Тэмээ өсгөхийн ашиг тусыг малчид ойлгож эхэлж байна

Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Ховд аймгийн Мянгад сумын малчин Ж.Ганбатын хүрэн ингэ ихэр ботго гаргасанд нутгийн олон ихэд билэгшээж байгаа аж. Тус аймгийн хувьд 27 жилийн дараа ингэ ихэрлэж байгаа нь энэ юм байна.

Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга О.Ширэндэв, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ихэр ботгоныхоо зургийг гардуулав.

УИХ-ын дарга ингэ ихэрлэсэнд билэгшээж буйгаа хэлээд Тэмээ өсгөхийн ашиг тусыг малчид ойлгож эхэлж байгаа нь хөдөөгүүр явж байхад харагдлаа. Ингэний хоормог зах зээлд эрэлттэй болсон, бас тэмээ өсгөх нь ашиг тустай, ядахдаа байгалийн эрсдлийг сайн даах чадвартай гээд давуу талууд байгааг мэдэрч, тэмээ худалдаж авдаг болсон, тэмээгээ өсгөхийг хичээж байгаагаа ярьж байсан гэлээ.

Ховд аймаг 17 мянган тэмээтэй. Гурван жилийн өмнөөс тэмээгээ өсгөх хөтөлбөр гаргасан нь үр дүнгээ өгч байгаа. Энэ жил 5000 гаруй ингэ ботголохоос одоогоор 685 нь төллөөд байгаа гэж аймгийн Засаг дарга Г.Нямдаваа УИХ-ын даргад танилцуулав.

УИХ-ын дарга уулзалтын үеэр орон нутгийн тулгамдсан зарим асуудлын талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button