Кэйнсийн хөтөлбөр Монголд тохирохгүй

Маркс үйлдвэрлэлийн хэрэгсэл капиталистуудын гарт төвлөрснөөр ажилчид мөлжлөгт өртдөг гэж үзэн баялгийг нийгэмчилж, хувийн өмчийг хязгаарласан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн загварыг санал болгож байв. Фридман үүний эсрэг төрийн оролцоог хязгаарлаж, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, өмчийн халдашгүй байдлыг дээдэлсэн чөлөөт зах зээлийн онолыг дэвшүүлжээ. Харин Кэйнсийн онолыг Маркс ба Фридманы зарчмаас аль алиныг нь өөртөө агуулж, дунд нь оршдог гэж үздэг. Тэрээр зах зээлийн эдийн засаг нь төрийн оролцоо, зохицуулалттайгаар явбал илүү үр дүнтэй гэж үзэж байлаа.

Кэйнс хямралын үед төр зардлаа нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийж, ажлын байрыг олшруулан, эрэлтийг өсгөх хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Үүний тулд идэвхжүүлэх багц (stimulus package) гэж нэрлэгддэг төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ. 1930-аад оны үеийн АНУ-д хямралаас гарахын тулд хэрэгжүүлсэн энэхүү онол нь XXI зууны эхэн үеийн Монгол Улсад санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад нь тус болох уу?

Зөрчилтөй бодлого, хөтөлбөрөөр хямралыг даван туулах боломжгүй

УИХ-аар хоёр долоо хоног хэлэлцсэний эцэст гуравдугаар сарын 3-нд батлагдсан 1.5 их наяд төгрөгийн Хямралыг даван туулах төлөвлөгөө нь гурав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улс, ОУВС-тай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсоны улмаас хүчингүй боллоо. Ерөнхий сайд С.Баяр ч Засгийн газар, гадаад түншүүдийн хамтарсан уулзалт дээр ОУВС-тай хөтөлбөртэй болсноор бид оны эхээр боловсруулж УИХ-аас батлан гаргасан Хямралыг даван туулах төлөвлөгөөндөө бодлогын өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо. Бид зөрчилтэй бодлого, хөтөлбөрөөр хямралыг амжилттай даван туулах боломжгүй гэж мэдэгдэв. Кэйнсийн онолд суурилсан энэхүү 1,5 тэрбум төгрөгийн идэвхжүүлэх багцын төлөвлөгөө нь угаасаа Монголын нөхцөлд эерэг үр дүн өгөхгүйг дараахь үндэслэлүүдээр тайлбарлаж болно.

1. АНУ, БНХАУ зэрэг улсад хэрэгжүүлж буй идэвхжүүлэх багцын бодлого нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилготой. Ерөнхийлөгч Обамагийн хөтөлбөр Америкийн барааг худалдан авцгаая (Buy American) гэсэн уриатай бол БНХАУ экспортынхоо 26 хувийн бууралтыг дотоодынхоо эрэлтээр нөхөх оролдлого хийж байна. Харин Монголд дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөн учраас идэвхжүүлэх багцын бодлого нь импортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг багасгах нөлөө үзүүлнэ. Энэ нь цаашлаад төгрөгийн ханшийг улам сулруулж, инфляцийг хөөрөгдөх аюултай юм.

2. Улс, орнууд идэвхжүүлэх багцын бодлогоо дотоод эх үүсвэрээсээ санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа бол Монголд ийм боломж байхгүй. Хямралын үед гадаадын санхүүжилтээр төсвөө тэлэх бодлого явуулах нь улс, орныг их хэмжээний өрийн дарамтанд оруулах аюултай.

