Саятан бэлтгэх дамжаа
Эцэг эх нь санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсч чадсан ч гэлээ энэ нь хүүхдүүд ирээдүйд тэдний адил ажиллаж, баян тансаг амьдарна гэсэн баталгаа хараахан биш юм. Ийм учраас хичнээн баян байлаа ч хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг эртнээс ойлгуулах нь чухлыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Оросын нефтийн ТНК-ВР, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн Саул компанийн тэргүүн Виктор Вексельберг ярихдаа Хүн бүр хүүхэд байхаасаа эхлэн мөнгөтэй зөв харьцах дадалд суралцах ёстой гэж би үздэг. Тэгвэл заавал баян эцэг эхийнхээ гарыг харахгүйгээр амьдралд хөлөө олж чадна гээд 15 настай хүү нь 3000 долларын үнэтэй тоглоомын карт худалдаж авахын тулд өөрөө ажил хийдэг тухай дурджээ. Ядуу амьдралыг цэвэр өөрсдийн хүчээр ялж, амьдралдаа хүрэлцээтэй мөнгөтэй болсон зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ мөнгөнд бараг л умбуулдаг. Эд баялаг тэднийг шинэ байр сууринд хүргэсэн, мөнгө олохоор хөлсөө урсгаж байсан тэр цаг одоо үр хүүхдэд нь давтагдах ёсгүй гэж тэд үздэг байна. Ийм гэр бүлд өсч байгаа хүүхдэд моторт дугуй эсвэл хуучин машин авахын тулд мөнгө хураах сонирхол угаасаа төрөхгүй. Тэртэй тэргүй эцэг эх нь бартаат замын будаг нь ханхалсан цоо шинэ машин аваад өгчих юм хойно.
Хүүхэд эцэг эхийнхээ бий болгосон баялагт хүндэтгэлгүй хандаж хэвших нь тун осолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс олон жишээгээр батлахыг оролдож байна. Тэдний үзэж буйгаар мөнгийг хүссэн үед тэнгэрээс унаад ирдэг зүйл мэтээр үнэлдэг хүүхдэд хөдөлмөрлөж байж түүнийг олох, ухаалгаар зарцуулах дадал төлөвшдөггүй байна. Ертөнцийн бүхий л материаллаг амьдрал мөнгөн дээр суурилдаг хэрнээ сургуульд хэрхэн мөнгөтэй харьцах талаар бараг юу ч заадаггүй нь тун харамсалтай. Сургууль, гэр бүлийн аль алинд нь энэ талын хүмүүжлийг олгох талаар бодолцохгүй бол байдал цаашид улам бүр хяналтаас гарна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
Гэрийн сургалт Яагаад гэдэг нь тодорхойгүй ч олон эцэг эхчүүд хүүхдийн дэргэд санхүүгийн асуудал хэлэлцэхийг буруу гэж үздэг байна. Хүүхэд гэр бүлийнхээ санхүүгийн нууцыг бусдад дэлгэж болзошгүй учраас уу. Уг нь хүүхэдтэйгээ мөнгөний талаар ярилцах нь тэдэнд санхүүгийн боловсрол олгохын салшгүй нэг хэсэг гэдэгтэй бүгд санал нийлдэг. Гэр бүлд тохиолдсон мөнгөний бэрхшээлийг хэлэлцэхдээ хүүхдээ оролцуулсан эцэг эхчүүд хичнээн ухаалаг бөгөөд ашиг тустай санаа, санаачлага тэдний зүгээс гарч байгааг гайхаад бардаггүй.
Эсрэгээр санхүүгийн хүндрэлээ хүүхдээсээ хичнээн их нууцална, тэд төдийчинээ хүндээр тусгаж авдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ талаар хүүхэдтэйгээ ярилцахдаа заавал нухацтай байх албагүй. Таны толгойд эргэлдэж байдаг мөнгөтэй холбоотой санаа бодлоо ил гаргаж хэлж байвал энэ нь таны хүүхдэд үнэ цэнтэй туршлага болно.Хүүхдэд үнэгүй зүйл гэж хаана ч байдаггүй гэдгийг байнга тайлбарлаж өгч байх хэрэгтэй.
Урамшуулал бүхэн өөрийн босготой Хүүхэддээ долоо хоногт нэг удаа халаасны мөнгө өгчихөөд байвал тэд өөрсдөө мөнгөтэй харьцаад сурчихна гэж олон эцэг эх үздэг. Өгөөд л боллоо гэж хандах нь буруу юм. Долоо хоногт тогтмол хэмжээтэй мөнгө авдаг хүүхдийг бодвол тодорхой үүрэг хүлээгээд түүнийгээ хэрхэн биелүүлснээс авах мөнгөний хэмжээ нь хамаарч байдаг хүүхэд түүнийгээ зарцуулахдаа хавьгүй чадварлаг байдаг. Хүүхэддээ өгдөг мөнгөний хэмжээг даалгасан үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгаатай нь байнга уялдуулж байх нь хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах хамгийн шилдэг арга юм. Бүр жаахан хүүхэд ч тэр, ажил сайн хийвэл хангалттай урамшуулдаг гэдгийг ойлгодог байна.
Жишээ нь, дөрвөн настай хүүхэд тоглоомоо хурааж, ороо засч чадна. Үүнийг нь заавал биелүүлэх үүрэг болгож, үр дүнгээр нь тухай бүрд нь урамшуулж байх хэрэгтэй. Нас нь бага ч юуны төлөө мөнгө авч байгаагаа маш сайн ухаарч, ингэснээр түүнд нэг ёсны үүрэг хүлээх чадвар төлөвшиж эхэлдэг. Том хүүхдэд арай илүү нухацтай даалгавар өгөх нь үр нөлөөтэй.
