Монголчуудын хувь хүн ба сэтгэлийн туяа

Атлантын далайн дунд хэсэгт томоохон бүлэг арлууд дээр Атлантын соёл иргэншил цэцэглэн, 3 дах дэд төрхтнийхөө үеэс сэтгэхүйн чадваруудаа хамгийн дорд зэрэглэлийн хар домд чиглүүлж эхлэхэд гамшгийн анхны шинж тэмдгүүд гарч, хувьслыг чиглүүлэгч хүчний удирдлага дор ариун гэмгүй Атлантчууд энэ тивээс дүрвэж эхэлсэн байна. Энэ үед хамгийн анхны дүрвэгсэд болох Прасемитүүд манай Монголын говьд суурьшсан бөгөөд усан галав юүлсний дараа өтгөн шаргал манан сарнин, хөх тэнгэр манхайн цэнхэртэхэд тэд анх хөх туяаны үйлчлэийг хүртэн эр зоригийн туяаны нөлөөллийг хүртсэн билээ. Энэ нутгийн дээрээс эр зоригийн хөх туяаны* үйлчлэл онцгойлон хүчтэй эрхшээж байх тул Арийн бүх шинэ төрхтнүүдийг бүгдийг өлгийдэн авсан нутаг юм. Энд ямарваа төрхтөн үндэстэн эр зоригийн туяаны үйлчлэлийг хангалттай хэмжээнд хүртэх тодорхой зорилготойгоор оршин суудаг.

Тайлбар* Хөх туяа нь экзотерик утгаарзоригийн туяа болдог. Харин эзотерик утгаар хөх туяанаас салбарлах улаан туяа нь эрх зоригийн туяа болдог. Энд өнгүүдийг ил буюу нийтийн утгаар авч үзсэн. Эзотерик нууц утгаар хөх туяа нь сүсэг бишрэлийн туяа. Индиго туяа нь хайр мэргэн билгийн туяа. Үндсэн 2-р туяа.Улаан залаат монгол хүн гэдэг. Энэ бол 1-р эр зоригийн туяаг билгэдсэн өнгө юм.

Үндэстэн бүрийг тодорхой нэг Дхьян Чохан удирдан ивээнэ. Еврейчүүд өөрсдийн бурханаа хартай хатуу Иегова хэмээдэг, энэ нь Санчир гарагийн сүлд бол Иранчуудыг Архангел Гавриил ивээдэг гэдэг. Азийн ард түмнийг нийтэд нь Жанрайсиг ивээнэ, гэхдээ Хятадуудыг Манзушри, харин Монголчуудыг Очирваань дааж авсан хэмээх шашин домог гэгдэх зүйлийн цаана оккульт үнэн оршиж байгаа юм. Очирваань бурхан Монголчуудын дааж авсан бурхан нь гэдэг жирийн явдал биш юм. Догшин хөх эцэг бурханы өнгө нь Монгол түмний бие хүний туяа болох эр зоригийн 1-р туяаны өнгөтэй яг давхцаж байна. Монголчууд шар арьст төрхтний олон угсаатнуудаас хамгийн отгон нь хамгийн залуу нь, тийм ч болохоор арай эртний шар арьст Атлантчуудын удам болох хөгшин хятад, япон, солонгос, тай, малайчууд мөн энэтхэг хятадын хойгийн үндэстнүүдийг бодвол илүү яс томтой, биеэр товир. Хоцрогдсон гэдгээ залуу, билгэ сайтайнхаа хүчээр илүү сайн ойлгосондоо Буддын сургаалийн олон урсгал дотроос хамгийн их хүчдэлийг дайчлан, хамгийн их эсэргүүцлийг туулан, богино хугацаанд Гэгээрэлд хүргэх Очир хөлгөний урсгалыг сонгосон. Өвөг дээдсийн маань энэ оюуны сонголт хамгийн зөв сонголт байсныг орчин үеийн ШУ-ы нээлтүүд, дэлхийн хамгийн оюунлиг сэтгэгчдийн практик болж буй Пурна йога, Агни йога баталж байна. Хорвоо дэлхийг Нирвана диваажинд хүргэх, үдлээд буцах өртөөний газар төдийгөөр үзэж, нэг насаа тэмцэлгүй, идэвхгүй өнгөрөөж, Диваажиндаа ч олигтой удсан юмгүй төдөлгүй хөөгдөөд л мөнөөх бохир хорвоодоо төрөх болдог, хуучны номлол сургаалиуд орчин үед үйлчлэхээ больжээ. Энэ гараг дэлхий дээр хүн Төгс гэгээрэн гэгээртлээ ахин дахин буцаж ирнэ. Ирэх ирэхдээ залхууран назгайрч суугаад боломжийг алдсан, хойш нь тавиад хийгээгүй орхисон бүгдээ засч залруулахын төлөө ирнэ, тэгэхдээ урьдхаас улам хүнд нөхцөлд гүйцээхээр ирдэг.

