Б.Мөнхбаатар Замыг өргөжүүлэх боломжгүй. Барилгуудыг нураалтай биш
-Дарга олширвол данхайсан бүтцийн цаана ажлын эрч суларч, хариуцлага үүрэх хүнгүйддэг биш үү. Энэ талаар таны бодол?
-Улаанбаатар хотын захиргааны бүтцийг шинэчилж орлогч нарын тоог дөрөв болгох шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан. Улаанбаатар хотын бодлогын чанартай асуудлыг зангидаж ажиллахад орлогч нар их үүрэгтэй. Өмнө нь газрын бүх асуудлыг хотын дарга шийднэ, байхгүй бол ганц орлогч нь зохицуулдаг байв. Одоо газрын дарга нарын хоорондын харилцааг зохицуулахад бидний үүрэг их. Нийслэлийн газрын албаны дарга болон Тээврийн газрын даргын статус ижил. Салбар хариуцсан орлогч эдгээр газрын асуудлыг хооронд нь уялдуулдаг. Хариуцлагатай ч ажиллах ёстой.
-Шинэ ажил аваад яг гурван cap болжээ. Таны хариуцсан салбарт ямар асуудал байна вэ?
-Улаанбаатар хотын төсөв, бүтэц, орон тоог шинээр батлалаа. Хотын ерөнхий төлөвлөгөөнд Японы Жайка байгууллагын тусламжтайгаар судалгаа хийж ажил хэрэг болгох л үлдсэн. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам түлш, эрчим хүчний салбартай нийслэлийн Засаг дарга хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж гэрээ байгуулсан. Хотыг зүүн, баруун тийш нь тэлж барилга барихын тулд шугам сүлжээний асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Иргэдийг хээр талд аваачаад суурьш гээд орхиж болохгүй. Тийм газарт бүтээн байгуулалт хийхэд ч хэцүү. Эхлээд цэвэр бохир усны хоолой, цахилгааны, инженерийн шугам сүлжээ барих мөнгөө олмоор байна. Улаанбаатар хотод ундны шинэ эх үүсвэрийн асуудал босч ирсэн. Үүнийг шийдэхээр хотын дарга Оросоос дэмжлэг хүсч байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 мянган айлын орон сууц барина гэж тусгасан. Тиймээс Найрамдал, Баянгол, Налайх руу бохир, цэвэр усны шугам татмаар байна. Одоогоор гэр хорооллыг барилгажуулахаар нэлээн хэдэн газар шинэ ажил эхлүүлээд байгаа. 6, 7 дугаар бичил хорооллын шугамыг татаж байна. Наран туул захын орчимд 14 дүгээр хорооллыг шинээр барьж байгаа гээд барилгын салбарын ажил өрнөж байна. Гэхдээ л бэрхшээлгүй ажил гэж алга. Нийтийн тээврийн салбарт сүүлийн жилүүдэд менежмент хийгээгүй. Автобус 1, 2, 3, цахилгаан тээвэр компанийг бодлогоор дэмжсэн. Саяхан паркийг нь шинэчилж, хөрөнгө орууллаа. Хужирбулан, Гачуурт, Био, Яармаг гээд хотын захруу автобус ерөөсөө хүрэлцдэггүй. Иргэд ч өндөр үнэтэй хувийн унаа царайчилсаар ирсэн. Солонгосоос 400 автобус шинээр авахаар тохирч 60 нь үйлчилгээнд гарч хот нэг ч гэсэн асуудлаа шийдлээ. Шинэ автобусуудыг зээлээр авсан учраас автобус компаниуд хуримтлалын сан үүсгэж төлбөрөө буцаан төлөх, эвдрэл, элэгдвэл сэлбэг авна гээд дараагийн асуудлаа шийдэхээр зохицууллаа.
-Улаанбаатар хотын замын түгжээ хэрээс хэтэрчээ. Ялангуяа ажил цуглах, тарах үеэр таван км газарт бараг хоёр цаг явах нь энүүхэнд. Асуудлыг шийдэх өөр гарц байна уу?