Жишээ нь, 14 настай хүү хүссэн моторт дугуйгаа авах хуримтлалын сангаа оюун ухаанаа зарж /хүүхдийн сэтгүүлд гардаг үгийн сүлжээ байнга бөглөж/ олсон мөнгөөрөө эхлүүлж болно.
Мөн хичээл сурлагад нь гарсан амжилтыг байнга урамшуулж байх хэрэгтэй. Хөвөгч хүүтэй /сурлагын дүнгийн байдлаар хэлбэлзэж байдаг/ хадгаламжийг хүүхдийнхээ нэр дээр нээж болно. Ийм тохиолдолд хүүхэд улирлын дүнгийн жагсаалтаа сургуулийн захиргаанаасаа авчирч өгөөд улирал бүр хүүгээ бодуулна. Онц, сайн дүнгээс нь хамаарч хадгаламжийн жилийн хүү нь тодорхой хувиар өсч байдаг. Жишээ нь, Орост Сурагчийн гэдэг нэртэй хадгаламж /жилийн хүүгийн хэмжээ нь 10 хувь/ байдаг бөгөөд сурагч улирлын эцэст 4 ба 5 гэсэн амжилт үзүүлсэн тохиолдолд энэ улиралд бодогдох хүү нь хоёр пунктээр нэмэгдэж жилийн 12 хувь бүх дүн нь 5 бол 14 хувийн хүү бодож өгдөг байна.
Бяцхан захирал Үүргээ сайн биелүүлснийх нь төлөө хүүхдээ шагнахдаа мөнгийг нь шилэн хоргонд /мөнгө нь хэрхэн өсч, их болж байгааг хүүхэд тань харж байхын тулд/ хийж байвал тун зүгээр. Тэгээд хүүхэдтэйгээ хамт дэлгүүр явах тоолондоо хуримтлалаасаа мөнгө гаргаж тоглоом авч болохыг түүнд сануулна. Эхний үед тэр янз бүрийн дэмий зүйл авах л болно. Хэсэг хугацааны дараа нүдэн дээр нь өсч байгаа мөнгөнөөсөө байнга авах нь түүнд харам санагдаж зарим нэг аар саар хүслээсээ татгалзаж эхэлдэг. Мөнгө өөрийнх нь /тэгээд ч хөдөлмөрлөж олж байгаа/ учраас аль болох өөрт чухал гэсэн зүйлдээ л зарах хэрэгтэйгээ ойлгож эхэлж байгаа нь энэ.
Нэг үгээр хэлбэл чухлыг чухал бишээс нь ялгадаг болж байна гэсэн үг. Энэ бол маш том амжилт. Арай том болохоор нь банкинд нэр дээр нь хадгаламжийн данс нээлгэж сард өөрт нь зориулж зарцуулдаг мөнгийг гарт нь өгчихөж байх хэрэгтэй. Яаж зарцуулах нь хүүхдийн өөрийнх нь шийдэх асуудал. Мэдээж үүнд хяналт шаардлагатай. Энэ сард хэдийг, юунд зарцуулсан гэдгийг нь бичгээр /тайлан маягаар/ гаргуулж анхааралтай танилцаад хэрвээ тэр зардлаа хэтрүүлсэн бол дараагийн сард өгөх мөнгөнөөс нь хасах, хэмнэлт гаргаж түүнийгээ хадгаламжийнхаа данс руу хийсэн бол тодорхой хэмжээгээр урамшуулдаг байх хэрэгтэй. Мөнгө амаргүй олдож, амархан дуусдаг гэдгийг хүүхдийн толгойд бат суулгаж өгдөгөөрөө энэ арга хамгийн шилдэг нь юм.
Алдаанаас бүү бөөцийл Хүүхэддээ мөнгө зарцуулах эрх чөлөөг олгосон хэрнээ алхам бүрийг нь заах гээд байдаг буруу хандлага олон эцэг эхчүүдэд ажиглагддаг. Алдаа гаргахгүйгээр тэд яаж туршлага суух болж байна. Нэг жишээ дурдая л даа. Southwest Airlines компанийн хувьцаа эзэмшдэг 14 настай америк охин Pepsi-гийн шинэ рекламыг харангуутаа өөртэй нь ижил насны бүх хүүхдүүд энэ ундааг ууна гэж үзсэн байна. Тэгээд хувьцаагаа зарж оронд нь Pepsi-гийн хувьцааг авахаар шийдсэнээ аавдаа хэлжээ. Аав нь Энэ бол чиний хөрөнгө учраас зарах эсэхээ мэдээж чи өөрөө шийднэ. Гэхдээ эхлээд брокертой зөвлөх хэрэгтэй гэв.
Тэр үед охины эзэмшиж байсан хувьцааны ханш маш түргэн өсч байсан учраас зарвал буруудна гэдгийг аав нь мэдэж байсан ч хэрхэн мөнгөө өсгөх талаар санаачлага гаргасан охиныхоо урмыг хугалахыг хүсээгүй аж. Брокерын зөвлөсний дагуу охин хувьцааныхаа хагасыг зарсан бөгөөд үүний ачаар дансаа улайлгахаас аврагдаж чадсан байна. Хэзээ ч мартахааргүй сургамж болсон энэ тохиолдол охинд асар их туршлага өгсөн юм. Үнэт цаасны талаар хүүхдэддээ энгийн жишээгээр тайлбарлаж, эндээс ч гэсэн мөнгө олох боломж түүнд байгааг ойлгуулах цаг нэгэнтээ болжээ. Өөрөө чадахгүй бол мэргэжлийн хүнээр зөвлөгөө өгүүлж болно шүү дээ. Томчуудын толгойд ороогүй шинэ, сонин санаа хүүхдээс гардаг гэдгийг мартаж болохгүй