Авлигатай тэмцэх газраас төрийн бус байгууллагуудын сүлжээний сургалтыг үлдсэн аймгуудад зохион байгуулна
Төрийн бус байгууллагын сүлжээ нь авлигаас урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг хөндлөнгөөс хянах, зарим үйл ажиллагааг төрийн байгууллагуудтай хамтран явуулах замаар авлига, хүнд суртлыг бууруулах, таслан зогсоох зорилгоор ажиллаж байна.
Зохион байгуулагдаад удаагүй байгаа ч Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж эхэлсэн Төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас тус сүлжээний ахлагч нарт авлигаас урдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг нь дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт ярилцлагыг гуравдугаар сард зохион байгуулжээ.
21 аймгийг гурван бүсэд хуваан, уг сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа юм.
Гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Орхон аймагт Орхон, Булган, Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Хэнтий аймгуудын сүлжээний төлөөлөл, гуравдугаар сарын 19-21 – ний өдрүүдэд Өмнөговь аймагт Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Өвөрхангай, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын сүлжээний төлөөлөл цугларч, Төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажил, ажлын явц, ахицын талаар ярилцлаа. Мөн аймгуудын төрийн бус байгууллагуудын сүлжээ Авлигатай тэмцэх газар болон Засаг даргатай байгуулсан гэрээний үр дүн, өөрчлөлт, ажлаа явуулахад учирч буй саад бэрхшээлийн талаар ч хэлэлцсэн байна.
Дээрх уулзалт, семинарыг үлдсэн аймгууд буюу баруун бүсийн Төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарт ирэх сард Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах юм.
Дашрамд дурдахад нэг аймагт гэхэд хамгийн бага нь 7, хамгийн их нь 27 төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй Төрийн бус байгууллагын сүлжээ ажилладаг аж.
Olloo.mn