Амьдралаас зугтаах зөвтгөл биш, харин хорвоог хувилгах, утга учрыг нь ухаарах, хорвоогийн амьдралыг гэгээрүүлэхэд хөтлөх замч болдог сургааль л орчин үеийн шаардлагад нийцэж байна.

Монголчуудыг Асура тэнгэр – Ангараг гараг эрхшээдэг гэдэг.* Доод түвшинд Дайны энэ тэнгэр Асура нь дэлхий үүсээгүй тэртээх Саран галавт Сура тэнгэрүүдийн давалгаанаас хоцрогдсон тэнгэрүүд нь Сура нарын цог хийморьт атаархан хорсож, А-Сура буюу хагас бурхад болсон түүхээр гарал үүсэл нь тайлбарлагдана.

Тайлбар *Монгол гэдэг нэр Мангала буюу санскритаар Асура-Ангараг дайны тэнгэр юм. Ангараг, Асура, Мангала нь ижил утгатай үгс. Ангараг гараг нь эр зоригийг төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй, сүсэг бишрэлийн 6-р (эзотерик утгаар) туяаныхныг хариуцдаг.

Эзотерик утгаар Асура нь Асу-Бурханы амьсгал хэмээх утгатай Бурханы амьсгалаас төрсөн хамгийн хүчирхэг өндөр дээд бурхан төрөлтнүүдийн нэр. Энэ үүднээс хөх лагшинт Очирваань ч өөрөө Асура. Адгуус хүний доод биенд тэдгээр дээд бурханлиг төрөлтөнгүүд өөрсдийгөө золиослон орж, хүний хувьслыг хурдасгахын төлөө амьд гал болон, тэрхүү дорд матери мах цусанд хүлэгдэн оршсон Аврагч хэмээн ойлгогдоно. Асура хэмээх үгийн ил далд энэ хоёр утга өөр өөрийн түвшиндээ яг таг үнэн бодит байдлыг илэрхийлнэ. Үнэхээр Монгол хүний одоог хүртэлх бодит байдал нь хар хортой, дайнч, хагас бурхан – Асурагийн эрхшээлд байдгийг нь гэрчилдэг. Өөр зуураа тэмцэлдэгч Асуруудын эрхшээлд орших Монголчууд туурга тусгаар төр улсаа байгуулмагцаа л шууд Евразийг бүхэлд нь эзэлж, 200 жил ноёрхон сууж, хэнийг ч урдаа оруулахгүй дайнч үндэстэн гэдгээ тунхагласан. Л. Гумилевын пассионар энерги хэмээн томъёолсон Монголчуудын тэр их эрч хүч нь Ангараг гараг буюу Асураар жолоодуулдаг Хонь ордноос цацарна. Байгаль дэлхий амилан сэргэх хаврын энэ ордонд Би хэмээх зарчим харгалзана. Зурхайн 12 орд энэ ордоор эхэлдэг учир Хонь ордны нөлөөлөлд орших үндэстэн ба хувь хүн аль нь ч адилхан анхдагч байхыг өөрийн зүй ёсны эрх дарх гэж үздэг.

