Хаврын чуулганаас юу хүлээж болох вэ..

Ялангуяа ээлжит бус чуулганаар дөнгөж үнэрлэх төдий орхисон Оюутолгойн гэрээний төсөл. Хаврын чуулганы хамаг цагийг барж мэдэх эл гэрээний төсөл УИХ-ын даргын баталсан хэлэлцэх асуудлаархи захирамжид нэлээд дээгүүр морилж буй.

Эхний хэдэн хуулийг хэлэлцэх хугацаанд гэрээний төслийн талаархи эргэлзээтэй, ойлгомжгүй заалтуудыг нэг мөр цэгцэлж нэгдсэн ойлголтод хүрч, тээнэгэлзээ бүхнийг мухарласан төслийг ажлын хэсэг УИХ-д дахин оруулах аж. Хаврын чуулган улстөрийн амьдралын халуун цэгийн нэг ч үүнээс дутахааргүй үйл явдал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Хаврын чуулга¬ны өмнөхөн парламентад суудалтай улстөрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, одоогоор ажин түжин буй сонгуулийн кампанит ажлын буухиа жинхэнэ утгаараа эрчимжиж, улстөрийн амьдралыг амттай болгох нь ойлгомжтой.

Ерөнхийлөгчийн сонгуультай дөрөө харшуулан явагдах хаврын чуулганаар олон нийт төдийгүй гадныханд ч хүлээлт үүсгээд буй Оюутолгойн гэрээтэй зэрэгцүүлээд улстөрийн намуудын сонгуулийн амлалтын нэг эх орны хишгийг иргэддээ олгох эсэх хуулийн төслийг хэлэлцэнэ. Нэг нэгнээс нь салгаж боломгүй эл хоёр асуудал хэлэлцэх асуудлын дараалалд шил даран оржээ. Эх орны хишиг сангийн тухай хууль нь стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, 1.5 сая төгрөгийг төр иргэддээ олгох амлалт хэрэгжих эсэх нь уг хуулийг хэлэлцэж баталснаар нотлогдох учиртай юм. Хямралын эсрэг төлөвлө¬гөөг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөг шаардлагатай байгаа энэ үед 1.5 сая төгрөгийг өгөхөө хуульчлахаар Засгийн газар, УИХ-ын төвшинд зориг шулууджээ. 1.5 саяыг хүртэх үү, эс хүртэх үү гэсэн эргэлзээ төрүүлсэн хоёрдмол хүлээлтэд цэг тавих боломж ч энэ байж болох. Хэдийгээр хямралаас улбаатай мөнгөний хомсдол их тоогоор илэрхийлэгдэх амлалтыг хүчгүйдүүлж байгаа ч уг хуульд 1.5 сая төгрөгийн эх үүсвэр, ямар хэлбэрээр хэзээ олгох вэ гэдгийг ойлгомжтой тусгах биз. Хаврын чуулганаар анхаарал татаж буй нэг зүйл бол Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль болон Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм.

Хоёулаа л парламент дамжин яригдсаар ирсэн боловч олон цензур, хориг саадыг давж чадаагүй одоогийн парламенттай золгосон. Үйлчлээд эхэлбэл олон нийт, иргэдэд хамгийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх эл хуулийн төслүүдийг батлах эр зориг улстөрчдөд дутагддаг нь бодит үнэн. Хэрэв хаврын чуулганаар Оюутолгойн гэрээ, Эх орны хишиг сангийн тухай хууль, мөн Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм, Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг л баталж чадвал нийтийн эрх ашгийн төлөө хийж буй сайн үйл болох нь лавтай. Түүнчлэн Өрсөлдөөний тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох, Улсын бүртгэлийн ерөнхий хууль гэх мэтчилэн нийтийн эрх ашгаар хэмжигдэх хууль ч дээрх хуулиудтай дүйцэхүйц ач холбогдолтой юм. УИХ-ын хаврын чуулганаас үр дүн нь мэдэгдэхүйц гарах ийм л зүйлийг олон нийт хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button