Хувьсгалт өөрчлөлтийн эрин үеийн дэлхий ертөнц
1990 онд мөн л энэ орчинд томоохон өөрчлөлт гарч, коммунизм нуран унаж, ЗХУ задарч, Хятад, Өмнөд Солонгос сэргэж, дэлхий нийтийг хамарсан сөргөлдсөн уур амьсгал дулаарч эхэлсэн билээ. Өнөөдөр энэ бүсэд мөн л үймээн бужигнаан өрнөж, хувьсгалын өнгөт тугууд намирч, зарим нь амжилт олж байхад заримыг нь нухчин дарж байна. Жаахан өргөн хүрээнд эргэн тойрноо харцгаая Оросын өсөн нэмэгдэж буй нөлөөллийн эсрэг босох нь өнгөт хувьсгалын гол шинж чанар байсан юм. Улбар шар хувьсгал Украйнд ялсан. Оросууд хий дамжуулах хоолойгоор нь хий дамжуулахгүй хаахыг оролдсон. Хэрэв Украйнд Оросын талыг баримтлагчид хувьсгалаар зайлаагүй бол бууж өгөөд үнэтэй хий хэрэглэх, эсбөгөөс хийн үнээ бууруулах тохиролцоо хийгээд төрийн эрх мэдлээ найр тавих байсан. Харин хувьсгал ялсан украйнчууд Оросыг сөрж, хийн хоолойг нь хааснаар оросууд Европын орнуудын өмнө нэр хүндээ алдаж, түрүүлж буулт хийхээс аргагүй болсон. Энэ бол өнгөт хувьсгалын үр дүн.
Сарнайн хувьсгал ялсан Гүржид яаж байна? Оросууд Панкисын хавцалд байхгүй террористууд оруулчихаад цэрэг оруулахыг санаархсан. Дараа нь хийн хоолойг энэ хий үзэгдлүүд дэлбэлсэн. Гүржийн дарсны экспортыг хаасан. Эцэст нь Умард Осетийн зөрчлөөр далимдуулж цэрэг оруулсан. Одоо Саакашвилиг унагах гэж байна. Энд тэнцжээ. Киргиз яав? Өнгөт хувьсгал ялсны дараа Аскар Акаев Орост зугатан гарсан. Хурманбек Бакиев Ерөнхийлөгч болсон. Саяхан Оросын өмнө буулт хийж Америкийн баазыг нутгаасаа хөөв. Хариуд нь Оросоос жаахан зээл авч барьцаанд үлдэв. Яагаад ингэв? ШХАБ-д хүчээр шахам элссэнээс энэ зах зээлд автаж, Хятадын үйлдвэрлэгчдийн хямд бараа бүтээгдэхүүнд зах зээл нь эзлэгдэж, дотоод үйлдвэрлэл нь сүйрснээс эдийн засаг нь балран унаж, түүнийгээ торгоохын тулд Оросоос мөнгө авчээ. Өнгөт хувьсгалын оч Беларусь, Азербайжан, Туркменистанд эхэлсэн ч дарагджээ.
Хувьсгалын гол нь 20 жилийн эрх чөлөөгөө хамгаалах уу, эс бөгөөс 20 жилийн өмнөх хуучин байдалдаа орох уу гэдэг сонголтод байжээ. Тал нь ялж, тал нь ялагдлаа. Харин Монгол дахь өнгөт хувьсгалын гал цурманд орсон байна. Ялгаа заагийг нь харцгаая. Гүрж, Украйн, Киргизэд өнгөт хувьсгалыг хийгчид нь сөрөг хүчнийхэн байжээ. Бүгдээрээ сонгуулийн луйвар булхай, хуучинсаг хүчний дураар авир, авилга хээл хахууль, гэмт хэргийг эсэргүүцсэн байна. Ойролцоо нөхцөл байдал нь энэ бүх орнуудад цөөнхийн авторитари дэглэм тогтож, эдийн засаг нь олигополжиж, авилга хээл хахууль газар авч, нийгмийн баялгийн хуваарилалт хэт тэнцвэргүй болж, байгалийн баялгаа гаднынханд найр тавьж, стратегийн бүхий л салбаруудыг эрх баригч бүлэглэлийнхэн гартаа авчээ.
