Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэлэлцээг ирэх сараас эхлүүлнэ гэж амлалаа

Энэ өдөр тэрбээр Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны асуудлаар хоёр чухал уулзалт хийлээ.

Эхлээд Европын холбооны зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Европын холбооны Хамтын гадаад болон аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Хавьер Соланатай уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Баяр Монгол Улсад олгосон худалдааны GSP+ хөнгөлөлтийн хугацааг 2011 он хүртэл сунгасанд талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улс Европын холбоог өөрийн гуравдагч хөрш хэмээн үздэгийг дурдаад Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэлэлцээг цаг алдалгүй эхлүүлэх нь чухал байгаа тул энэ талаар зохих тусламж дэмжлэг үзүүлэхийг ноён Х.Соланагаас хүсэв. Түүнчлэн Европын холбооны байнгын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад нээхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий сайд С.Баяр Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршдог жижиг улс хэдий ч ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаа орон. Бид Европын холбоотой эдийн засгийн хийгээд бусад өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллахыг ихээхэн чухалчлан үзэж байна гэв.

Ноён Х.Солана Европын холбоонд Монгол Улсын Ерөнхий сайд айлчилж буй нь ихээхэн чухал үйл явдал гэдгийг онцлоод Монгол Улсыг би ихээхэн хүндэтгэдэг, анхааран сонирхдог гэж нэмж хэллээ. Тэрбээр Европын холбоо танай оронтой улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байдаг. Танай улс Европын холбооны гишүүн орнууд төдийгүй Европын холбоо хэмээх байгууллагатай өөртэй нь хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж би боддог хэмээн тэмдэглэж хэллээ.

Ерөнхий сайд С.Баяр Монгол Улсын зах зээлийн эдийн засагтай орны статусын асуудлыг хөндөж, Манай улс зах зээлийн эдийн засагтай улс мөн. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг ихээхэн сонирхож, үйл ажиллагаа явуулж буй нь үүний нэг баталгаа мөн гэв.

Үдээс хойш Ерөнхий сайд С.Баяр Европын комиссын Гадаад харилцаа, Европын хөрш орнуудын бодлогын асуудал эрхэлсэн комиссар, хатагтай Бенито Ферреро-Валднертай уулзав. Энэхүү уулзалтаар Европын холбоотой манай улсын ойрын үед хамтран ажиллах бодлогын зангилаа гэж хэлж болохуйц хоёр чухал асуудал нааштайгаар шийдэгдлээ.

Нэгдүгээрт, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах хэлэлцээг ирэх сараас эхлүүлнэ хэмээн хатагтай Б.Валднер амлав. Энэ хэлэлцээр ажил хэрэг болсноор хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа чанарын шинэ түвшинд гарч, далайцтай өргөн хүрээнд хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.

Хоёрдугаарт, Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасах асуудлыг ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэхийн төлөө Европын комисс хүчин чармайлт тавина гэв.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Европын холбоог зорихдоо төлөвлөсөн хоёр чухал асуудал нааштай шийдэгдлээ гэж хэлж болно.

Ерөнхий сайд С.Баяр уулзалтын явцад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Европын комиссын Техникийн хамтын ажиллагааны газрын статусыг ахиулж, Европын комиссын Дипломат төлөөлөгчийн газар болгон ажиллуулах нь харилцаа, хамтын ажиллагаа цаашид идэвхжих, илүү үр дүнд хүрэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Тэрбээр ноён Х.Солана, хатагтай Б.Валднер нарыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа.

Хавьер Солана охин маань олон улсын эдийн засгийн шинжээчээр Монгол Улсад таван сар хэртэй ажиллаад ирсэн, Монголыг заавал үзнэ гэж боддог гэсэн бол хатагтай Б.Валднер 2008 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон, Монголд очих бодолтой байгаа гэдгээ илэрхийллэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button