3. Олон нийтийг хамарсан бүтээн байгуулалтын төслүүд нь монголчуудын хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх магадлал муутай. Энэ нь дотоодын хөдөлмөрийн зах зээл уян хатан бус байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, ажил эрхлэгчид мэргэжлээ болон оршин суугаа газраа хялбар солих боломжгүй байдаг. Үүнээс гадна Монголд мэргэжилтэй ажилчид бэлтгэх үйл явц удаашралтай явагдаж ирлээ. Эдгээр учир шалтгааны улмаас ажиллах хүч ихээр шаардах зам гүүр, барилгын томоохон төслүүд дээр уламжлал ёсоор өмнөд хөршийн ажилчдыг оруулж ирэхээс өөр аргагүй байдалд хүрнэ.

4. Монгол Улс гадаад хүчин зүйлсээс илүүтэйгээр эдийн засгийн харилцаанд төрийн оролцоо, зохицуулалт хэт ихсэн төсвийн үр ашиггүй зардал, авилга, хээл хахууль хавтгайрснаас хямралд өртөх болсон гэж олон эдийн засагч, судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг удирдах Кэйнсийн арга барил нь хямралын үндсэн шалтгаан болжээ. Тэгэхээр хямралд өртсөн аргаараа хямралаас гарна гэдэг нь ойлгомжгүй асуудал юм.

5. Кэйнс өөрийн гол бүтээл болох Ажил эрхлэлт, зээлийн хүү болон мөнгөний ерөнхий онол номынхоо герман орчуулгын өмнөтгөлд бичихдээ Миний дэвшүүлж буй энэхүү онол нь эдийн засаг нь чөлөөт өрсөлдөөнд суурилсан улс оронд гэхээсээ илүүтэйгээр тоталитар дэглэмтэй оронд амжилттай хэрэгжих болно гэсэн байдаг. Ерөнхийлөгч Обамагийн 787 тэрбум долларын идэвхжүүлэх багц нь үр дүнгээ өгөхгүй байна гэж Америкийн олон нийт, судлаачид, бизнес эрхлэгчдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөж байгаа бол БНХАУ-ын 585 тэрбум долларын идэвхжүүлэх багц нь амжилттай хэрэгжиж эхэллээ гэж дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ярьж, бичих боллоо. Энэ нь Кэйнсийн дээрх санааг тодорхой хэмжээгээр баталж байна. Тэгэхээр Монголыг тоталитар дэглэмтэй улс гэж үзэх боломжгүй учраас хямралын эсрэг Кэйнсийн онолыг хэрэгжүүлэх нь үр дүн муутай байх болно.

Хямралын эсрэг ямар бодлого баримтлах вэ?

Нэгэнт төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Хямралыг даван туулах эхний төлөвлөгөө нь хэрэгжих боломжгүй болсон учраас Засгийн газар, ОУВС-тай тохиролцон шинэ хөтөлбөр гаргах хэрэгтэй болж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс суурийг бий болгох эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр байх ёстой. Үүнд ойрын хугацаанд баримтлах дараахь бодлого, зарчмуудыг санал болгож байна.

1. Төр, засгийн хэрэглээг бууруулж, хувь хүмүүсийн хэрэглээг дэмжих. Дотоод, гадаадын олон байгууллагын хийсэн судалгаанд Монгол Улсад төр нь хэт их данхайсан, төсвийн үр ашиггүй зардал ихтэй байгааг тогтоосон байдаг тул төр, засгийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй болж байна. Төсвийн хөрөнгө оруулалт, зардал ихсэх тутам хувийн хэвшлийнхэнд хүндрэл учирч, шударга өрсөлдөөнийг хумидаг нь сүүлийн хэдэн жилийн туршлагаас харагдлаа. Харин хувь хүмүүсийн хэрэглээг хумихыг төр, засгийн зүгээс уриалах, телевизийн зарим сувгуудаар айл өрхүүд мөнгөө хэрхэн хэмнэж болох тухай хичээл заах зэрэг нь эдийн засагт тус болохоосоо илүү хохирол учруулах болно. Учир нь Монголын эдийн засгийн багагүй хувийг эзэлдэг үйлчилгээний салбар нь үндсэндээ хувь хүмүүсийн хэрэглээн дээр тогтдог бөгөөд 600 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Ер нь хувь хүмүүс болон айл өрх орлого, зарлагаа хэрхэн хуваарилах нь төрийн оролцох асуудал огт биш юм.

