Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Б.Элбэгдорж өрсөлдөнө

Тус намын Гүйцэтгэх зөвлөлд орсон зургаан нэр дэвшигчээс Р.Гончигдорж нэрээ татаж Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд Г.Батхүү, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэсэн гурван өрсөлдөгчийн нэр орж ирсэн. Эл гурваас нэгийнх нь нэрийг их хуралдаа оруулж батламжлуулах байлаа. АН- аас нэр дэвшигчид нь хүсэлт гаргасны дагуу балжиннямтай билэгт сайн өдөр нэр дэвшигчээ тодруулахаар болж өчигдөр ҮЗХ болон Их хурлаа хуралдуулсан. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар гурван нэр дэвшигч Ерөнийлөгчийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар болж УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл индэрт уригдлаа. Индэрт гарсан Э.Бат-Үүл яагаад ч юм уйлж байв. Тэрбээр Миний сэтгэл их хөдөлж байна. Би мөрийн хөтөлбөрөө АН-ын УИХ-ын сонгуулийн үед гаргасан арван зөв бодлогод тулгуурлан боловсруулсан. Гэхдээ эхлээд надтай хамт Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Г.Батхүү, Ц.Элбэгдорж нарын мөрийн хөтөлбөрийг сонсмоор байна. Үнэхээр авууштай сайн санаанууд байвал би мөрийн хөтөлбөртөө санаа болгож оруулна гэв.

Түүний саналын дагуу УИХ-ын дэд дарга Г.Батхүү мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар болсон. Гэвч индэрт гарч нэрээ татах болсноо мэдэгдэхэд ҮЗХ-ны гишүүд алга ташин хүлээж авсан. Г.Батхүү Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болбол боловсруулсан мөрийн хөтөлбөрөө уржигдар хуралдааны үед YЗХ-ны гишүүдэд тараасан учраам танилцуулах шаардлагагүй болов уу хэмээн зайгаа барив. Цааш нь Би сагс тоглох дуртай. Сагсны багт голлон тоглогч байж хожил ялалтыг багаараа авчирдаг. Би морь уях дуртай, уяач хүн. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ түрүүлэх, ялахын төлөө багаар ажиллана гэсэн юм. Ийнхүү Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар өрсөлдөхөөр үлдлээ. Э.Бат-Үүл Г.Батхүү шиг нэрээ татахыг хүсээгүйгээр барахгүй Би өрсөлдөнө. Намайг ардчиллын төлөө явж ирсэн албан тушаал хаших сонирхолгүй гэдгийг олон хүн мэднэ хэмээн тодотгож байв. Ийнхүү ҮЗХ-ны босгонд хүрч ирсэн гурван өрсөлдөгчөөс Ц.Элбэгдорж л төлөөлөгчдөд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

ҮЗХ-ны гишүүд Ц.Элбэгдоржийг дэмжив

АН-ын дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдсөн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хэн нь Ерөнхийлөгчид өрсөлдөхийг нууц санал хураалтаар тодруулахаар боллоо. Санал хураалтын тооллогын комиссыг УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Д.Батбаяр, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Дорлигжав нарын хүмүүс бүрдүүлж УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг ахалсан юм. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд 224 төлөөлөгч оролцож, нууц саналд хураалтын дүнг танилцуулахад Ц.Элбэгдорж 219 төлөөлөгчийн буюу 65.3 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөх эрхийнхээ тэн хагасыг өвөртөлсөн. Харин Э.Бат-Үүлийн төлөө 76 буюу ҮЗХ-ны төлөөлөгчдийн 34.7 хувь нь санал өгсөн байлаа. Үдээс хойш их хурал нь хуралдаж Үндэсний зөвлөлдөх хорооноос эрх авсан Ц.Элбэгдоржийг дэмжих эсэхээ нууц санал хураалтаар шийдвэрлэх боллоо. АН-ын их хуралд нийслэл, аймаг, хөдөө орон нутгаас 878 төлөөлөгч оролцжээ. Их хурлын төлөөлөгчид Ц.Элбэгдоржийг дэмжиж байлаа.

Цуваа зургаа гэж нэрлээд байна

АН-ын их хурал эхлэх үед Сэлэнгэ аймгаас ирсэн төлөөлөгч АН-ын дарга Н.Алтанхуягийн асуудлыг ярилцах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Нэгэнт төлөөлөгч нь санал гаргасан учраас санал хураалт явуулсан бөгөөд дэмжигдсэнгүй. Ингээд тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр санал гаргасан зургаан хүн ээлжлэн үг хэллээ. Тэдний дундаас УИХ-ын гишүүн Л.Гүндалай төлөөлөгчдийг багагүй хөгжөөж байлаа. Л.Гүндалай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авсан Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллана. Ер нь бид зургаа багаар ажиллах болсон. Гадуур хүмүүс АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санал гаргасан зургаан гишүүнийг цуваа зургаа гэж нэрлээд байна. Урд хоёр дугуй нь Элбэгдорж, Бат-Үүл хоёр бололтой. Үлдсэн хэд нь арын дөрвөн дугуй нь байх. Ер нь би Ц.Элбэгдоржийг дагаж шадар туслах нь болж орон нутагт ч очиж ажилламаар байна гэж байлаа. Э.Бат-Үүл АН анх удаа эв нэгдэлтэй байж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Энэ том амжилт сэтгэл хөдөлгөж байна хэмээсэн. Их хурлын төлөөлөгчид аймаг аймгаараа нууц санал хураалтад оролцож Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжив. Харин Иргэний зориг, Ногоон намууд АН-аас нэр дэвшигчийг дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдсэн юм.

Д.Дамдин

Дугаар 065

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button