Хэдий нөхцөл байдал адилхан ч Монголын өнгөт хувьсгал өөрийн гэсэн онцлогтой. Нэгд Монголын иргэний хөдөлгөөнүүд гаднын санхүүжилт, тусламж дэмжлэг аваагүй, хоёрт хувьсгалын удирдагч хүч нь сөрөг хүчний гол нам биш цоо шинэ улс төрийн хүчнүүд байлаа. Энэ бол иргэний хөдөлгөөнүүд. Заавал олон ялгаа хайх хэрэггүй, энэ хоёр л хангалттай ялгааг нь гаргаж өгнө. Гуравдахь том ялгаа нь өнгөт хувьсгалын үйл явц бусад орнуудад нэг мөр шийдэгдсэн бол Монголд сунжирсаар байна. Энэ бол дахин дэгдэх бололцоотой гэсэн үг.
Монголын дотоод нөхцөл байдал
Монгол яах вэ? Эдийн засгийн нөхцөл байдал нь Киргизтэй адил. Гэвч Монголчууд ШХАБ-аас цэрвэсээр байна. Худалдаа харьцангуй либерал тул хэдий зарим талаар хараат боловч ямар ч хүнд нөхцөлд амьдраад байх чадвартай байна. Гадаад валютын нөөц рүү хийж буй Хятадын довтолгоо ба оросуудын заавраар хариу хийж буй хамгаалалтын тэнцвэр дор бид арай л чөлөөтэй амьсгалж байна. Орос Хятад хоёр хамраараа тулчихаад байгаа учраас өнөөдөртөө эрх чөлөөтэй л байна. Хятадууд ирээдүйн үйлдвэрлэлийн түүхий эдийн стратегийн сонирхлоор Оюу толгойг эзэмшихийн тулд асар ихийг төлж байгаа ч бүхнийг хийж байна. Шууд Оюу толгойг авах нь Монголыг Орост алдахтай агаар нэгэн учраас Риогийн бөгснөөс мэрж байна. Харин оросууд Таван толгойг мэдэлдээ авах замаар ирээдүйд Хятадыг әрчим хүчээр боомилохыг оролдож байна. Асгат энэ тэр бол бараг жижиг асуудал.
Үүний дээрээс ураны нөөцийн төлөө уралцаж байна. Харин хятадууд? Таван толгой хэт үнэтэй тусах тул Гашуун сухайт, Шивээ овоогийн ордуудад хөрөнгө хаяж байна. Төмрийн ордуудыг үндсэндээ мэдэлдээ авчээ. Оросууд С.Баярыг дэмжиж, харин хятадууд Н.Энхбаярыг тордож байх шив. Өрсөлдөөн ширүүн байгаа тулдаа бид одоохондоо хямралыг ч барагтай бол мэдрэхгүй байна. Хэрэв Н.Энхбаяр ерөнхийлөгч болбол улстөрийн ужиг хямрал удаан бөгөөд зовиуртай үргэлжилнэ. Тиймээс МАХН дахь Оросын талыг баримтлагчид Н.Энхбаярыг дэгээдэж унагах сонирхолтой байна. 2005 онд Ерөн- хиилөгчид дэвшүүлэх замаар намаасаа зайлуулсан бол энэ удаад дахин дэвшүүлээд хээр хаячихаж болзошгүй. Энэ бол Оросын сонирхол юм. Тэгээд Ерөнхийлөгч хэн гэж? С.Баяр уу? Энэ хоёрын зөрчлөөс болж 7 дугаар сарын 1-нд таван хүний амь эрсэдсэн. Ийм зөрчил даамжирсаар байх уу?