Доод Хонь бол бүдүүлэг цэрэг питекантроп, харин дээд Хонийн төлөөлөгч нь мохошгүй пассионар энергиэ удирдаж сурсан, генерал буюу номт хаад байдаг юм. Дээд Хонинууд энэ ордны эзотерик гарагууд болох Тэнгэрийн ван ба Буд гарагийн нөлөөллийн дор оюун ухаанаа хөгжүүлж пассионар энергиэ номхруулан улирдаж сурсан байдаг. Тэдэнд доод Хонийн бүдүүлэг питекантропын төрхөөс зөвхөн яндашгүй энерги нь л өвлөгдөн үлдсэн дөлгөөн ухаалаг хүмүүс байдаг билээ.

Монголчууд байлдан дагууллынхаа дараа идэвхжил амралт ээлжлэх жамаар шавхагдсан энергиэ нөхөн сэргээх амралтын мөчлөгт орсон. Гадаад ертөнц дэх идэвжлээ зогсоон дотоод сэтгэл рүүгээ өнгийх үедээ Монгол түмэн Буддын сургаалийг хүлээн авчээ. Энэ үед дэлхийн хэмжээний сод мастер Занабазар анхдугаар Богд төрж, Монгол түмнийхээ билгийн мэлмийд үндэстнийх нь орь хүслэнг нь дэлгэн ярайтал үзүүлсэн нь Майдарын гэгээн, Цагаан Ногоон дарь эх, Язгуурын таван Будда байлаа. Хууль жамын дагуу бие хүний нь 1 дүгээр туяа идэвжлээ сааруулах энэ үед Монголчууд ийнхүү сэтгэлийнхээ туяа болох Зохицол тэнцвэрийн туяаг мэдэрсэн хэрэг байв. Энэ туяа нь мөн соёлын туяа, урлаг соёлын манлайлагч хүмүүс энэ туяаны нөлөөлөл дор оршдог. Монгол түмний сэтгэлийн туяа Анхдугаар гэгээнд төвлөрөн, Буддын соёлын сувдан сондор болон мөнхөрсөн бүтээлүүдээр нь Монгол түмэн орь хүслэнгээ тодорхойлсон билээ. Анхдугаар гэгээн амралтын мөчлөгтөө орсон Монголчуудад амар амгалан юунаас ч илүү чухаг гэдгийг ойлгож байлаа. Бие хүний энерги нь шавхагдаад, бэлдээ буусан Монголчууд сэтгэлийн гүн бясалгалд сууж байв. Харин Галдан Бошигт цаашид 200 жил хүчирхэгжин мандах нь тодорхой байсан Манж үндэстний өмнөөс хар муйхраар тэмцээд нэмэргүйг ухаараагүй юу, аль эсвэл ухаарсан ч харийнханд эзлэгдэхийг зүгээр тэвчин харж сууж чадаагүй юу аль нь ч байсан, элэг нэгтэнтэйгээ өшилдөн эв түнжин эвдэж, Халх Ойрдыг самууруулсан нь илүүц хэрэг байсан юм. Манжид сөрөх хүч Монголд тэр үед байсангүй. Евразийг байлдан дагуулахад юүлсэн хэмжээлшгүй энерги шавхагдахдаа оронд нь ямар их хоосролыг авчрахыг төсөөлөхөд хэцүү биш ээ.

Бүтээлийн онгод хайрладаг Монгол нутгийнхаа цэвэр цэнгэг, агь гангийн үнэр анхилсан агаарыг Бээжингийн өмхий чийгээр сольж, Манжийн хааны багш болон аргалж, барьцаанд насны эцэс хүртлээ амьдаараа булшлагдсан Өндөр гэгээнээ эх орноосоо урвасан хэмээн аль муухайгаар гутаан доромжилсон монголчууд гэтэлшгүй алдас хийснээ хэзээ ухаардаг бол!

