Дэлхийн банкны мэдэгдэл

Гадаад актив 2007 онд ҮНБ-ний 4,4 хувь ашигтай байсан үеийнхээс 2008 онд 9,6 хувийн алдагдалтай болж эрс буурчээ. Мөн 2007 онд төсвийн тэнцэл 2,9 хувийн ашигтай байсан бол 2008 онд 5 хувийн алдагдалтай болжээ.

Энэхүү бууралтын үндсэн шалтгаан нь дэлхийн эрдэс баялгийн үнэ унасантай холбоотой юм. Энэ уналт нь уул уурхайн бүтээгдхүүний экспорт болон түүнээс орох орлого болон мөн түүнчлэн Засгийн газрын бодлогын тууштай бус байдлаас улбаатай юм. Уул уурхайн бүтээгдхүүний үнэ өндөр байсан жилүүдэд Монгол улс санхүүгийн эх үүсвэрийн хуримтлал бий болгосон хэдий ч эдийн засгийн уналтын энэ үед тэрхүү хуримтлал нь хангалттай бус байсныг харуулж байна. Цалинг их хэмжээгээр өсгөх, нийгмийн халамжийг хавтгайруулах, техник эдийн засгийн үндэслэлийг зохих түвшинд хийлгүйгээр хөрөнгө оруулалтын төслүүдийг олноор хэрэгжүүлэх болсон нь зардлыг жолоодлогогүй нэмэгдэхэд хүргэсэн. Мөнгөний болон валютийн ханшны хувьд зээлийн хүү бодит бус болон валютийн ханшны уян хатан бус бодлого нь эрсдэл даах чадварыг бууруулж, төгрөгийг сулруулж, мөн томоохон банк уналтанд орсон нь байдлыг улам дордуулсан. Эцэст нь, дэлхийн эдийн засгийн хямрал шинээр хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан мөн Монгол улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн зохицуулалтын орчин тодорхой бус байдал хавсарч улам нэрмээс болсон.

Дэлхийн ихэнх улс орнуудын засгийн газрын нэгэн адил Монгол улсын Засгийн газар ч адил цочирдсон. Гэхдээ өнгөрсөн оны 10 сарын эхээр засгийн газраас ОУВС-д хандаж дэмжлэг хүсэхийн зэрэгцээ шинээр үүсэн бий болсон нөхцөл байдалд Засгийн газрын бодлогыг нийцүүлэн тохируулах нөр их хүчин чармайлтыг эхлүүлсэн билээ.

Үүнээс хойшхи хугацаанд ихээхэн эрс шийдвэрүүдийг гаргасан юм. 2009 оны төсвийг баталсаны дараахан Монголын цагаан сартай давхцуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан нь Засгийн газраас хямралыг даван туулах асуудлыг нухацтай, тууштай авч үзэж байна гэдгийг харуулсан юм. Шинэ эх үүсвэрээр орж ирэх орлогууд ихээхэн хумигдсанаас Төсвийн алдагдал ДНБ-ний 10 хувиас хэтрэх эрсдэлээс хамгаалах зорилгоор улсын төсвийг бүрдүүлэхийн тулд санхүүгийн яаралтай арга хэмжээ авах шаардлага гарсан. Эдгээр зардал болон төсвийн орлого бүрдүүлэх арга хэмжээг энэ долоо хоногт боловсруулж дуусгасан ба ингэснээр Засгийн газар төсвийн алдагдлыг төлөвлөсөн 6 хувьд бариулах боломжтой болж байна.

