Санхүүгийн системийг өөрчлөхийг Хятад уриалав
Бээжингийн эрх баригчид дэлхийн нөөцийг бүрдүүлэх шинэ мөнгөн тэмдэгт хэрэгтэй гээд хөгжиж буй орнуудад санхүү, эдийн засгийн илүү хүч нөлөө, эрх мэдэл хэрэгтэйг олон улсын санхүүгийн байгууллагуудад сануулсан байна. Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн тэргүүлэх 20 орны тэргүүн нар өнөөгийн эдийн засгийн хямралыг дэлхий нийт хэрхэн даван туулах тухай хэлэлцэхийн өмнехен Хятад ийн уриалсан нь тус улсын эрх баригчдын улс орныхоо хүчинд найдах нь нэмэгдсэнтэй холбоотой. Хятадын эдийн засаг өнөөгийн хямралд барууны орнуудынх шиг их хохирол амсаагүй тул өөрчлөлтийг хүссэн олон орны уриалгыг тэргүүлж буй нь энэ юм. Олон улсын санхүүгийн зах зээл судлалын төвийн Сингапур дахь Ази дахь салбарын тэргүүн Тим Гордоны хэлснээр хөзрийн бүх мод Хятадын гарт шилжсэн бөгөөд Бээжин ч үүнийг сайн мэдэж байгаа. Дэлхий нийтийн шинэ мөнгөн тэмдэгтийн тухай мэдэгдлийг Хятадын Ардын банкны тэргүүн Чжоу Шиаочуань хийсэн. Тус банкны албан ёсны цахим хуудсанд бичсэнээр дэлхий дахинд ноёрхогч шинэ мөнгөн тэмдэгт хэрэгтэйг, санхүүгийн системд шинэчлэл шаардлагатайг өнөөгийн хямрал нотолжээ.
Шинэ мөнгөн тэмдэгтийн ачаар дэлхий нийт дахин хямралд нэрвэгдэхээс сэргийлнэ гэж Ардын банкны тэргүүн мөн онцолсон байна. Нөөцийн мөнгөн тэмдэгт нь олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн, олон орны валютын нөө-цөндөө хадгалдаг гол дэвегэрт бөгөөд одоогоор ам.доллар энэхүү ноёрхогчийн үүргийг гүйцэтгэж буй. Харин Чжоу Шиаочуанийн хэлснээр ганц улсын мөнгөн тэмдэгтийн ноёрхлыг эцэслэхгүй бол даяарчлал жинхэнэ утгаараа биеллээ олохгүй. Түүнийхтэй төстәй мэдэгдэл хийсэн Хятадын Гадаад хэргийн дэд сайд Хе Яфей хямралын эерэг тэмцэлд их хэмжээний мөнгөнөөс илүү олон улсын итгэл найдвар хэрэгтэй гэх Хятадын байр суурийг дахин илэрхийлсэн юм. Их 20-ийн уулзалтаас Бээжин чухам юу хүсэн хүлээж буй талаар сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ тэрбээр хамгааллын зарчмаас татгалзахыг улс орнуудаас уриалаад хямралын шуурганаар ядуу буурай орнуудад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэхээ мартаж болохгүйг онцолсон байна. Мөн хөгжингүй орнууд олон улсын тавцан дахь байр сууриа Хятад, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй орнуудад тавьж өгөх ёстой гэжээ.
Харин Хятадын Нийгмийн ухааны академийн мэргэжилтэн албаныхны эл мэдэгдлийг илүү хатуу үгээр нийтэд хүргэжээ. Тэрбээр төрийн төв хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэлдээ Дэлхийн гурав дахь том эдийн засагтай, валютын тэргүүлэх нөөцтэйн хувьд Хятад Олон улсын валютын санд шийдвэр гаргах хэмжээнд эрх, үүрэгтэй байх ёстой гэжээ. Мөн АНУ, Их Британийн ноёрхдог олон улсын тавцан дахь өнөөгийн хүчний харьцаанд өөрчлөлт хийх цаг нэгэнт иреэн гэсэн байна. Дээр дурдсан Сингапур дахь төвийн тэргүүн Т.Гордон нарын мэргэжилтнүүдийн онцолж буйгаар өнөөгийн хямралыг боломж болгосон бүс Ази, тэр дундаа Хятад юм. Барууныхны халаас нимгэрч эхэлсэн энэ үед дэлхий дахины хүчин гэдгээ батлах боломж Хятадад олон байна. Энэ нь ирэх сарын 2-нд эхлэх Их 20-ийн уулзалтын үеэр илүү баттай болно. Хятадын төлөөлөгчид хэлэлцээрийн ширээний хамгийн хүндтэй суудалд залрах нь гарцаагүй бөгөөд энэ нь дэлхий дахиныг хямралаас Хятад аварна гэх ойлголт өдрөөс өдөрт тархаж буйтай холбоотой. Тиймээс ч Лондонгийн хэлэлцээрийн үеэр сүүлийн жилүүдэд улиг болтлоо сонсогдсон Хятадын гадаад болон дотоод бодлоготой холбоотой шүүмж бараг сонсогдохгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Г.Дулам
Дугаар 054, 055