Орос эргэж ирлээ…
Орос эргэн ирлээ. Бид ч халуун дотно угтан авч байна. Гэхдээ огт өөр нөхцөлд. Оросууд хамтарсан цэргийн сургууль хийж, батлан хамгаалах салбарын тусламжаа нэмэх замаар хятадуудад анхааруулга өгч байна. Дээрээс нь хүнсний импорт нь өмнөд хөршөөсөө бараг 100 хувь хараат байдалд байгаа монголчуудад тусалж хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж 300 сая ам.долларын зээл олгож байна. Энэ зээл бол гурил болно. Хүнсний ногоогоор бол хараат байдлаас бие даагаад гарчихаж чадна гэдгээ нотолсон. Махны арвин нөөцтэй, харин оросууд тусалъя л гэж байгаа бол манай махыг худалдан авах хэрэгтэй л дээ, хятадууд тэнцвэрийг олох гэж мах ихээр авах сонирхолтойгоо нэгэнт харуулчихаад байгаа билээ. Оросоос оруулж ирдэг импорт ганцхан жилийн дотор буюу 2008 онд 2007 оныхоос хоёр дахин өссөн нь том ололт. Гэхдээ монголчууд Оросоос авч байгаагаасаа 15.5 дахин бага бараа экспортолж байна. Оросууд хилээ нээх хэрэгтэй л дээ.
Нэг үе худалдаа бараг тэглэж, Оросоос шатахуун, цахилгаан л авдаг байсан тэр үе өнгөрч байх шиг байна. Гэхдээ оросууд Монголтой 15 дахин ашигтай худалдаа хийж байгаагаа тоохгүй л байна уу даа? Яахав бодит нөхцөл бол бий, Монголын үйлдвэрүүд сүйрчихсэн учраас өнөөдөртөө жаахан мах гаргаж байгаа бий вий. Өөр экспортын боломж манайд бий юу? Үүнийг оросууд биш монголчууд бодох хэрэгтэй байх л даа. Оросууд ноолуур тоож авахгүй, арьс шир, малын гаралтай түүхий эд авахгүй, тэгэхээр өөр юу байж таарах вэ? Оросууд нүүрс авахгүй, харин ордыг маань эзэмшвэл Хятад, Япон, Өмнөд Солонгост гаргах юм байна. Уран бол хэрэгтэй. Ийм үед бид боловсруулсан уран өгч болно. Зэс хэрэгтэй, бид металл зэс өгч байж худалдаагаа тэнцүүлнэ.Оросын өгөөмөр сэтгэлийн хариуд Монголд өгөх юм баpar алга, Гэвч зүгээр ч байгаагүй юм аа. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Р.Бадамдамдингаар дамжуулан Хятадын China nuclear компанийн эзэмшилд авсан ураны ордыг нь Оросын шахалтаар буцааж авснаас хойш ураны хижиг дэлгэрснийг анзаарсан хүн бий юу? Одоо ураны ордын төлөө Орос, Хятад, Франц, Канад өрсөлдөж байна.
Оросууд бидэнд юу өгч байсан бэ?
1921 онд оросууд Монголыг Хятадын харъяанаас гаргах гэж ирсэн. Тэгээд хариуд нь 37 мянган хүнийг маань авч одсон. Үүнээс 400 гаруй төрийн дээд албан тушаалтныг Москвад аваачиж цаазалсан. Богд хаант улсын армийг зэвсэглэхдээ зэвсэглэлээсээ хасаж байсан хоцрогдсон бирдан буугаа өгч гийгүүлсэн. Өгсөн буунууд нь Оросын армийн нэг л дивизийн зэвсэг л дээ. Үүнийхээ төлөө Богд хаант улсад 6 сая рублийн зээл олгоод түүнийгээ хоцрогдсон зэвсгийн наймаандаа тооцчихсон байдаг. Өвөр Монголыг Хятадад үүрд өгсөн. Оросууд хувааж захирах дуртай. Ийм гамшгийг ганцхан Монгол биш Польш, Чех, Унгар, Герман эдэлсэн. Хатыньд Польшийн армийн бүх офицеруудыг хядчихаад фашистууд руу чихээд өнгөрсөн. Бранденбургийн хаалганы дор танкаар хана барьж, баруун руу зугатагсдыг буудан алсан. Будапешт, Прагийн гудманд улаан мөртэй танкууд нь мөлхөж байсан. Ийм л оросууд буцаж иржээ. 1950-иад онд Орос Хятадын өрсөлдөөн Монголд эхэлж Улаанбаатарыг барьж өгсөн билээ.