Мянганы хүн Чингис Богд бол монголчуудын бие хүний 1-р туяаны билгэ тэмдэг, харин Анхдугаар Богд маань монголчуудын сэтгэлийг нээсэн Богд Чингисээс дутахгүй гавьяатай, сэтгэлийн туяаны билгэ тэмдэг нь,монголчууд Өндөр гэгээндээ л ганцхан ингэж алдас хийсэн юм биш, харин өөрсдийн хамаг өнгө гэрэл болсон хөвгүүдийнхээ зүрхний нь цусаар ундаалж, элгийг нь тоншоод ханадаггүй гэм биш зантай билээ. 20 дугаар зуунд Монголчуудын энэ хилэнц оргилдоо тулсан юм.

Азийн хоцрогдсон олон угсаатан үндэстэнгүүд 20 дугаар зуунд нийтээрээ хөшиж царцсан байдал, инерциэсээ салж, хувьсал хөдөлгөөний динамикийг хүлээн авахад бэлэн болохын тулд гал усны гашуун зовлон, нийгмийн катализмуудыг туулан гарсан. Тэд түүхийн асар хүнд сорилтоор туулан гарч баймааж, бие даасан үндэстэн байх эрхээ тунхаглан нотолж шинээр сэргэн мандах гараагаа эхэлсэн билээ. Тэгэхдээ нөмрөн ирсэн сорилтыг тэдгээр ард түмэн нийтээрээ үүрэн гарч байв дээд дунд доод давхаргынхан зовлонгоо хуваарилан авч, адилхан энэлэн шаналж гэтлэн давжээ. Хятад, Солонгос, Вьетнам бүгдээрээ иргэний дайны хөлд нэрвэгдэн, үндэстний хямралд нь их гүрнүүд хүртэл татагдан орж, Япон гэхэд л атомын халуун тамд хоёр хотоо хайлуулсан. Гэхдээ л аль нэг давхаргаа үзэл суртлын нэрийн өмнөөс золигт гаргаж, үлдсэн нь тэднийхээ зовлонгоор амьд үлдэж жаргасан тохиолдол гараагүй. Хөгжлийн улам эрчлэх динамикийг тэсэн гарахын төлөө тэдгээр ард түмнүүд хоосон ядуу, баян чинээлэг ялгалгүй адилхан тэмцэж хэнийгээ ч золиослолгүйгээр сорилтыг даван гарч чаджээ. Тиймээс ч биднээс арай өндөр хөгжилтэй болжээ.

Гэтэл Монголчууд иргэний дайны хөлд нэрвэгдсэнгүй, гал усны гашуун зовлонгоор орсонгүй, харин ч устаж мөхөх гэж байсан үндэстэн маань 80 жилийн дотор 3-4 дахин үржиж өсчээ. Монголчууд Азийн бусад ард түмнээс илүү буян заяатай, үйл нь нимгэндээ зовлон үзээгүй хэрэг үү? Үгүй ээ. Нийт ард түмний үүрэх үйлийг хар шар феодал хэмээн хочлогдсон үндэстнийхээ сэтгэгч тархи болсон хэсэг нь дангаараа үүрэн гарч, Монголчуудын өр төлөөсийг дангаараа төлж, энэ үндэстний тусгаар тогтнолын баталгааг гаргаж өгсөн билээ. Ийм их эмгэнэл тохиож, элэг эмтрэм золиос өргөлийг ихэс дээдэс, сэхээтэн сэтгэгчид нь гаргаад байхад, Монголчууд эгээ л махчин чоно хонин сүрэгт халдан нэгийг нь дарж авахад, үргэх аядчихаад төдөлгүй хээв нэг хэвээд харж зогсдогийн адилаар өрөвдөх энэрэх, талархах сэтгэлгүй дүлий дүмбэ гудиггүй байсныг нь яана. Аль сайхныгаа түшиж тулж өөдөлдөг хорвоогийн жамын эсрэг өнгө гэрэлт хэсгээ өөрсдийн гэм нүглийн төлөөсөнд өргөж амь торгоосон энэ явдал бол Монголын онцгой үзэгдэл юм.