-Улаанбаатар хот 400 гаруй км замтай. 80 гаруй хувь нь насжсан. Замуудаа шинэчилж, өргөтгөмөөр л байна. Гэтэл жаахан зайтай газар харагдвал байшин барьсаар байгаад зам нь битүүрч, буцаж гардаг болихжээ. Одоо замаа өргөжүүлэх боломжгүй. Замын сүлжээгээ өргөжүүлэх гээд барьсан барилгуудыг нураалтай биш.
-Замын түгжрэлийг багасгахын тулд хотын удирдлага дорвитой ажил юу хийв. Төрийн захиргааны байгууллагынхан ажлаа олигтой хийхгүй хэрнээ л цалин аваад л явах юм гэж шүүмжилдэг. Таныхаар бол…?
-Гол гол гудамж, замд давхар зам барихаар төлөвлөсөн. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон. Хүмүүс баруун талаас зүүн тийшээ явахын тулд заавал хотын төвөөр дайрдаг болохооор бөглөрөл үүсч, ачааллыг нэмдэг. Зүүн, баруун дөрвөн зам дээр давхар зам тавина. Олон жил ярьсан том ажил бол гүүрэн зам барих явдал. Тээврийн товчооноос хойшоо төмөр зам даваад Хан-Уул дүүргийн цагаан хаалганаас наашаа явсан замтай холбох ажлыг хийхээр бэлтгэл хангах шатандаа явна. Энхтайваны гүүрээр өдөртөө 45000 автомашин явдаг. Хоёр дахь гүүрийг барьчихвал 25 мянган машин өдөрт үүгээр гараад байх болов уу. Төв замын ачаалал ч буурна.
-Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийслэлийн ажил амьдралтай танилцахдаа шинэ гүүрийг яаралтай барихыг холбогдох мэргэжлийн хүмүүст сануулж байсан байх аа?
-Тийм шүү. Энэ гүүр баригдчихвал заавал Энхтайваны гүүр рүү явах албагүй. Баруун дөрвөн замаасаа Хан-Уул руу явж болно. Хотын төв замын ачааллын тал хувийг бууруулна. Гүүрийг барихад Японы талаас 36 сая долларын хөрөнгө оруулна. Харин манай талаас энэ намар гэхэд газрыг нь чөлөөлсөн байх ёстой. Инженерийн шугам сүлжээг нь янзлах хэцүү ажилтай тулгарсан. Цэвэр, бохир усны шугам, дулаан, цахилгаан, холбооны шугам гээд газар доогуурх хотын асуудал хөндөгдөөд байна. Цахилгаан холбооны газраас надад бичиг ирүүлсэн. Энэ ажлыг хийх мөнгө алга гэжээ. Энэ гүүрний ажилд бид их ач холбогдол өгч төсөвт 1.1 тэрбум төгрөг суулгасан. Харамсалтай нь хямралаас болоод хасагдчихсан.
-Замын нэгдүгээр эгнээ зогсоол болсон. Хууль, дүрмийг хэрэгжүүлж замын түгжрэлээ бууруулж болдоггүй юм уу. Эрхзүйн хувьд зогсоолоос мөнгө босгох боломжтой юу?
-Төлбөртэй зогсоолын асуудлыг удахгүй шийднэ. Хотод замын хөдөлгөөний дүрэм, соёл алга. Менежмент ч байхгүй. Ажлын хэсэг гарч, төлбөртэй зогсоолоор замын ачааллаа бууруулж, бас мөнгө олдог болгохоор судлаж байна. Грашууд баригдаж байгаа. Гэхдээ л мөнгөнөөс болоод барилгуудын дор граш барих асуудал төдийлэн сайн шийдэгдэхгүйгээс замаа зогсоол болгоод байна. Зүүнээс баруун дөрвөн зам хүртэл нэгдүгээр эгнээнд машин зогсоохгүй болгоно. Замын бүх асуудлыг цогцоор нь шийдвэл автозамын ачаалал буурна.