Энэ өрсөлдөөнөөс монголчууд хожиж гарсан. Маршал Чойбалсан хоёр талыг аль болох өрсөлдүүлэх сонирхолтой, түүнээс хожоо гарна гэж тооцож байсан бол түүний залгамжлагч Ю.Цэдэнбал шууд Оросын талд орсон билээ. Оросууд яг 1911 онд хэрэглсэн аргаа давтан хэрэглэж хоцрогдсон үйлдвэрүүдээ Монголд шахаж байв. Үйлдвэрүүд нь Оросын түүхий эдийн хавсарга болжээ. Тэдгээр үйлдвэрүүд хоцрогдсон нь 1990 оны чөлөөтэдийн засгийн анхны салхинд нурж унаснаар нотлогдсон. Энэ уналтыг бас Хятадын мөнгөний бодлого нэмж нэрвэснээр тайлбарлаж болно. Зөвлөлтийн үед Монгол яг л Японы хаалттай үе шиг тийм харанхуй бүс болсон байв. Гэхдээ аймшигтай зэвсэглэсэн дайнч улс болох шахжээ. Гэхдээ Иван тэнэг биш, авдгаа авч л байсан. Хойд хилийн дагуу уртаашаа 1200 километр, өргөнөөрөө 2-40 километр нутгийг өөрийн мэдэлд авсан. В.Молотовын энэ луйврын үр дүнд өнөөгийн Асгатын ордын 20 хувь Оросын нутаг болсон байна. Үүнийг бид мартаж болохгүй. Сануулж байж л эрх ашгийн тэнцвэрийг бий болгоно. Ёстой нөгөө ирээдүйн Шагдар биш гэсэн ямар баталгаа байна гэдэг шиг коммунист Орос биш гэсэн ямар баталгаа байна? Бид ардчилсан улс.
Оросуудтай эрх тэгш хэлэлцэн тохирохыг эрмэлзэх боломж нээлттэй. Шууд улстөрийн дарангуйлал тогтоох, цэрэг оруулах боломжгүй. Ганц боломж нь оросууд өөрийн талыг баримтлагчдыг төрийн эрхэнд байлгах. Ингэвэл харилцааны тэнцвэр алдагдана. Нөгөө талаас хятадууд мөн л ийм сонирхолтой. Өөрийн төлөөний хүмүүсийг төрийн эрхэнд байлгах. Ингээд парламентад ч, засаглалын өндөрлөгүүдэд ч тоглоомын хүүхэлдэйнүүд ээлж дараалан заларч, бидний дур хүслээс гадуур унаж, босож байх болно. Луйвар булхай үргэлжилнэ, харин Орос, Хятад хоёр 76 шоотой Монголын улстөрийн талбарт шатар нүүнэ. Харин гуравдагч нь хаана байна вэ? Хэн нэг нь хожчихвол бид хаачих вэ? Бидний аль алинтай нь тэнцвэрийг барих баталгаа нь энэ хоёр гүрнээс бусад хүчин зүйл. АНУ, Япон, Европын холбооны сонирхлыг хэн төлөөлөх вэ? Тэдний сонирхол нь Монголын ардчи¬лал, харин хоёр хөршийн сонирхол бол авторитар дарангуйлал. Ийм хоёр замаас бид сонголт хийх гэж байна. Бид Оросоос шатахуунаар 80 хувь, цахил-гаанаар 100 хувь хараат. Иргэншсэн нийгмийн гол түлш.