Эртний соёлт Дорны ард түмэн хувьсгал дайн гээд хувь тавилангийн бэрх хатуу энхэл донхол олныг туулан гарахдаа Монголчуудынх шиг ийм гутамшигт өртөхөөргүй өр нимгэндээ, элэг нэгтнийхээ өмнө, оюуны удирдагчдынхаа өмнө өргүй, Монголчууд биднээс сэтгэлийн ариуслаар хавьгүй өндөрт буйгаа харуулжээ.

Монголчуудын сэтгэлийн бүдүүн бараг, уяран хайлахыг мэддэггүй өөрсдийн нь цөлх гүндүүгүй хэмээн магтаж өөгшүүлдэг энэ байдал өнөөдөр бүр сэтгэлийн цөлжилтийн хэмжээнд хүрээд байна. Нэг талаас олон нийтийн хүйтэн мэдрэмжгүй, гудиггүй төлөв; нөгөө талаас ухаант сод мэргэд баатарлаг дайчин хөвгүүдийн нь чив чимээгүй ямарваа илүү дутуу тайлбаргүйгээр, халуун амь насаа ухамсар дорой ард түмэндээ хүлцэнгүйгээр өргөж ирсэн түүх

Эгээ л там диваажин, гэрэл харанхуй адил эсрэг тэсрэг энэ туйлын жишээ юуг өгүүлнэ вэ?

Эхнийх нь нийт Монголчуудын хар тэнгэрийн эрхшээлд эзлэгдэн оршиж байдаг нийтлэг дүр зураг, дараагийнх нь Монгол түмний бурханлиг сэтгэлийн илэрхийлэл болсон баатарлаг хөвгүүдийн биетээр харуулсан Монголчуудын туйлын хүслэн, хүрэх ёстой сэтгэлийн өндөрлөг, Бурханы анхдагч амьсгал – Асура нар мунхагийн харанхуйд эзлэгдсэн хүн төрөлтөнгүүдийг хайрлахдаа адгуусны биенд хүлэгдэн өөрсдийгөө өргөн золиосолсон түүхийн амьд бодит жишээнүүд.

Нэг л зүйл үелзлийн хоёр өөр туйл дээр ийм эсрэг тэсрэг илрэл, урвуу дүр төрхийг олох ажээ. Нэг л энерги, хүсэл ба бодлын ариун буюу бохирын алин болохоос шууд хамааралтайгаар зэрлэг догшин питекантроп, адгуус хүн, Хар тэнгэр эсвэл жинхэнэ Бодхисаттвагийн дүрийг бүтээж байна. Асура гэдэг үг хөгжлийн 2 туйл дээр ийнхүү гэрэл харанхуйн эсрэг тэсрэг утгыг илэрхийлж байна.

Харгис догшин цэрэг нэрээр түүхэнд бичигдсэн Монголчууд заяамал эрч хүчээ соён гэгээрүүлж, хүчирхэг энергиэ гэгээн ухаанаар жолоодож сурах ёстойг сэтгэгчид нь гэрээсэлсэн. Хонийн хэв шинжит төлөөлөгч болох Монголчууд гэгээн туйлын хүслэнгийнхээ төлөө амиа золиослоход бэлэн чанартай бөгөөд энэ нь генэнд нь оршиж байдаг юм.