-Газрын асуудал байнга л маргаан, хэл ам дагуулдаг. Таны хариуцсан салбар байх аа?
-Тийм. Асуудал ихтэй. Авсан газраа хэмжээнээс нь хэтрүүлээд барьчихна. Тиймээс дүүрэг бүрт нийтийн эзэмшил газрыг хааж боосон, хашаа чингэлэгүүдийг тоолж, явган хүний болон автозамыг чөлөөлнө. Ажлын хэсэг дүүрэг бүрт гарсан. Хамгийн их чингэлэгтэй дүүрэг бол Баянгол. Нийслэлийн газрын албаны том хашаа байгаа. Хураасан чингэлгүүдийг тийш нь зөөнө. Гэхдээ чингэлэг нүүлгэх зардлыг тухайн эздээс нь гаргана. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувь дээр нийт хүн амынх нь тал нь амьдрахаар асуудал үүсэхгүй гэж үү. Хүн бүр газартай болох гэдэг. Газар өөрөө хязгаарлагдмал. Иргэдийн төвлөрлийг сааруулахаар Био руу газар ав гэж хэлж болно. Гэхдээ ямар албадан буулгалтай биш дээ. Тэнд нийгмийн дэд бүтэц хэрэгтэй. Жил бүр л Улаанбаатар хотод 10 мянган айл цахилгаангүй байна гэсэн судалгаа гардаг. Тэдэнд зориулж нэг тэрбум төгрөгөөр цахилгаан татаж өгдөг. Дараа жил нь нөгөө тоо буурахгүй дахиад л уулан дээр 10 мянган айл лаа барьж суудаг.
-Өөр гарцаар үүнийг шийдвэл яасан юм бэ?
-Шилжилт хөдөлгөөний асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, статус хүнд. Хууль эрх зүйн орчин нь нэгдмэл. Төрийн байгуулалттай. Улаанбаатар хотын онцгой статусыг яривал бүх хуульд гар хүрэхээр болдог. Улаанбаатар хотын газар нутгийн цэсийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Шилжилт хөдөлгөөний асуудал Улаанбаатар хотын хөгжилд саад болж байна. Төсвийн хувьд төвлөрсөн. Олсон орлогоо бүгдийг нь улсад өгчихдөг. Гэтэл хотод хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
-Нийслэлийн өмч, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж эдийн засгаа эргэлдүүлэх гэж үзэв үү?
-Үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, гадны хөрөнгө оруулалтаар ажил хийе гэхээр хууль эрх зүйн хувьд хязгаарлагддаг. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж байж цаашаа хөгжиж асуудлаа баг багаар шийднэ. Газар дор бүхэл бүтэн байшин барилга аятай инженерийн байгууламж байна. Энэ бол хөрөнгө оруулалт шаардахгүйгээр хийх ажил биш. Хөрөнгө орулалт шаардахгүй ажлууд бий. Журам гаргаж цэгцлэх юм уу, төлбөртэй зогсоолын асуудал. Одоо хотоо хөгжүүлэх гэж хөрөнгө оруулалт хайж явах биш иргэдээс дэмжлэг авна. Гэр хорооллын нөхцлийг сайжруулахаар дахин төлөвлөлт хийж байна. Хотын төвд буй хэсгийг нь барилгажуулна. Иргэд би гэр хорооллынх гэлтгүй орчноо өөд нь татах хэрэгтэй. Төрөөс бүгдийг нэхдэг сэтгэлгээг өөрчлөнө. Тавиад өгсөн шон, тоглоомын талбайг хүн шиг эдлээд гамнаад, хайрлаж хамгаалахгүй буулгаад, будаа болгочих юм. Өөрөө хөлсөө гоожуулан ажлаа хийсэн хүн түүнийгээ хайрладаг. Хотынхоо төлөө төрийн бус байгууллага, иргэд хамтарч