Ламбугайн нулимс-ын орчин цагийн дүр зураг

Тэр хавийн үнэр танар, улаан шарыг намируулан алхах нэр үл мэдэх, зүс үзээгүй лам нар олон. Уг нь, олны хайр хүндлэлийг хүлээсэн зурхайч, лам нарыг хүмүүс андахгүй, үүд хаалгыг нь шавж байдаг сан. Орчин цагийн лам нарт ард түмний сүжиг зарим талаар буурч байгаа нь Гандан хавийн энэ дүр зурагтай ч холбоотой.

Тэр хавьд жижигхэн амбаараас нүүрсний хар утаа савсуулан, хадаг яндар гадуураа намируулан суух үзмэрч, төлгөч нар сүүлийн 2-3 жилд эрс олширсон. Тэр хүнд үзүүлээд, тэгж ингэж засуул гэж байна гэх яриа чих дэлсэнэ.

Мөнгө олоход амархан арга зам энэ байгаа болохоор монголчуудын гэнэн, итгэмтгий занг нь ашиглаж дуртай болгон нь мэргэ, төлгө тавьж суугаа нь энэ.

Санхүүгийн хямрал тэднийг л тойрч байгаа янзтай, заримынх нь үүдэнд дугаарлан зогсох хүмүүс ч харагдана. Арга ч үгүй биз, ажлаасаа халагдаад, ар гэрийн амьдрал нь тааруухан болоод ирэхээр арга саам хайн тэднийг зүглэгсэд цөөнгүй байгаа. Амьдрал нь хэчнээн хэцүү байсан ч аврал эрж яваа хүн ямар гap хоосон оролтой биш. Тэгэхээр өөрсдийгөө өөд татаж өргөмжилсөн төлгөч нар ашиг орлого арвинтай байна аа.

Амбаарынх нь цонх, ханаар л нэг мань зурхайчийг магтсан элдэв өргөмжлөл, сонины шарласан хуудас наалттай. Тэд долоо, арав хоног тутмын сонинд цөөн хэдэн төгрөг өгч байгаад өөрийгөө магтуулчихвал хэсэгтээ л ашиг орлого нь нэмэгддэг гэнэ. Бас Зурхай судлалын, Сүнс судлалын академ гэдэг байгууллагын данхай данхайсан өргөмжлөл өлгөөтэй. Түүнийг чухам ямар шалгуураар олгодог нь тодорхойгүй. Харин энэ мэт юманд иргэд итгэх нь элбэг.

Жор мэддэг оточоос зовлон үзсэн чавганц дээр гэж нэг үг бий. Манай өвөг дээдэс зүгээр ч нэг ингэж хэлээгүй. Лам нар, төлгөч, зурхайч нарт итгэл алдарсан хүнээс л энэ үг гараа биз.

Ардчилал, хүний эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд хэн юу хийж, хэнээс заяа төөргөө асуух нь хувь хүний хэрэг. Гэхдээ л номын их өргөө,

гандан хийдээс бурхнаа ч хулгайлахаас сийхгүй болсон шар хувцастнуудын хэнд нь итгэхээ бодож үзмээр. Дээр хэлсэнчлэн Ламбугайн нулимс-ын гол дүрд энэ биеэрээ шингэчихсэн нүгэл, буяныг үл тоогсод хүрээ хийд, хаа сайгүй байгааг сануулахад илүүдэхгүй биз.

Д.Чойжамц Хулгай хийгээд Гандангаас хөөгдсөн хүн том хийд байгуулчихааад сууж байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцлагыг дээшлүүлье арга хэмжээний үеэр лекц уншихдаа энэ сэдвийг хөндөн ярьсан байна.

-Би мэргэч төлгөч гээд Ганданг тойроод суучихсан олон хүн байна. Эдний дунд үнэхээр бурхны ном эрдмийг үзээд зурхайч болчихсон хүн байхгүй шүү дээ. Зарим нь бүр хөзрөөр мэргэлээд сууж байдаг. Гэтэл бурхны шашинд олон жил ном эрдэм үзэж бясалгаж байж зурхайч болно. Та нар хүн залилаад байна уу гээд очихоор урдаас нэг лиценз гэдэг юм гаргаад үзүүлчихдэг юм. Уг нь, ийм зүйлийг мэргэжлийн хүмүүсээр, лам нараар нь шалгуулж шийдүүлж олгох хэрэгтэй юм шиг. Дүүргийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсээс юу чаддаг мэддэгийг нь тогтоож чадаагүй байж лиценз өгөөд байж болохгүй. Гандангаас хоёр удаа хулгай хийгээд хөөгдсөн хүн том хийд байгуулчихаад сууж байна. Лиценз олгочихсон юм чинь аргагүй шүү дээ.

