Шаардуулахгүйгээр хариулт өгч яагаад болохгүй гэж?

Улсын их дэлгүүрээр сард давхардсан тоогоор 500 мянган хүн үйлчлүүлдэг. Нэг төгрөгөөр бодоход сард доод тал нь 500 мянган төгрөгийн хариулт авалгүй 10 гаруй жилийг үджээ. Ганцхан Улсын их дэлгүүр ч биш бусад томоохон супермаркетийн сүлжээ, дэлгүүр, усан сан, такси, ТҮЦ гээд хаа сайгүй энэ эмгэг халдварласанд захын хүн эгдүүцдэг. Тухайлбал, томоохон их дэлгүүрүүдийн бараа 999,888-аар төгсөж, нэг, хоёр төгрөгийн хариулт өгөлгүй луу унжих нь бий. Хүнсний дэлгүүр, ТҮЦ ч ялгаагүй 10,20 төгрөг хариулж өгөхийн оронд ширхгийн чихэр, шүдэнз чиглүүлээд шидчихдэг. Авахгүй, хариултаа авна гээд муудалцахад хүрнэ. Таксины жолооч нарт ч энэ эмгэг халдварласан бололтой. Зарим нь 50, 100 төгрөг хариулж чадахгүй, өвөр, түрийгээ ухаад суучихна. Тэгснээ задгай мөнгө байхгүйгээ сая л мэдсэн юм шиг өөдөөс хараад худал инээнэ. Зорчигч яахав, ар дахь ажлаа бодсондоо дурамжхан буугаад л бүх зүйл ок.

Улиг болтол нь энэ сэдвээр ярьж, бичиж л байгаа. Өмнөхөөс ялгаатай нь гэвэл Монголбанк зах зээлд жижиг дэвсгэрт нийлүүлдэг болсон. Номин-гийн зарим салбарт нэг, таван төгрөгийн хариултыг өгөөд эхэлчихсэнийг та мэдсэн л байх. Гэхдээ бүгдээрээ жигдхэн үүнийг хэвшүүлээгүй байна лээ. Зарим дэлгүүр, супермаркет бахь байдгаараа л Задгай мөнгө манайд байтугай банкинд байхгүй гэж хэнэг ч үгүй залах юм. Манай өмнөд хөршид нэг юань байтугай нэг мо-гоор тооцоо хийдэг. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийдэггүй болохоор тэд хүний хүч, хөдөлмөрийг ингэж шударгаар үнэлдэг биз. Америк, Англид ч жижиг дэвсгэрт битгий хэл задгай мөнгийг худалдаа, үйлчилгээнд өргөн ашигладаг. Монголчууд л задгай мөнгө, жижиг дэвсгэртийг тоодоггүй баян улс. Цамаан загнасандаа ч биш цаана нь ийм байлгах сонирхолтой хэсэг хүн байж ч магадгүй. Талархууштай нь Задгай мөнгө байхгүй гэдэг үг моод-ноос гарчээ. Төвбанкныхан Жижиг дэвсгэртийг зах зээлд нийлүүлж байгаа. Худалдан авагч нэхэж авах ёстой гэж арьсаа хамгаалав.

Уучлаарай, яагаад заавал хариултаа нэхэж авах ёстой гэж? Хүний юмыг буцаагаад өгөхөд шахаж шаардуулахын хэрэг юун. Тэртэй, тэргүй бэлэн байгаа жижиг дэвсгэртийг хэл амгүй хариулаад өгчихөж болдоггүй юм уу.

Г.Ганчимэг

Дугаар 76,77/3148,3149/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button