ажиллах ёстой. Захиргааны арга барилаас бид сална. Нэг нь нэхэж нөгөө нь өгөх биш хамтран ажиллана. Ерөнхийлөгч гэр хорооллын гудамжуудыг тохижуулах сайхан санаачилга гаргасан. Үүнийг хийх гол хүмүүс нь төрийн бус байгууллагууд. Энэ бол сэтгэлгээний өөрчлөлтөөр л хийх ажил. Хот, хотынхон өөрсдөө соёлжих хэрэгтэй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хаанаас ирсэн нь мэдэгддэггүй хүн их байдаг. Тиймээс хэцүү асуудал ихтэй. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хотын унаган иргэд суурьшчихсан, арай л өөр, соёлтой нь мэдэгддэг. Замбараагүй буусан айлуудыг манайхан цэгцэлж эхэлж байгаа. Хүмүүс нь хүүхдийнхээ төлөө айл бүр хашаагаа 2 метр дотогш татаж машины зам, хүүхдийн тоглоомын талбай барихад болохгүй гэх газаргүй. Тэдний эрх ашгийн төлөө, хүүхдүүдийнх нь төлөө нийслэл, дүүргээс багахан төсөв гаргаж ажил хийж байгаа учраас. Үүнийг зөвшөөрөх нэг хэсэг байхад хувиа хичээж өөрт хамаагүй гэх хүн байна. Энэ бол иргэд, төрийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг харуулсан ажлын нэг хэлбэр. Хэрэв иргэд жаахан талбай гаргавал хоорондоо нэгдээд аж ахуй эрхэлж болно. Хашаа, үл хөдлөх хөрөнгө, өмчлөгдсөн газрын үнийг тогтоох журам гаргах хэрэгтэй. Зам, инженерийн шугам тавих газрыг өмчилсөн бол төр үүнийг албадан авдаг болох ёстой. Ингэхгүй бол нэг айлын хэлсэн дурын үнээс болоод ажил гацдаг. Олон хүний эрх ашиг хохирдог. Нэг үеэ бодвол энэ олон хүндрэлтэй асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд ойлгодог болжээ.
-Дүүргийн Засаг дарга хотын мээрийн орлогч болно гэж хэн ч санаагүй байх. Таныг томчуудын халаасны хүн үү, яагаад гэнэт дээшээ гарав гэж олон таавар уралдуулсан шүү?
-Би 10 гаруй жил, бүр оюутан байхаасаа л эхлэн МАХН-ын залуучуудын байгууллагад ажиллаж ирсэн. Тэр үед надтай хамт ажиллаж байсан залуучууд бүгд л тодорхой хэмжээнд алба хашиж, дарга болсон. Хаана ч гэсэн төрийн ажлыг залуучууд хийх учиртай. Магадгүй, бидний үе ирсэн байх. Би БСШУЯ-нд газар, хэлтсийн даргаар ажиллаж байгаад Лондонд магистрт суралцахаар явсан. Төгсч ирээд ажилдаа орох гэтэл боломжгүй гэсэн. Нийслэлийн ЗДТГ-т Хотын хөгжлийн бодлогыг хариуцан ажилласан.Тэр үед байгаль орчин, хүний нөөц гээд бүх ажил руу бид ордог байсан. Энэ нь ч одоо тус болдог. Дараа нь Баянзүрх дүүргийн Засаг даргын албыг жил шахам хугацаанд хашлаа. Энэ бол улс төрийн том итгэл хүлээлгэсэн явдал. Нийслэлийн ЗДТГ-т ажиллаж байхад хийдэг байсан ажлын нэг хэсэг нь одоогийнхтой уялдаатай юм билээ. Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүрэгт бид том амжилт гаргаж 100 хувь сонгогдсон. Их залуу баг бүрдүүлсэн. Бус-дын өгсөн итгэлийг би зүтгэлээр хариулдаг. Манай баг, хамт олны хүч ч энд бий.
Д.Мягмар
Дугаар 64/3136/