Бүгдэд анхдагч байхыг эрмэлзэгч Хонь ордоор удирдуулдгийн учир мөн атаа хороор хөдлөгч хар тэнгэрээр даруулсны тул Монгол хүн Би Би л хэмээн, нэг нэгийгээ үгүйсгэж барьцаж байж л өөрийгөө нотлон тунхаглаж болно гэж үздэг эндүүрэлтэй. Өөрийгөө нотлохын тулд заавал өрөөлд төвлөрөн, өрөөлийн ололтод цанхаалах замаар бус зөвхөн өөрийн дорд чанарыг соён гийгүүлэх л хангалттай хөндлөнгийн хүнээс биш, харин өөрийн дотроос дайсныг олбол дэвшинэ гэдгийг хэрхэн яаж ойлгуулалтай билээ. Ийм цөөхөн ийм баян нутагтай атлаа огт хөгждөггүй, өдгөө хөгжингүй орнуудын төсөл хэрэгжүүлэх нэрээр мөнгө угаадаг талбар болж, үүрд хоосрох замд шулуудсан Эфиопын араас орохдоо тулаад буйн учир нь энэ л өөртэйгөө бус бусадтай ажилллаж, өөрийгөө өөдлүүлэх гэж ажиллахын оронд өрөөлийг унагах гэж хамаг хүчээ шавхдаг, дэвшихийн тулд өөрийн бодгаль чанарын гүнээс бус харин бусдаас баримжаа шалгуур авдаг өөр зуураа барьцаж атаацдаг үндэсний араншингаас үүдэлтэй. Бүгдээр удирдагч лидер байхыг хүсдэг нь худлаа гэж үү? Чухам ийм л учраас Чингис Богдоос өмнөх бүх хаадыг монголчууд өөрсдөө Алтан улсад тушаагаад, дээрээ эзэнгүй байхын жаргалыг эдэлдэг байжээ. Лидер гэдэг угаас олныг араасаа дагуулагч гэсэн үг. Бүгд лидер болчихоор хэн нь араас нь дагах юм бол? Энэ бол угаас утгагүй. Иймээс Монгол хүн бүр дор бүрнээ лидер байх гэх бүтэлгүй зүйлийг мөрөөдөж хий шатаж явахын оронд, өөрөө өөрийнхөө эзэн өөрийнхөө амьдралын эзэн байх гэдэг хавьгүй эрүүл, бодитой зорилгын төлөө хөдөлмөрлөж сурвал зохино. Энэ л чухам жинхэнэ зөв зорилго, өөр хэнийх ч биш ганцхан таных болох өөрийн амьдрал, өөрийн хувь тавилангаа эрхшээж, энэ л суурин дээрээ та бүрэн эрхт эзэн нь байх ёстой. Бусдыг араасаа дагуулагчид байгалийн жамаар цөөхөн тоотой төрдөг. Иймээс эгэл хүмүүний амьдралдаа өөрөө эзэн суувал барав. Энэ амьдралынхаа эзэн байна гэдэг хязгааргүй бүтээл туурвилын талбар, хүчин чадлыг хуримтлуулах уурхай бусдаар баримжаа хийж, барьцаж, бусдын дээр гарчих юмсан, гарч чадахгүй бол унагаад доош нь хийчих юмсан гэж хилэнцэт бодолд автан атиралдаж явах гутамшгаас чөлөөтэй, хавьгүй эрхэмсэг нэр төртэй хэрэг билээ.

Энэ бол өөрийгөө гаргуунд хаяж, өрөөлийг дуурайн, хөндлөнгийн хүний амьдралаар амьдрах гэж явахын оронд өөрийн хувь тавиланг бүтээлчээр дархлах зам. Энэ замыг гадаад хэлбэрийг зэмэдэхийн төлөө дайн тулаанд хөтөлсөн бие хүний нь туяа бус харин Монгол хүний сэтгэлийн туяа Зохицол тэнцвэрийн туяа зааж өгнө. Энэхүү туяа нь, Хайр мэргэн билгийн индиго туяатай нягт уялдаатай, түүнтэй нөхөрсөг туяа.

Энэ бол дотоод сэтгэлээ хөгжүүлснээр, баялаг дотоод ертөнцөөс аяндаа ундран хэлбэржих амьдралын баян тансаг эрхэмсэг чанарыг цогцлуулах зам мөр юм.

