Л.Пүрэвдорж Валютаар төлбөр тооцоо хийж буй эсэхэд шалгалт хийнэ
-Онцгой түр хорооны хуралдаанаас ямар шийдвэр гарав?
-Хямралыг даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх Онцгой түр хороо шаардлагатай үед хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргаж байна.Түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Монголбанкны төгрөгийн ханштай холбоотой арга хэмжээний талаархи мэдээллийг сонссон юм. Хурлаас Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрээс орох мөнгийг дахин тооцох, уг асуудалтай холбогдуулан Сангийн яам, Засгийн газар тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн. Мөн төрийн байгууллагуудаас ам.доллараар хийх төлбөр тооцоог нарийсгаж үзэн төлбөрийн баланс, тэнцэл, гадаад худалдааны тооцоог улирал бүр шинэчилж үзэх чиглэл гаргасан.
Олон улсын валютын сантай тохирсон тохиролцоон дотор Монгол Улс 200 хүртэлх сая ам.доллар арилжааны зээл авахыг зөвшөөрсөн. Тэрхүү зээл богино хугацаанд хөөцөлдөж авч байж зах зээл дэх ам.долларын хэмжээг нэмэгдүүлнэ гэх зэрэг чухал шийдвэрүүд гаргасан. Монгол Улсын валютын зохицуулалтын тухай хуулиар арилжааны банкууд л ам.долларын гэрээ хэлцэл хийж зээл олгох эрхтэй. Бусад байгууллага төгрөгөөр төлбөр тооцоо хийх учиртай. Холбогдох байгууллагаас авсан арга хэмжээний дүнд төгрөгөөр төлбөр тооцоо хийдэг болж байна. Гэхдээ энэ ажилд хүч өгье гэсэн шийдвэрийг хурлаас гаргасан. Үүний үр дүнд дөрвөн байгууллагаас ажлын арван хэсэг гарч төгрөгөөр төлбөр тооцоо хийж байгаа эсэхийг нягтлах юм.
-Валютыг тухай хуульд ямар зохицуулалт хийх вэ?
-Валютын зохицуулалтын тухай хуулийг нарийсгах хэрэгтэй гэж үзээд хуулийн төслийг шинэчилсэн найруулгыг хийж дууслаа. Хаврын ээлжит чуулганы үеэр өргөн барина. Монголбанкнаас төлбөр тооцоог төгрөгөөр хийхтэй холбогдуулан цөөн заалттай хуулийн төсөл өргөн барьсан ч ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжаагүй юм.
-Төгрөгөөр тооцоо хийсэн тохиолдолд урамшуулах, валютаар тооцоо хийвэл хариуцлага хүлээлгэх зэрэг зарчим баримталж болох уу?
-Хуулийг хэн ч мөрдөх ёстой тул урамшуулал байх учиргүй. Хариуцлага хүлээлгэхийн тулд хуулиар дээд тал нь 250 мянган төгрөгөөр торгодог. Гэтэл энэ нь бодит амьдралд нийцдэггүй юм байна.
-Валют арилжааны цэгүүдийг эмх журамд оруулах талаар ямар арга хэмжээавах вэ?
-Санхүүгийн зохицуулах хорооноос эл асуудалд анхаарал тавьж ажиллаж байна. Бусад улс орны хувьд банкнаас гадуур валют солилцооны цэгүүд ажилладаг. Гэхдээ уг цэгүүд нь байртай, үндсэн хөрөнгөтэй, эрсдлээ даах чадвартай, хууль зүйн дагуу бүртгэлтэй, үйлчилгээний стандарттай байдаг юм билээ. Энэ дагуу журамлах ажлаа Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулж эхэлсэн. Тавдугаар сарын эхээр энэхүү журам тогтоно.
-ОУВС болон хандивлагч орнуудын амласан зээл тусламж хэзээ, ямар хэлбэрээрорж ирэхвэ?
-Олон улсын валютын сангийн удирдах зөвлөлийн хурал ирэх сарын 1-ний өдөр болно. Энэ хурлын дараа валютын сангийн мөнгө орж ирнэ. Эхний ээлжинд 75 сая ам.доллар өгнө гэсэн. Цаашид хандивлагчдын мөнгө тусгай графикийн дагуу ирэх юм. Олон улсын валютын сангийн 224 сая ам долларыг Монголбанкинд гадаад валютын нөөцийг нэмэх зорилгоор ашиглах бол бусад зээл тусламжийг төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор ашиглана. Энэ бүхэн нөгөө талаар валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж үзсэн. Зээл тусламж олгох ажиллагаа 2010 он хүртэл үргэлжилнэ. Ерөнхий сайд С.Баяр албан ёсны айлчлалын үеэр ОХУ-тай байгуулсан гэрээ нь Засгийн газар хоорондын зүйл биш. ОХУ-ын Сельхоз банк манай арилжааны дөрвөн банктай байгуулж буй гэрээ юм. Манай улсын хөдөө аж ахуйг дэмжих зориулалттай зээл гэсэн үг. Зээл нь тоног төхөөрөмж, үр, бордоо гэх зэрэг хэлбэрээр орж ирнэ. Хэдийгээр ам.доллараар ирэхгүй ч төгрөгийн ханшинд эерэгээр нөлөөлнө.
Д.Дорж
Дугаар 052