспэрэнси интернэшнл жил бүр Дэлхий нийтийн авлигын тайлан гаргадаг. 2007 оны тайлан Шүүхийн тогтолцоон дахь авлига сэдвээр гарсан. Тайланг орчуулах, ариутган шүүх зэрэг ажилд шүүгчид бас оролцсон юм шүү.
-Манайд авлига ямар хэмжээнд байгааг хэр судалж гаргасан байдаг бол?
– Транспэрэнси интернэшнл байгууллага Авлигын индекс, Дэлхий нийтийн авлигын хэмжүүр, Хээл ха-хууль төлөгчдийн индекс гэсэн дэлхийг хамарсан гурван том судалгаа явуулдаг. Манай улс 2004 оноос Авлигын индекс судалгаанд хамрагдаж эхэлсэн. Бид энэ судалгаанд хамрагдаж байгаа нийт 180 гаруй улсаас Монгол улс зуун тавд жагсаж байгаа. Хэддүгээр байранд орж байгаа нь хамаагүй. Хэдэн оноо авсан бэ гэдгээр хэмжигддэг. Манайх 2004 оноос хойш хамрагдахдаа 2,8-3 оноо авч байгаа. Хэрэв 10 оноо авсан бол авлига мэдрэгдэхгүй байна гэсэн үг. Бизнесийн хүрээнийхнээс мөн тухайн улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгуул-лагуудын тайлан зэрэг 3-12 эх үүсвэрээс гаргаж ирдэг. Цэвэр 10 оноо авсан орон байдаггүй. Онооны тоо доошлох тусмаа муу гэсэн үг. Харин 2.8-аас доош оноо авбал дампуурсан төр гэж үздэг. Гурван оноо авсан бол авлига хяналтгүй байна гэсэн үг. Авлига хяналтгүй байна гэдэг нь улс орны бүх хүрээ, бүх салбар, бүх түвшинд авлига байна гэхээс гадна, 5-аас доош оноо авсан улс орнуудад хөрөнгө оруулах явдал эрсдэлтэй байдаг гэж үздэг. Манайх энэ ангилалд ордог. 2009 онд манай улс анх удаа Дэлхийн нийтийн авлигын хэмжүүр судалгаанд хамрагдах гэж байна. Энэ судалгаанд 60 гаруй орон хамрагддаг. Үүгээр авлигын шинж чанарыг илүү нарийн гаргадаг. Энэ судалгааг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хийгээд явуулчихсан байгаа. Удахгүй дүн нь гарах байх. Сонирхолтой дүн гарна гэж бодож байна. Ингэж манайх хоёр дахь том судалгаанд хамрагдаад байна. Түүнээс гадна, АТГ-аас Монголын залуучуудын шударга ёсны байдалсудалгааг Транспэрэнси интернэшнлийн Өмнөд Солонгос дахь салбартай хамтран хийж дүнг өөрийн вэб хуудсанд байршуулсан байгаа. Ер нь авлигын асуудлаар янз бүрийн байгууллагууд судалгаа хийсэн байдаг . Гэхдээ манайх тэр болгоныг ажилдаа хэрэглэдэггүй. Хэр сайн үндэслэлтэй, хөндлөнгийн байж чадаж байна гэдгийг мэдэхгүй байна. Харин АТГ-ын судалгаанд итгэдэг. Өөрсдөө цаашид судалгаа хийнэ гэж бодож байгаа.
-Энэ онд ямар ажил хийхээр төлөвлөж, хэрэгжүүлж байна вэ?