Гүндүүгүй гэж өөрсдийн нь магтдаг дэндүү цөлх хатуу, сэтгэлийн хөдөлгөөн нь баярын уухай, цөхрөл уур хилэн хоёроор хязгаарлагддаг энэ үндэстний сэтгэлийн хөдөлгөөний хоёр туйлын хоорондох үй түмэн гаммууд хөгжөөгүй рудиментар төлөвт үлдсэн байх тул үүнийг л хөгжүүлэх нь өв тэгш хөгжилд хөтлөхөд гол ач холбогдолтой юм. Урлаг соёл үүнд маш их үүрэгтэй. Гэхдээ гоо сайхны гол хууль консанансаас урвасан өнөөгийн өрнийнхний чөтгөрийн цэнхэр урлаг биш ээ. Энэ бол хүмүүний бурханлиг сэтгэлийг нээх, гүн ухааны амьсгал шингэмэл, гүн бодрол, төгс хэлбэрийн цогц болсон урлаг байх болно.

Монголчуудын Сэтгэлийн туяа зохицолд зөрчлийг шийдвэрлэх замаар хүрэх аргыг нээдэг. Асуудлыг илрүүлэн гаргаж, шийдвэрлэн зохицлыг тогтооно гэдэг ажилсаг, идэвхтэй, бүтээлч дайчин байхын нэр юм.

Унаган дайчин чанараа элэг нэгтэндээ, сайн нөхөртөө биш харин харанхуй мунхаг дорд чанартаа чиглүүлэн түүнийг соён гийгүүлэхэд хэрэглэх ёстой болжээ. Монголчуудын бие сэтгэлийн аль ч туяа нь бүтээлч туяа. Асураар удирдуулагч Монголчууд гэтэл атаа хоронд эзлэгдэхдээ шаламгай, хайран энергийг бүтээл туурвилд чиглүүлэхийг сураагүй байна. Энэ үндэстнийг туурвилд суралцаж, сэтгэлийнхээ туяаны удирдлагыг хүлээн авахад эмэгтэйчүүд хамгийн гол үүрэг хүлээсэн юм. Амьдралын гоо сайхныг цогцлуулах үүрэгтэй, сэтгэлийн халуун дулааныг гэр бүл цаашилбал хүний нийгэмд түгээх үүрэгтэй эмэгтэйчүүдээс өөр хэн Монголчуудыг нөмрөөд буй сэтгэлийн цөлжилтөөс, сэтгэлийн соёлын хомсдлоос үндэстнээ аврах юм бэ? Гэтэл амьдралаа халуун дулаан авч явж чадаагүй, сэтгэлээсээ гоо сайхныг цацруулан оршиж сураагүй эмэгтэй хүн лидер байхыг тэмүүлэх нь байгалийн жам ёсны эсрэг боссон эмгэнэл биш гэж үү?

Монгол үндэстний сэтгэлийн туяа нь зохицол тэнцвэрийн туяа тул энэ үндэстний хөгжил дэвшилд бүтээлч хандлагад суралцах явдал амин чухал үүрэгтэй. Хүн бүр өөрийн сэтгэлийн ертөнцийг баялаг өгөөмөр уудам болгон тэлж бусдыг энэрэх хайраар ундаалан усалж, соён гийгүүлэх нь ахуйн соёл, зөв харилцаа, харилцааны соёлоор илрэн, гэрэл гэгээ болон орчин тойрноо гарцаагүй гийгүүлнэ. Хүн бүр өөрөө өөрийнхөө эзэн болсон, хүн бүрийн дотоодод сэтгэлийн баян тансаг ертөнц оршиж буй ийм нийгэмд олон асуудал бэрхшээлүүд аяндаа автоматаар алга болно. Ийм нийгэмд Шамбалын дайчид ч олноороо төлөвшинө. Дайнч няцашгүй өвгөд дээдэс маань өршөөлгүй харгис цэргийн түүхэн хуудсаа бичиж дуусгаад, сэтгэлийнхээ ертөнц рүү өнгийхдөө үр хойчдоо орь хүслэн туйлын зорилгыг маань тольдон үлдээжээ. Энэ бол догшин эгэл цэргээс Шамбалын дайчин болон өндийх орь хүслэн. Энэ бол бие хүний туяаны эрхшээлээс чөлөөлөгдөн, Хайр мэргэн билгийн индиго туяаны садан – гоо сайхны зохирол тэнцвэрийн туяанд хөтлүүлэн Гоо сайханы туурвил бүтээлийг Харанхуйгаас хамгаалан тэмцэх дайчид болон өндийх тавилантай энэ үндэстний ирээдүйг зөгнөсөн алсын хараа байв. Монголчууд бол Гэгээрсэн нийгмийг гараг дээр цогцлуулахын төлөө Харанхуйн эрхшээлээс хүн төрөлхтнийг чөлөөлөх эцсийн тулалдаанд Ялагч Аватарын тугийн дор Шамбалын дайчид болон тулалдах ерөөлийг ухамсартайгаар талибан амьсгал хураадаг байсан цэцэн мэргэн дээдсийн удам билээ. Гэгээн туйлын хүслэнгийн төлөө хүн төрөлхтний манлайд тулалдах эр зориг, эрчим хүч дээдэст маань байсан учраас л туйлын хүслэн нь ийм өндөр томъёлогджээ. Би Би хэмээх үзлийг, манлайлагч байх гэдэг амбицийг элэг нэгт ахан дүүстээ бус, чухам ийм л түгээмэл түвшинд, дэлхийн тавцанд чиглүүлэх ёстой юм.

