Монголын ураны салбар дахь хамтрагч аль нь вэ?
Одоо олон улсын цөмийн энергийн агентлагийн зөвлөмж, саналын дагуу бага зэрэг өөрчлөлт оруулаад УИХ-д өргөн барина. Үүний дараа хууль нь төрнө хэмээн албаны хүмүүс ярьсан. Зарим хүн ураны талаар баримтлах төрийн бодлого огт алга гэж шүүмжилдэг. Харин Цөмийн энергийн газрын дарга үүнийг эсэргүүцэж, Огт бодлогогүй гэж хэлж болохгүй. Өмнө нь нууцын зэрэглэлтэй байсан зарим зүйл ил тод болж байгаа. Үүнийг ойлгох, ойлгохгүй хүмүүс янз бүрийн л юм ярьж байна хэмээсэн. Гэхдээ л Мон Атом төрийн өмчит компани цаасан дээр л байгуулагдсанаас биш бараа сураггүй л байгаа юм билээ. Манай улс өмнө нь Мардайн ордыг орос ах нартаа багахан хэмжээгээр ашиглуулж байсан гэдэг. Дараа нь энэ чиглэлээр япончуудтай хамтарч ажиллах боломж байсан ч тухайн үеийн улстөрийн хоёр өөр систем тээг болсон түүхтэй.
Хэрүүлийн алим болж болзошгүй сэдэв нь гэрээ, хэлэлцээр. Өмнө нь хойд хөрштэйгээ хамтарч ажиллах гэрээ байгуулсан хэр нь одоо түүнийгээ зөрчөөд француудад найр тавибал улс хоорондын үл ойлголцол бий болно гэж болгоомжлох нэгэн ч байдаг. Харин нөгөө нэг нь Яг ч оросуудтай албан ёсоор гэрээ хийсэн зүйлгүй л дээ. Ер нь Дорнодын Мардайн ордыг нэг их ашиглаж шалиагүй шүү дээ гэж бөөрөнхийлнө. Аль эсвэл Мардайн ордоо оросуудтай хамтран ашиглаж, Гурван булаг гэх мэт ордоо француудтай хамтран ашиглах гэж байгаа юм уу. Энэ бүхнээс жирийн иргэд үнэн, худлыг ялгахаа болиод байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Европын орнуудад хийж байгаа айлчлалынхаа үеэр Бид Монголын дорнод бүсийн Гурван булаг, Мардайн ордыг ашиглах цаг нь болсон гэдгийг түс тасхан хэлчихсэн. Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Монголын цөмийн энергийн газар, хойд хөршийн цөмийн эрчим хүчний төрийн өмчит Рос Атом корпорацийн удирдлагууд хамтран ажиллах хэлэлцээрт тарын үсэг зурсан юм. Энэ нь олны анхаарлыг ихэд татсан. С.Баяр Ерөнхий сайд болсноосоо хойш Монголын нутагт буй ураны ордуудыг ашиглах талаар ярьж байсан нь дээрх хэлэлцээрээр ажил хэрэг болох эхлэлээ тавилаа гэж ажиглагчид үзэж байгаа.
Алт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль дэлхийг багагүй сүйтгэсэн. Одоо уран олборлох нэрээр бүрмөсөн устгачих юм биш үү гэж зарим эх оронч эргэлздэг. Харин мэргэжилтнүүд үүний эсрэг саналтай байна. Тэд Уран өндөр ашигтай ч бас аюултай. Атомын цахилгаан станц, анагаах ухаан зэрэгт ашиглахаас гадна үй олноор устгах цөмийн зэвсэг ч болно. Тийм учраас маш өндөр хяналтад олборлох ажлыг гүйцэтгэж, үйлдвэрийн шаарыг технологийн дагуу булж устгана. Дүрэм журамыг зөрчиж, алт шиг хэн дуртай нь мөнгөн усаар угаан тунгааж авдагтай адилгүй шүү дээ гэсэн юм. Манайх шиг ураны нөөцтэй газар атомын цахилгаан станц ашигтай гэж цөөнгүй жил ярьж байгаа. Уг нь дунд зэргийн атомын цахилгаан станцтай болчихвол Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг эрчим хүчээр хангачихна. Ү цахилгаан станц барьж нүүрс шатаах хэрэггүй болох тул агаарын бохирдол ч багасах шидтэй. Даанч манай улсад үүнийг дангаараа бүтээж босгох хөрөнгө, хүн хүчгүйн зовлон бий. Тиймээс энэ салбартаа туршлагатай хамтрагч нарыг сонирхож байгаа.
Европ тивийн худалдаа, эдийн засгийн төв Франц улс цахилгаан, эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг цөмийн энерги, атомын цахилгаан станцаас хангадаг. Ерөнхий сайд тус улсад хийсэн айлчлалынхаа үеэр Парисын ойролцоох Дампьер атомын цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцжээ. Мөн Монголын дорнод бүсэд ураны хайгуул, олборлолт ашиглалтын чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Арева группийн ерөнхийлөгч, хатагтай Анн Лувержантай уулзжээ. Монгол Улс ойрын ирээдүйд атомын цахилгаан станцтай болох зорилго тавьж байгаа. Үүнд Францын туршлага, өндөр технологи, чадварлаг мэргэжилтний туслалцаа чухал гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. Харин Арева группийн ерөнхийлөгч ураны салбарт манай улстай хамтарсан үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин өнөөх хайгаад байгаа аль нь үнэн бэ гэсэн асуултын хариуг хэн ч хэлж өгсөнгүй. Цаг хугацаа л цорын ганц хариулт болох бололтой.
Г.Ганчимэг
Дугаар 65/3137/