Талийгаачийг амиа хорлосон гэх гээд байна уу
Оросууд усан цэрэгт алба хаасан залуусаараа бахархдаг бол манайх шүхэрчдээрээ бахархдаг. Жинхэнэ эр зоригийн алба. Гэхдээ эрсдэлтэй. Өнөөгөөс хориод жилийн өмнө 184 дүгээр ангийн нэг залуу шүхрээр буух үед шүхэр нь задраагүйгээс амиа алдаж байлаа. Манай туршлагатай тамирчин Д.Отряд бас л шүүхэр нь задраагүйн улмаас амиа алдаж байсан. Талийгаач энэ албанаа олон жил зүтгэсэн, бүлгийн ахлагч болж дэслэгч цол хүртэтлээ ажилласан болохоор ажлын туршлага, шүхрээр буух тухайд хэнээс ч дутахааргүй хүн байсан нь мэдээж. Гэтэл юу болов.
Ямар ч юм тохиосон байж болох. Мэдээж энэ бүхнийг мэргэжлийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд шалгаж нягталж тогтооно биз. Шалгаж ч байгаа гэж мэдээлж байна.
Харамсалтай нь, энэ аймшигт явдлыг хуулийн байгууллага шалгаж нягтлаагүй, хариу дүн нь гараагүй байхад хэд хэдэн албаны хүн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна.
Хэрэг гарсан орой л ОБЕГ-ын дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр Талийгаач яагаад шүхрээ задлаагүй юм гэж мэдэгдэж байна. Гуравдугаар сарын 23-ны орой тус газрын дэд дарга Д.Намсрай бас л Ямар учраас шүхрээ задлаагүй юм гэдгийг шалгаж байна гэж телевизээр ярьж байна. Гуравдугаар сарын 24-нд Olloo сайтад тавьсан Талийгаач шүхрээ задлах ямар ч оролдлого хийгээгүй байж ээ гэсэн гарчигтай мэдээнд Талийгаач нь Монгол Улсад шүхрийн зааварчлагч мэргэжилтэй гуравхан хүний нэг нь байж. Аврах тусгай ангийн штабын дарга Н.Уламбаяр нь хэрэг гарах өдөр тухайн газар байсан байна. Түүний хэлж буйгаар талийгаач шүхрээ задлах ямар нэг оролдлого хийгээгүй байсан гэнэ гэсэн байна.
Нэг албаны шат шатанд ажилладаг энэ гурван хүний хэлээд байгаагаас дүгнэлт хийж ургуулан бодвол Талийгаач өөрөө л шүхрээ задлалгүйгээр газарт унаж амиа хорлохоор шийдсэн байна гэсэн үг сонсогдоод байна.
ОБЕГ-ын дэд дарга Намсрай, тэр Аврах ангийн штабын дарга Н.Уламбаяр нарын тухайд мэргэжлийн хүмүүс байх. Багцаа баримжаа байж мэдэх. Харин Ц.Амгаланбаярын тухайд бол замын цагдаа.
За мэдэж байлаа ч гэсэн мөрдөн байцаах ажиллагаа, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад энэ хүмүүс яагаад яаран сандран ийм дүгнэлт гаргаад, хэвлэлээр зарлаад байна вэ. Тэгэх тэгэхдээ хүний амь эрсэдсэн хэрэгт шууд хамааралтай, хатуухан хэлбэл холбогдогч болох албаны хүмүүс шүү дээ.
Онцгой нөхцөл байдлын төдийгүй, дадлага сургуулилтын үед удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүсийн-хээ амь нас, аюулгүй байдлыг хангах ёстой энэ хүмүүс энэ золгүй явдлын хариуцлагыг шууд биш ч гэлээ тодорхой хэмжээгээр үүрэх ёстой. Ийм болохоороо хариуцлагаас мултрах гэсэндээ хаяагаа манаж ийм хариуцлагагүй мэдэгдэл хийгээд байгаа юм биш байгаа.
Тэгээд Өндөр мэргэжил, дадлага туршлагатай сайн ажилтан байлаа гэсэн сайхан үгээр олны сэтгэлийг тайвшруулж, Ар гэрт нь бүхий л талын туслалцаа үзүүлэх болно гэж хохирогчдыг аргалаад хариуцлагаас мултарч үлдэх арга хийгээд байгаа юм уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөөд байх чинь. Хуулийн байгууллага ч энэ хүмүүсийг яагаад ингээд дур зоргонд нь тавьж элдэв хариуцлагагүй мэдэгдэл хийлгээд тайван суугаад байна аа. Нөгөө хэлээд байдаг Мөрдөн байцаалтын нууц. Хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хаана байна аа.
ОБЕГ-ынхан 2007 онд бороо орж байхад аврагчдыг түймэр унтраахаар явуулснаас болж осол гарч 15 сайхан залуугийн амийг бүрэлгэчихээд дарга удирдлагаас нь хэн ч хариуцлага хүлээлгүй амгалан тайван өнгөрч байсан гашуун түүх холдоогүй л байна.
Ц.Хас
дугаар 058/637/