-2009 онд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтарч Шүүгчийн ёс зүйн дүрмийг илүү боловсронгуй болгох талаар санамж бичиг үйлдсэн. Энэ дүрмийг АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр сайжруулж хязгаарлалтуудыг нь тодорхойлоод өгчихсөн юм. Гэхдээ түүнийг шүүгчийн ёс зүйн Банглорын зарчим-д нийцүүлэх хэрэгтэй байгаа. Банглорын зарчим гэдэг нь Энэтхэгийн Банглор хотод 81 Ерөнхий шүүгч хамтран эцэслэн гаргасан шүүгчийн ёс зүйн зарчмууд юм. Тэр зарчимд яагаад шүүгч ийм ёс зүйтэй байх хэрэгтэй вэ гэдгийг зааж, тайлбарлаж өгсөн байдаг. Манай ёс зүйн дүрэм боломжийн гэгддэг боловч ямар учраас шүүгч ийм байх ёстой вэ гэдгийг оруулж өгөх хэрэгтэй байгаа юм. Манай шүүгчид олон улсын олон гэрээ конвенцийн заалтуудыг мөрдөх ёстой гэж бид үздэг. Тэр заалт бүхнийг сануулж, ямар учраас шүүгч ийм ёс зүйтэй байх ёстой вэ гэдгийг илүү ойлгуулж өгөх хэрэгтэй байна. Ер ёс зүйн дүрмийг сайжруулах, түүний талаар сургалт явуулах ажлыг Монголын шүүгчдийн холбоотой хамтарч хийнэ гэж найдаж байгаа.
-Та нарт иргэд ханддаг уу?
-Иргэд одоохондоо хандаагүй байна. Бид хуульч биш учраас тэдэнд тусалж чадахгүй. Харин авлигын эсрэг хэрхэн тэмцэх тухай гарын авлагуудыг нэн түрүүнд бэлтгэж өгөх хэрэгтэй байна. Манайх энэ жил вэб хуудастай болно. Түүнээс олон нийт мэдээлэл авах боломжтой болно. Бид асуудлыг босгож, анхаарлыг хандуулж өгдөг. Цаана нь мэргэжлийн олон байгууллага хүмүүс байна, тэд ажиллах хэрэгтэй. ТББ-тай хамтраад болохгүй байгаа асуудлыг залруулахын тулд төр засагт шахалт үзүүлэх хэрэгтэй. Санхүүжилт олдвол эрүүл мэнд, боловсролын салбар дахь авлигын эсрэг гарын авлага гаргах бодолтой байна. Ингэж монгол хэл дээр гарын авлагатай болоод, түүнийгээ түгээчихвэл хүмүүс авлигатай тэмцэх аргаа олно шүү дээ. Манай байгууллагын онцлог бол дан ганц шүүмжлэхдээ биш, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бэрхшээлээс гарах гарц, аргыг нь олж өгөхдөө байгаа юм. Бид, иргэд нэгэнт авлигын хор уршгийн талаар мэдлэгтэй болсон цагт авлигатай тэмцэж, авлигагүй нийгэм бий болгоно гэдэгт итгэгдэг, өөдрөг үзэлтэй хүмүүс.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Манай иргэний нийгмийн байгууллага бусад ТББ-ын адил зорилгоо тодорхойлж, төсөл бичиж санхүүжилт олсноор төслөө хэрэгжүүлдэг. Анх оффисоо нээгээд байх үед бид санхүүжилт хомс байсан үе. Тэгээд бидэнд дэмжлэг үзүүлэхийн тулд манай байгууллагын Зүүн Азийн салбар Улаанбаатарт хурал хийхээр болсон юм. Мэдээж үндсэн зардлуудаа өөрсдөө гаргасан, гэхдээ нэгэнт энд хийж байгаа болохлоор бид ч бас зүгээр байж болохгүй ш дээ. Оролцогч нарт зориулж хүлээн авалт хийх, бас нутгаа үзүүлэх гээд санхүүгийн асуудлууд босч ирсэн. Яг энэ үед, биднийг тэвдэж явахад туслаж сэтгэл гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Хаан банк, Ньюком ХХК-ний удирдлагад талархсанаа илэрхийлж байна. Бидэнд урам зориг хайрлаж дэмжлэг үзүүлж байдаг Зоос банк, Их Британий ЭСЯ, Бэнби Сан ХХК, Ил тод байдлыг дэмжих сан зэрэг байгууллагуудад баярлаж явдгаа илэрхийлье.
Ж.Сэлэнгэ