Харин Хятадаас хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн зах зээлээр хараат. Хятадын жил бүр өгөөд буцаагаад авчихдаг байсан асар их мөнгөний эргэлтийн шуурганд бид бүх үйлдвэрээ сүйтгэсэн. Тэд Монголын түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдээс өндөр үнээр харамгүй авдаг байсан юм. Харин монголчууд түүхий эдээ худалдсан валютаа тушаагаад хэрэгцээгээ хангадаг байв. Ингэснээр үндсэндээ Хятадын эдийн засгийн хавсарга болчихсон билээ. Одоо улс оронд хоёр засаглал байна. Улстөрийн хувьд Оросоос, эдийн засгийн хувьд Хятадаас хараат. Харин монголчуудад юу үлдэв? Ардчилал… Ардчилал байгаа учраас бид өнөөдөртөө хожиж байна. Хэрэв үүнийгээ алдвал бид цаашид хожигдох биш ердөө л тоглоомноос гарчихна.
Эрх ашгаа хамгаалахын төлөө
Монголчууд эрх ашгаа хамгаалах цорын ганц боломж бол ардчилал юм. Ардчилал байсан цагт л бид хоёр хөрштэй эн чацуу харилцах эрхтэйгээ үлдэнэ. Түүнээс биш улсын том жижигт асуудал байгаа юм биш. Ядаж л оросууд Таван толгой, Асгатыг ашиглахын тулд 300 саяыг өгч байна гэдэг эрх чөлөөний үр дүн болохоос 100 хувь С.Баярын ухаантайнх биш л дээ. Гэвч бүрмөсөн үгүйсгэж болохгүй, нөхцөл байдлыгтооцоод мөнгө салгах ухаан нь түүнийх. Монгол ардчилсан улс юм болохоор Айванхоу Оюу толгойн төлөө 125 саяыг өгч байна. Дээрээс нь Рио 1.2 тэрбумаар өрийн бичгийг чинь авъя гэж байна. Хятадууд оросуудыг Таван толгойд мурьчихвал чинь 3 тэрбумыг өгье гэж байна. Хэрэв дарангуйлагч дэглэм тогтсон бол Н.Энхбаярын хаанчлалынх шиг үедсэн бол энэ бүх урьдчилгаа байхгүй, байлаа ч дарангуйлагчдын халаасны мөнгө болоод дуусах байв. Тэгэхээр мөнгө олох боломж маань ардчилал юм. Ардчиллын боломж нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялахад байна.
Эхэнд өнгөт хувьсгалын тухай дурдсан нь санамсаргүй хэрэг биш. Оросын өсөн нэмэгдэж буй нелөөллийг саармагжуулах сонирхол АНУ, Европын холбоонд бий юм. Нөгөө талаас Оросын идэвх нэмэгдэнэ гэдэг харилцаа идэвхжихийн нэр, харилцаа идэвхжинэ гэдэг олзны үүд нээгдэхийн нэр. Олзны үүдээ харин томхон нээх боломж нь ардчилал. Өнөөдөртөө Оросын сонирхлыг сөрж тэнцвэржүүлэх боломжтой улстөрийн хүчин бол ганцхан АН л юм. МАХН Монголдоо л бааварлахаас биш оросуудыг харахаараа биш болдог гэмтэй. Хэрэв Монгол ардчилсан Ерөнхийлөгчтэй. Орос талтай Ерөнхий сайдтай, парламент нь олон хүчний бүрэлдэхүүнтэй байвал бид ирээдүйд хожиж гарна. Хэрэв бүхнийг МАХН-ын мэдэлд өгвөл тэд яг хуучнаараа улсаа худалчихаж чадна. Ер нь коммунистууд хэзээ ч өргөн харж байгаагүй, зөвхөн коммунист хүрээндээ л хардаг гэмтэй.
УЛС ТӨРИЙН сонин
Дугаар 011/ 167