Ковбой стиль энэ хаврын гоёл

Охид, бүсгүйчүүд бие барьсан, биеийн хэлбэр харуулсан хувцсыг илүүтэй сонгодог хэдий ч энэ жил үүнээс татгалзаж болох нь. Загвар зохион бүтээгчид эмх замбараагүй загвартай, геометрийн дүрс бүхий янз бүрийн шоотой хувцас гоёл болон орж буй талаар өгүүлж байна. Дэлхийн загварын хандлага ч ийм аж. Энэ улиралд бүсгүйчүүдийн гол гангараа хүрэм. Ялангуяа охид богино хүрмээр гоёх дуртай. Хоёр жилийн өмнөөс загварын ертөнцөд байр сууриа эзэлсэн дэрвэгэр хормойтой, өргөн бүстэй хүрэм энэ жил бас л моод. Зөвхөн хүрэм ч бус даашинз ч ийм загвартай байна. Гэхдээ хамгийн өвөрмөц чиг хандлага нь ковбой стиль буюу хэт урт хормой, олон хөндлөн хуниастай банзал, цацаг бүхий чимэглэл байх нь. Өнгөний хувьд сонгодог өнгөнүүд алхам ухарч, халуун бүсийн байгаль, амьтдын өнгө хит болно.

Тодруулбал, Африкийн ирвэс, судалт тахь гээд алаг эрээн өнгө ноёрхох ч хүрэн шаргал, хүрэн туяатай шаравтар ногоон, үнсэн саарал өнгө суурь өнгө байна. Гэхдээ завсрын ийм өнгөний сонголтыг нимгэн даавуун хувцсанд сонговол илүү тохиромжтой. Мөн загвар зохион бүтээгчдийн нүдэнд торолгүй удсан алтлаг өнгө ч өнгө дахин хит болжээ. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд багтаамж сайтай том цүнх сонгох болсон. Үүнийг мэргэжилтнүүд 30-40 жилийн тэртээх загварын чиг хандлага давтагдаж байгаатай холбон тайлбарладаг. Цүнх хэдий том хэмжээтэй байх ч хэлбэр нь дугуй байвал илүү зохимжтой гэнэ. Түүнчлэн гинж, шүрэн чимэглэл бүхий аксессуартай байвал гоё. Өнгөний сонголтын хувьд саарал өнгийг илүүтэй санал болгож байна. Хэрвээ бусад өнгийг сонгох бол тайван, завсрын өнгөнөөс сонгоорой. Тодруулбал, саарал, хар, зөөлөн хар ногоон, хул гэх мэт.

Харин ажил хэрэгч бүсгүйчүүд арьсан цүнх сонгоорой. Яагаад гэвэл, загварын чиг хандлагыг тодорхойлогчид үнэтэй, чанарлаг материалаар цүнх үйлдвэрлэхийг чухалчлах болж. Ажил хэргийн зориулалт бүхий цүнх тань бат бөх, нямбай оёдолтой байх хэрэгтэй. Учир нь, цүнх таны ажил хэрэгч төрхийг тодруулах хамгийн үнэтэй зүйлийн нэг. Харин жижиг цүнх барихыг хүсдэг бол чимэглэл ихтэйг сонго. Энэхүү чимэглэл нь материалтайгаа ижил байхын дээр металл байж болно. Гутлын хувьд конус буюу бүдүүнээс нарийн хэлбэр бүхий бөөрөнхий хоншоортой, урт түрийтэй гутлыг сонгоорой. Энгийн загвартай ийм гутал хөлд эвтэйхнээс гадна донжтой харагддаг. Үүний зэрэгцээ платформ ултай гутал загварын ертөнцөд дахин хүч түрэн орж иржээ. Гэхдээ ул нь үргэлж биш, өсгий нь платформ. Харин охидын гутал намхан ултай байвал илүү зохимжтой аж.

Бүсгүйчүүдийг эрхэмсэг харагдуулдаг гол аксессуар нь цүнх, алчуур, бээлий, зангиа. Энэ хавар үнэт алт, мөнгөн эдлэл гэхээс илүүтэйгээр чулуун гоёл моод болно. Ер нь чулуун аксессуар аль ч улиралд зохидог. Ийм учраас охид, бүсгүйчүүд хувцеандаа тохируулан өнгө, өнгийн чулуун ээмэг, зүүлт, бөгж зүүвэл таныт улам ганган харагдуулна. Чулуун ээмэг, бөгжний хувьд том хэмжээтэй, овор ихтэй байвал тансаг. Чулуун ээмэг, бугуйвч, хүзүүний зүүлт, бөгж зэрэг нь эмэгтэй хүнийг хээнцэр хэрнээ чамин харагдуулдаг. Тухайлбал оюу чулуу өдөр тутмын ердийн хувцсан дээр ч сайхан зохицдог агаад энэхүү үнэт эдлэл хэзээд тансаг, сайхан харагдсаар ирсэн.

Харин Та том биетэй бол хэтэрхий жижиг аксессуар сонгох хэрэггүй. Таныг улам том биетэй харагдуулах болно. Харин жижиг биетэй бүсгүйчүүд том аксессуар сонгохоос татгалзахтун. Мөн том ширхэгтэй, овор ихтэй чулуун бугуйвчийг хувцастайгаа хослуулан зүүхийг санал болгоё. Ингэснээр Та бусдаас илүү мэдрэмжтэй, гоо сайхны мэдлэгтэйгээ харуулна. Ажил хэрэгч эмэгтэйн хувьд бээлийгүй гараа хүрэм эсвэл пальтоныхоо халаасанд шургуулан явах нь тиим ч тохиромжтой биш. Иймээс богиновтор ханцуйтай хүрэм, пальтон дээр өмсөхөд тохиромжтой загвар бүхий бээлий сонгохыг санал болгоё. Бээлийнд өнгөний олон хувилбарыг сонго. Тухайлбал, ягаан, хөх, шар, улаан гээд сонголт арвин бий.

Дугаар 065

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button