Валютын ханшны бодлогод оруулах саналаар ярилцав

Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын нөлөө байгаа ч төр засгаас авч хэрэгжүүлж буй мөнгө, валютын ханшны бодлого тэр бүр амьдралд нийцэхгүй, үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байгаагаас улс орны эдийн засгийг үүрч яваа хувийн хэвшлийнхний бизнест, цаашилбал улс орны эдийн засгийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Монголд нүүрлээд байгаа долларжилтыг таслан зогсоох, мөнгөний алдаатай бодлогын улмаас банк санхүүгийн салбарт бий болсон хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд бизнес эрхлэгчдийн санал бодлыг тусгах, эрдэмтэн судлаачдын мэдлэг чадварыг авах, арга туршлагыг нь солилцох, мөнгөний бодлогыг томъёолох, хэрэгжүүлэхэд өргөнөөр ашиглах, валютын ханшны зохицуулалт, валютын тухай хууль тогтоомжуудыг шинэчлэн өөрчлөх хэрэгтэй байна. Дээрх зорилгыг агуулж МҮХАҮТ-аас санаачлан Валютын ханшны бодлого-Бизнес эрхлэгчдийн санал сэдэвт уулзалт энэ сарын 30-ны өдөр Танхимын байранд зохион байгуулагдлаа. Энэ уулзалтанд оролцсон бизнес эрхлэгчдийн санал бодлыг Та бүхэнд хүргэж байна.

М.Болд – ХАС банкны ерөнхий захирал

-Аливаа олон жижиг алдаа удаа дараалан тавтагдсанаас болж үйлдвэрлэлийн осол гардагтай адил эдийн засагт оролцож байгаа бүх оролцогч нар тус бүртээ алдаа гаргаж тэр алдаа нь нэг цэгт огтолцохоор эдийн засгийн хямрал болж байдаг. Өнөөдөр улстөрчид, Засгийн газар, Монгол банк, арилжааны банкууд, компаниуд алдаа хийсэн гэж юуны өмнө хэлэх байна. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ гэдэг дээр нэг санал хэлье. Валютын хадгаламжийг хязгаарлах хэрэгтэй байна. Энэ саналыг би өмнө нь Монгол банкны удирдлагад тавьж байсан. Долларын эзэн орон Америк гэхэд долларын хадгаламжиндаа 1 хувийн хүү төлж байхад Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд 9-10 хувийн хүү төлж байгаа нь гажуудал. Тиймээс америкийн нэг хувь дээр Монгол Улсын эрсдэлийн хувийг нэмээд хүүг хязгаарлах хэрэгтэй. 1990 оноос хойш долларын асуудпыг хэтэрхий чөлөөтэй тавьснаас өнөөдрийн долларжилтийн асуудал хүндхэн болжээ. Валютын зохицуулалтын тухай хуулиар Монгол Улсын иргэн бүр долларын хадгаламжтай байх хуулийн тогтолцоог зохицуулах хэрэгтэй.

Тэгэхгүй бол доллар үйлдвэрлэгч орон биш мөртлөө долларыг зохиомолоор үйлдвэрлэн гаргаад байдаг. Өөрөөр хэлбэл, төгрөгийн хадгаламжтай хүн банкин дээр ирээд хадгаламжаа долларын хадгаламжинд шилжүүлээд зохиомолоор доллар үйлдвэрлээд байна. Нэг сая төгрөгийн хадгаламжтай хүн өнөөдөр банкин дээр ирээд хадгаламжаа долларт шилжүүлчихээд маргааш нь доллараа авъя гээд зогсож байна. Ийм учраас Монгол Улсын иргэнийг долларын хадгаламжтай байхыг хориглоод, харин худалдаж авахыг бол чөлөөтэй болгох хэрэгтэй. Ер нь Монгол банкнаас төгрөгийн нийлүүлэлтийг зохицуулахаас бус валютын нийлүүлэлтэнд зохицуулалт хийх боломжгүй. Мөн доллараар худалдаа хийхгүй байх асуудлыг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд хяналт тавьдаг механизмийг сайн бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Дотоодын буюу үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Бодитоор дэмжиж чадах юм бол дээрх асуудлыг шийдэх гол хөшүүрэг болно.

Б. Машбат – Партнерс ББСБ-ын гүйцэтгэх захирал

-Арилжааны банкууд Монгол банкны ханшийг харж байж валютын ханшаа тогтоодог байсан бол одоо энэ тогтолцоо нь хэдхэн ченжүүдийн гар ороод байна. Өнөөдөр бизнесийнхэн ханшны тогтвортой байдлыг л хүсч байна. Монгол банкнаас валютын арилжааг биржийн хэлбэрээр арилжааны банкуудаар явуулсан нь валютын ханшийг бууруулсан талархууштай ажил болсон гэж бодож байна. Бизнес эрхлэгч болон ард иргэддээ анхааруулж хэлэхэд гудсан дороохийсэн валютаа гаргаасай гэж хүсэх байна. Ингэвэл валютын нийлүүлэлт өсөх хандлагатай. Валютын урсгал орж ирдэг зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасан ч алтны олборлолт болон гадаадын олон төслүүд нэмэгдэж байгаа зэрэг нь валютын ханшийг бууруулах хүлээлт үүсгэж байна.

С.Адъяасүрэн-Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирал

-Валютаар төлбөр тооцоо хийхгүй гэдэг нь бидний нэгэн ижил доллараар төлбөр тооцоогоо хийдэг компаниудад хүндрэлтэй шийдвэр болоод байна. Тухайлбал, манай компани нэлээн хэмжээний зээлтэй. Энэ зээлийн ихэнх хэсгийг валютын зээл эзэлж байгаа бөгөөд дамжуулан зээлдэх зээлээр авсан зээл. Дамжуулан зээлдэх зээл гэдэг нь эхний хүү нь өссөн байдлаар бидний гарт ирж байгаа зээл. Одоогоор бидний авсан зээлийн үлдэгдэл үндсэн зээлээсээ илүү болчихоод байна. Учир нь дамжуулан зээлдсэн зээлийг бид төлөхдөө дамжуулан зээлдэгчийн хүү, үндсэн зээлийн хүү, үндсэн зээл гээд нэлээдгүй өссөн дүнгээр эргүүлэн төлдөг. Тиймээс бидэнд хүндхэн л байна.

Алтансүх- Бид ББСБ-ын захирал

-Долларын ханш 1600 дээр очоод тогтворжих төлөвтэй байсан үед Монгол банкнаас валютын ханшийг тогтворжуулах, энэ ханшиндаа барихыг хичээж байна гэсэн хариуцлагагүй мэдээлэл хийсний уршгаар маргаашнаас нь ханш өссөн. Мөн иргэдийн хадгаламжийн эрсдэлийг төрөөс даах болсон. Харин миний бодлоор валютын хадгаламжийн эрсдлийг төрөөс даахгүй гэсэн өөрчлөлт оруулж өгөх саналтай байна. Энэхүү уулзалт ярилцлагад бизнес эрхлэгчдээс гадна Монгол банк, СЗХ, Сангийн яам, ТӨХ-ны төлөөлөгчид оролцлоо. Бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид өөрсдийн үйл ажиллагаанд валютын ханшны өсөлт хэрхэн нөлөөлж байгааг ярьсан ба ямар нэгэн асуудлыг шийдсэн болон үр дүнтэй бодит зүйл гарсангүй.

Ц.Оюунханд

Дугаар 8,9 /574, 575/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button