Захирал та цалинг хасахын оронд тансаг хэрэглээнээсээ татгалз!
Олонхи компанийн хувьд ижил төстэй дээрх хэд хэдэн алхмыг энэ нөхцөлд хийж байна. Эдгээр аргыг компанийн захирлууд хямралын мэнд гэтлэх жор хэмээн үзэж байна. Мэргэжлийн хүний нүдээр, оор онцгөөс энэ асуудалд хандвал ямар хариу гарах бол. Төрөөс заавал хандив тусламж гэлгүй, өөрсдийн хүчээр хямралыг гэтлэн давах ямар боломж байгааг уншигчидтайгаа хуваалцахар Зууны мэдээ сонин Монголчууд бид ялна хэлэлцүүлэг өрнүүлж байна. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалтай ярилцлаа.
-Хямралын үед компаниуд яаж ажиллавал хохирол багатай байх бол. Та манай уншигчдад энгийнээр ярьж өгөөч?
-Манайхан хямралаас их айх юм. Уг нь хямрал гэдэг чинь айгаад, түгшээд байх зүйл биш л дээ. Хүн өвдөхөөрөө өөрийгөө хэрхэн эмчлэн, хамгаалах вэ гэдгийг шаардаж байгаатай л адил хэрэг. Зөв замаар ажиллаж, хямралыг мэдэрч, хэрхэн урьдчилан сэргийлэхээ мэдэж байгаа компани хохиролд өртөхгүй. Хямралын дараа компаниудын эдийн засгийг харах нүд өөрчлөгдөнө. Буруу тийшээ яваад байгаагаа засч, өвчтэй бол түүнийгээ эмчил гэж хямрал биднээс шаардаж байгаа юм. Хямрал боллоо гээд айж, бусдаас бурууг хайж, бухимдахаасаа өмнө яах вэ гэдгээ бодоод ухаар. Манай компанид юу нь болохгүй байна вэ гэдгийг захирал нь ажилчидтайгаа сайн ярйлц. Ойлгохгүй мэдэхгүй юм байвал энэ талын мэргэжлийн хүмүүсийг нь урьж авчраад ярилц. Хэрэглэгчдэд яг одоо их хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэж хүргэ. Энэ л зөв бизнес. Ингэсэн цагт хямралаас айх шаардлагагүй ээ.
-Хямралыг хэмнэлтээс эхэлнэ гэж байгаа. Зарим компани ажилчдынхаа цалинг хасч байна. Энэ нь наад захын хэмнэлт мөн үү?
-Компаниудын орлого нь буурахаар зарлагаа нөхөж чадахаа болино шүү дээ. Тэр үед захирлуудын нүдэнд хамгийн түрүүнд ажилчдын цалин харагддаг. Хийсэн юм нь борлогдохгүй болохоор ажилчид сул зогсч байгаа учраас тэр л дээ. Харин цалингаа багасгавал чадварлаг сайн хүмүүс нь компаниас явчихдаг. Тэдэнгүйгээр компани оршин тогтнож чадахгүй. Өөр тийшээ явах боломжгүй, чадвар муутай нь байдалтайгаа эвлэрээд үлдэнэ. Компанийн захирлууд үүнийг маш сайн бодох хэрэгтэй. Бизнесийн амжилт захирлын мундагт биш чадварлаг ажилтанд хамаатай юм. Хэчнээн ч мөнгө байлаа гээд нэгэнт явчихсан ажилтанг, юуг яаж хийх вэ гэсэн чин сэтгэлийг нь эргүүлэн худалдан авч чадахгүй.
-Тэгвэл цалинг хасахгүйгээр хэмнэх боломж бий юу?
-Бүх зардлаа жагсаагаад бичээд үз. Компанийн бүртгэл маш зөв байх ёстой. Буруу бол зардал чухам юу юунд явж байгааг мэдэж чадахгүй. Дараа нь бүх зардалдаа шинжилгээ хийж, нэг эсвэл 100 төгрөгөөр зарлагаа нэмж, бууруулвал орлогод хэрхэн нөлөөлөхийг нь тооц. Орлогод урт хугацаанд нөлөөлдгөөс биш богино хугацаанд нөлөөлдөггүй зардлаа хасч болно. Тэгж бичсээр хамгийн сүүлд хүнийхээ цалинг хасах эсэх тухай бод. Бараа, бүтээгдэхүүнийх нь гүйлгээ муудаад ажилчид сул зогсчихвол шинэ санаа бодож олох ажил өгч яагаад болохгүй гэж. Ажилтан бүртээ шинэ санаа бодож олох даалгавар өгсөн ч болно. Яавал бидний борлуулалт сайжрах вэ гэдгийг тэд бодож олох ажил хийлгэ л дээ.
-Цалингаа бууруулахаас аргагүй болбол ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг бууруулахгүй байж болох болов уу?
-Удирдахуйн ухаан л хамгийн чухал. Хүнийг ямар нэг ажлыг чин сэтгэлээс нь хэрхэн хийлгэж, хэрэглэгчдэд хамгийн хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнээр нь хангадаг вэ гэдэг асуудал байхгүй юу. Яг ийм аргаар ашиг орлого олж чадаж байгаа бол зөв бизнесмэн. Ийм хүн хямралын үед айх ч шаардлагагүй. Үүнээс өөрөөр ажиллаж байгаа бол буруу. Буруу аргаар мөнгө олчихоод өөрийгөө мундаг бизнесмэн гэж бодож байгаа тэр хүнийг одоо хямрал шалгана. Тиймээс та бурууг бусдаас биш өөрөөсөө хай л даа. Нэг сэрээд би хаашаа яваад байна гэдгээ эргэж хар. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий. Аргагүйн эрхэнд ажилчдынхаа цалинг хасах гэж байгаа бол тэдэнд хэл. Бас ажилчдадаа урам өг. Ажлаа хийж байгаа хүний хажуугаар захирал нь гарахдаа үг олдохгүй бол далан дээр нь алгадчих л даа. Тэгэхэд тэр хүн нэг хэсэгтээ л сайн ажиллана даа. Тэдэнд юу хэрэгтэй бүгдийг захирал нь мэдэж байх ёстой. Тэр асуудлаа шийдэхэд нь тусла, мөнгө хэрэггүй байж магадгүй.
-Зарим компани зар сурталчилгаанд мөнгө үрэх шаардлагагүй гэж үзэх болж. Хямралын үе дэх зөв сонголт энэ мөн үү?
-Зар сурталчилгаа гэдэг нь хүмүүсийн сэтпбхүй дээр тоглох гэсэн л оролдлого. Үнэхээр хэрэглэгчдийн хэрэгцээнд таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа бол сурталчилгаа хэрэггүй. Иргэдэд мэдээлэл хэрэгтэй байж магадгүй. Заавал телевизээр үнэтэй сурталчилгаа тараах шаардлагагүй л байхгүй юу. Салбар бүр өөр учир заавал миний хэлснээр ч байх албагүй л дээ. Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалаад зар заавал хэрэг тэй үгүйг бодож үзэх хэрэгтэй.
-Ер нь компанийн захирал тэгвэл хэмнэлтийг юунаас эхлэх вэ?
-Тансаг хэрэглээнээсээ татгалзах хэрэгтэй. Хямрал тэр бизнесмэний хэн бэ гэдгийг тодорхойлох хамгийн том шалгуур болно.
Ж.Цогзолмаа
Дугаар 66/3138/