Стандарт байхгүй болохоор хяналт тавьдаггүй

Амьдрахын тулд ч гэмээр юм уу, эсвэл хий хоосон хийрхэлдээ автан өөрийгөө лам, үзмэрч, зурхайч гэж яваа хүмүүст хаанаас, ямар шалгуураар зөвшөөрөл олгодог талаар Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Худалдаа үйлдвэр үйлчилгээ стандартын улсын ахлах байцаагч Б.Цогзолмаагаас тодрууллаа.

-Гандангийн нэр барьж үзмэрч, зурхайч гэгдэх хүмүүст танайхаас зөвшөөрөл олгодог уу?

-Үгүй. Манайд ямар ч хамаарал байхгүй. Тэр гандангаасаа авдаг юм байгаа биз.

-Танайхаас ямар нэгэн хяналт тавьдаггүй юм уу?

-Тэднийг шалгах, шаардах ямар нэгэн стандарт байхгүй болохоор манайхаас хяналт тавьдаггүй.

Зөвшөөрөл авдаг олон газар бий

Харин хэдэн төгрөг олохын тулд лам дээл нөмрөн зүсээ хувирган суугаа хүмүүсээс үйлчилгээ явуулах зөвшөөрөл хаанаас авдаг талаар нь тодруулсан юм.

Зурхайч, үзмэрч зурхай судлалын академийн хүндэт доктор н.Хоролсүрэн

-Та нарт энд үйлчилгээ явуулах эрхийг хаанаас олгодог юм бэ?

-Шашны байгууллагуудаас авдаг.

-Яг аль байгууллагаас авдаг юм бэ?

-Олон байгууллагаас л авна даа. Зурхай судлалын академи, Сүнс судлалын академи гээд олон газар бий.

Зурхайч гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш

Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба Ж.Гончигсүрэнтэй төлгөч, зурхайч нарын талаар ярилцлаа.

-Гандангийн гадуур суудаг үзмэрч, зурхайчдын талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Гадаа суудаг хүмүүс яав ч сайн лам, сайн зурхайч, үзмэрч байж чадахгүй. Тэгээд гадуураа дүүрэн хадаг яндар зүүчихсэн, хаяг наачихсан. Би тийм академийн хүндэт доктор гээд л… Хэрвээ номтой,

эрдэмтэй хүн байвал гэртээ суугаад хүн үзэж байдаг. Сайн хүнд үзүүлж харуулах гэсэн олны хөл тасардаггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл эрдэмт хүн даруу л гэсэн үг.

-Зурхайч болохын тулд хэр удаан суралцдаг юм бэ?

-Зурхайч болно гэдэг тийм амар зүйл биш. Цаг хугацаа их шаарддаг. Гэтэл тракторын жолооч хүн оройгоор бурхны номд суралцчихаад би зурхайч, би сайн лам гэж цээжээ дэлдэж байна шүү дээ. Зурхайч болохын тулд наад зах нь уламжлагдсан багшийн дамжлага барих шаардлагатай. Би л гэхэд 20 жил 20 гаруй шавьдаа ном зааснаас хоёр нь л гайгүй болж байна. Тэгэхээр зурхайч гэдэг бол хэн дуртай хүний хийдэг ажил биш.

-Тэгэхээр ямар арга хэмжээ авбал эдгээр хууран мэхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож чадах бол?

-Тэднийг Гандантэгчилэн хийдийн захиргаа, бусад лам нар хөөгөөд нэмэр болохгүй. Тэгэхээр хамгийн гол нь, сүсэгтэн олны бурхны мэдлэгийг дээшлүүлэх нь зүйтэй. Сүсэгтэн олон тэднээр үзүүлж харуулахгүй л бол тэр хүмүүс чинь гурав хоног суугаад л яваад өгнө шүү дээ.

Ж.Цэсэн, Г.ДАВАА

Дугаар 057/636/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button