Шинжилгээ, судалгаа буюу техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй төслүүдийг зогсоох, төрийн албан хаагчдын шинэ орон тоог бий болгох, шинээр ажилд авах явдлыг дэмжихгүй байх, онцгой болон тусгай татварыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Мөнгөний бодлогын хувьд бол, хэдхэн өдрийн өмнө Монгол банк бодлогын хүүгээ 9,75 байсныг 14 хувь болгон эрс нэмэгдүүлсэн (3 сарын 11) . Энэ арга хэмжээ нь төгрөгийн хадгаламжийг эрс нэмэгдүүлэх, хадгаламж болон зээлийн тэнцвэрийг хангахад тус дөхөм болно. Мөн энэ нь гадаад валютийн нөөцийг цаашид их хэмжээгээр хорогдуулахгүйгээр Монгол банк валютийн ханшийн удирдлагыг сайжруулах боломжийг олгоно. Эцэст нь, уул уурхайн бодлогын чиглэлээр, түүний дотор татвар, зохицуулалтын бодлогыг илүү тогтвортой байдалд оруулж, цаашдын өсөлтийн чухал хүчин зүйл болсон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг илүү татах нөхцлийг бүрдүүлсэн уул уурхайн томоохон гэрээний чиглэлээр ихээхэн ахиц гаргаж чадлаа.

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээ нь эр зориг, зоримог шийдвэр гаргалтыг харуулсан алхам байлаа. Энэ арга хэмжээний үр дүнд зээлийг тусгай нөхцөлтэйгээр авах гэрээний төслийг хийж чадсан. Засгийн газар болон ОУВС-аас ажилласан багуудад Дэлхийн банкны зүгээс баяр хүргэж талархлаа илэрхийлье. Энэ хоёр багийнхан Монгол улс болон АНУ-д амралтын өдрүүдээ ч умартан ажилласан юм. Тэдний хүчин чармайлтын үр дүн өнөөдөр гараад байна.

Амаргүй зүйлийг бид хийж чадлаа. Энэ хүнд ажлыг хийхэд одоо бидэнд тулгараад байгаа хямралыг зөвхөн хараад зогсохгүй цаашдын өсөлтийн үндэс суурийг баттай бий болгох нэгэн чухал зарчмыг бид удирдлага болгон ажилласан билээ. Засгийн газар, УИХ дунд хугацаанд эдгээр арга хэмжээнд тулгуурлан уул уурхайн салбараас орох орлогын огцом өсөлт бууралтын үед өмнөх гашуун туршлагыг давтахгүй байх үүднээс Төсвийн хариуцлагын тухай хуулийг батлах, хөрөнгө оруулалтын төслүүдэд үнэлгээ өгөх бүтцийг бий болгох, нэн ядуу хүмүүст үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх үүднээс нийгмийн халамжийн зориулалтыг сайжруулах, банкны салбарт одоо тулгамдаад байгаа асуудлыг нэн даруй уг үндсээр шийдвэрлэх замаар банкны салбарыг бэхжүүлэх, цаашид банкны салбарт үүсэх асуудлыг даруй шийдэх арга хэмжээг авах, хяналт тавих, хямралын удирдлагын нэгжийг бий болгох зэрэг дунд хугацааны арга хэмжээ авахыг зорьж байна.

Ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст тавих анхаарал халамж Засгийн газрын анхааралын төвд байгаа. Эдийн засгийн хямралын уршиг, үр дагавраас ядуу эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахын сацуу хүнд хэцүү ч гаргах ёстой хатуу шийдвэрийг Засгийн газраас гаргахыг дэмжихэд энэ асуудал та бид бүгдийг нэгтгэж байгаа билээ.

Монголын Засгийн газар онцгой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Бид ч гэсэн ийм зүйл хийх цаг иржээ. Төсөв алдагдалтай хэвээр байна, хөгжлийн гол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд төсвийн энэ алдагдлыг нөхөх ёстой. Өнөөдөр Засгийн газар цаашдын дэмжлэгийг дайчлах үйл явцыг эхлүүлэх үйл явцын үүднээс хөгжлийн чиглэлээр хамтран ажиллдаг түншүүдийн уулзалтыг зохион байгуулж байна. Дэлхийн банк энэ алхамд баяр хүргэж, үүний хариуд төсвийн алдагдлыг бууруулахад дэмжлэг үзүүлж 60 сая ам. дол гаргаж байгаадаа баяртай байна.

Дугаар 08/332/

Санхүүгийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button