Соён гэгээрсэн ухаант Хонь эзэн хаан байх заяамал эрх дархтай тул Монголын нийгэмд нийгмийн гишүүн бүр нь өөрийнхөө эзэн болж, сэтгэлийн соёлын хомсдлоос ангижран, сэтгэлийн боловсролд суралцан, хүн бүр дор бүртээ бүтээн туурвигч болсон цагт энэ үндэстэн нийтээрээ Хаан үндэстэн байхад болохгүй гэх газаргүй.

Энэ ард түмэн эцэг язгуурт соёлтой, иймд эрчүүд нь хүчирхэг баймааж удам тасрахгүй тэсэн үлдэх бололцоотой юм. Эрчүүд хүчирхэг байхын тулд, эмэгтэйчүүд нь эмэгтэйлиг байх ёстой. Монгол эмэгтэй хүн боловсролтой дайчин байна гээд бүсгүй нандин чанараа гээж болохгүй. Сэтгэлийн соёл боловсролд эмэгтэйчүүд манлайлан хошуучилж эрчүүдээ боловсруулах ёстой болохоос, улс төрийн талбарт тэдэнтэй мөр зэрэгцэн үзэлцэж, эрчүүдийн дуураймал болбол энэ үндэстний мөхөл өнөө маргаашгүй.

Уур амьсгал бол үндэстний бүтээл гэдгийг амьд амьтан болгоноос цацардаг лептон хийгээр цаг агаарын байдал нөхцөлддөг хэмээх ШУ-ы баримт нотолжээ. Монголчуудын сэтгэл цөлжсөнөөс газар нутаг нь цөлжиж байна. Амь амьдралгүй болтол нь энэ газар шороог цөлжүүлэн, бие биеэ хүйтэн хөх туяагаар хайран зовоож байсныхаа төлөө Монголчууд гишгэх газаргүйгээр эндээс хөөгдөж, харин газар шороотой хайрлан харьцаж үр шимийг нь хүртэж мэддэг, нэг нэгэндээ тээр бололгүй, эвтэй найрсаг оршиж сурсан илүү сэтгэлийн соёлтой харийн хүмүүс ирж суурьших нь магад.

Үндэстний сэтгэлийн ариуслаас үндэстний хөгжил дэвшил шууд хамаардаг. Энэ үндэстэн сэргэн мандъя гэвэл Сэтгэлийнхээ зохицол тэнцвэр гоо сайхны туяаны удирдлагыг хүлээн авч, сэтгэлийн соёл боловсролд шамдан суралцаж, хэрэглэгчээс бүтээгч туурвигч болж төлөвших ёстой. Өөр зам харагдахгүй байна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button