2. Ажлын байрыг хадгалж үлдэх. Монголын хөдөлмөрийн зах зээл уян хатан бус учраас нэгэнт ажлаасаа халагдсан хүмүүсийг өөр газарт, өөр ажилд шилжүүлэн байршуулах нь хүндрэлтэй. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэйгээр хувь хүний орлогын албан татварыг хөнгөвчлөн, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах замаар ажил олгогчдод учирч буй дарамтыг багасган, ажлын байрыг хадгалж үлдэх хэрэгтэй байна.

3. Богино хугацаанд мөнгөний хатуу бодлого явуулах. Мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлснээр зээлийн хүү өсөж, бизнес эрхлэхэд хүндрэл учирдаг. Гэвч Монгол Улс дахь арилжааны үндсэн хэрэгсэл болох төгрөгийн ханшийг тогтворжуулаагүй тохиолдолд бизнес эрхлэх тухай ярих ч хэрэггүй болоод байна. Ихэнх бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн хүүгийн өсөлтөөс хэд дахин илүү хохирлыг валютын ханшийн зөрүүгээс хүлээсэн, банкны салбарын нийт олгосон зээлийн 35 хувь нь валютын зээл байгаа зэрэг шалтгааны улмаас Монголбанк энэхүү хатуу бодлогыг баримтлахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Гэхдээ зөвхөн бодлогын хүүг нэмээд орхих бус, инфляци болон долларын ханштай харьцуулахад сөрөг хүүтэй болчихсон байгаа арилжааны банкуудын төгрөгийн хадгаламжийн хүүг нэмэх зэрэг дараа дараагийн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

4. Ашигт малтмалын томоохон ордуудаа хямралын барьцаа болгохгүй байх. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас үүдэн зэсийн үнэ их хэмжээгээр унаад байгаа нь Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад ашигтай хувилбараар байгуулах боломжийг бууруулж байна. Үүнтэй холбогдуулан Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газарт Оюутолгой ба Тавантолгойн ордуудаа ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаа түр хүлээхийг зөвлөх боллоо. Монгол Улс хямралаас үүдсэн барьцаа, шахаанд оролгүйгээр хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай бизнесийн болон хууль эрхзүйн зарчим дээр тулгуурлан томоохон ордуудаа ашиглах хэрэгтэй байна.

5. Их хэмжээний өрийн дарамтанд орохгүй байх. ОУВС тэргүүтэй түнш байгууллага, улс орнуудаас Монгол Улс одоогийн байдлаар 384 сая долларын зээл авахаар тохиролцлоо. Энэ нь хэдийгээр хямралыг даван туулахад тус болох талтай ч Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлж байна. Монголбанк бодлогын алдаа гарган 2008 оны сүүлийн хагаст улсын валютын нөөцөөс 365 сая долларыг хий дэмий үрээгүй бол гаднаас ийм их хэмжээний зээл авах ч шаардлагагүй байлаа. БНХАУ, Катар зэрэг улсаас олон тэрбум долларын зээл авахаар хөөцөлдөж байгаа нь манай эдийн засагт тус болохоосоо илүүтэйгээр өрийн дарамтанд оруулах болно.

Ойрын 18 сард Монголын эдийн засагт дорвитой нөлөөлөхүйц бүхий л шийдвэрийг УИХ, Засгийн газар болон Монголбанк ОУВС-тай тохиролцон гаргах болно. Харин ОУВС Монгол Улсад ямар бодлого хэрэгжүүлэх нь иргэд, олон нийтийн өмнө нээлттэй байх шаардлагатай байна. Учир нь эрх баригчдын тавьсан ямар ч өрийг эцсийн дүндээ иргэд, татвар төлөгчид л эргүүлэн төлдөг шүү дээ.

З.Батболд

/Эдийн засагч/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button