Малчдад арилжааны банкинд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Г.Батхүү, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир, Ц.Баярсайхан нар Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдын арилжааны банкинд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон малчдын амьжиргааг зах зээлийн эрсдлээс хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих үүднээс зээлийн хугацааг нь сунгах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзэж байгаагаа онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү, С.Баярцогт, Э.Бат- Үүл, Д.Балдан-Очир, Д.Хаянхярваа нар Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аймаг, сумдад бэлчээрийн мал эрс нэмэгдсэнээс тариалангийн талбайд мал оржуринш, сүрлийг цацаж талхлан, шимт хөрсийг хийсгэж байгаа нь тухайн бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх боломж алдагдуулахад хүрч байна.

Тиймээс газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлж, бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн тоо толгойг багасгаснаар тариалангийн талбайн бүтээмжийг дээшлүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах, малыг үүлдэр угсааг дээшлүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар Тариаланг дэмжих санд 104.6 мянга, улсын нөөцөд 21 мянга, гурилын үйлдвэрийн агуулахад 35 мянга, нийтдээ 160.6 мянган тонн хүнсний буудай хадгалагдаж байна. Энэхүү нөөц буудайгаар 120.4 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой, өөрөөр хэлбэл он дуустал хэрэглэх гурилын нөөцтэй байгаа аж. Мөн улсын нөөц болон Тариаланг дэмжих санд хадгалагдаж байгаа хүнсний буудайгаа намрын ургац хураалтаас өмнө борлуулж агуулах саваа суллах, шинээр буудайн нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учраас Засгийн газраас Импортын барааны албан татварын хувь, хэмжээ-нд зарим өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор өргөн мэдүүлэв. Мөн Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Дугаар 065

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button