Ерөнхийлөгчийн сонгууль буюу хоёр Э

Ардчилсан намын тухайд Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх сонирхолтой зургаан хүний нэр орж ирснээс шигшиж Ц.Элбэгдорж, Г.Батхүү, Э.Бат-Үүл нарыг ҮЗХ-ны хуралдаандаа оруулсан. ҮЗХ энэ гурван хүнээс УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийг МАХН-ын Э-тэй өрсөлдүүлэхээр товлож Их хуралдаа оруулжээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд Ардчилсан намаас Цахиагийн Элбэгдорж, МАХН-аас Намбарын Энхбаяр нар өрсөлдөхөөр тунаж үлдлээ. Цахиагийн Элбэгдоржийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож байсан ч бүрэн эрхийн хугацааг нь дуусгалгүй огцруулж нэг удаад нь бараг жилээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Монголын ардчилсан хувьсгалын анхдагч, зохион байгуулагч лидерийн нэг. Харин Намбарын Энхбаяр бол Соёлын сайд, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан билээ. Их өрийг тэглэсэн, газар хувьчлалыг эхлүүлсэн гээд олон магтаалын зэрэгцээ түүнийг Авлигын загалмайлсан эцэг, дарангуйлагч, төрийн албан тушаалыг дуудлагаар худалдагч гэсэн нэр байнга дагалддаг билээ.

Ц.Элбэгдорж Би ард түмэнтэйгээ амь нэг Ерөнхийлөгч болно

Ардчилсан нам өнгөрсөн баасан гаригт Их хурлаа хийлээ. Тус хуралд АН-ын 880 орчим гишүүн төлөөлөгчөөр оролцсон. Энэхүү Их хурал 100 хувийн ирцтэй эхэлсэн юм. Их хурлаар ҮЗХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлеэн Ц.Элбэгдоржийг нууц санал хураалтаар батламжлав. Ингээд нууц санал хураалтаар Ц.Элбэгдорж 99.4 хувийн санал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулж авсан. Их хурал эхлэх үед зарим гишүүн АН-ын даргын асуудлыг нэг мөр цэгцлэх ёстой. Н.Алтанхуяг АН-ын албан ёсны дарга биш. Тиймээс түүнийг Их хурлаараа ярилцах ёстой гэсэн санал гаргасан боловч төлөөлөгч дэмжээгүй. Хурлыг нээж АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлсэн. Тэрээр Ардчилсан Ерөнхийлөгчтэй болохыг зөвхөн манай нам хүсээд байгаа юм биш. Ард түмэн үүнийг хүлээж байна. АН өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж чадаагүй. Улс төрд байнгын ялагдал гэж байдаггүй. Мөн байнга ялна ч гэж байхгүй. Тиймээс нийгмийн хүсч байгаа Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө хамтдаа тэмүүлцгээе. Хязгааргүй эрх мэдэлтэй намыг халах цаг нь болсон гэлээ. Тэрээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН, МНН Ардчилсан намыг дэмжиж оролцохоо мэдэгдсэнийг энэ үеэр дуулгасан юм. Үүний дараа ҮЗХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн таван нэр дэвшигч үгээ хэлсэн юм.

Л.Гүндалай Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө морь нохой мэт зүтгэнэ

-Ер нь, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нам дотроо нэр хүндтэй, олон дэмжигчтэй болох хэрэгтэй юм байна гэдгийгсайн ойлголоо. Ардчилсан нам дотроо ардчилалтай гэдэг нь харагдлаа. Сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн бидний зургаан нөхөд хэн нь ч гарсан дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Биднийг хүмүүс цуваа зургаа гэж нэрлэсэн байна лээ. Монгол Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох цаг нь иржээ. АН-ын 20 жилийн турш хийж бүтээсэн бүхнийг МАХН өөрсдөдөө ашиглалаа. Элбэгээдээ хандаж хэлэхэд надаас авах юм байвал аваарай. Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө морь нохой мэт зүтгэх болно. Би Элбэгдоржийн сонгуулийн үед ажиллах шадар туслах нь баймаар байна. Намайг сайн ашиглаарай.

Э.Бат-ҮүлАрдчиллаа алдвал тусгаар тогтнолоо алдана

Өмнө нь Ардчилсан нам ийм эв нэгдэлтэй шийдвэр гаргаж байсангүй. Тийм ч учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялж л таарна. Монголын төр олигархуудад үйлчилдэг болж. Төр түмэндээ зүтгэх нь мөнгөөр хэмжигдэх болж. Ингэж байгаад ардчиллаа алдах вий. Хэрэв бид ардчиллаа алдвал магадгүй тусгаар тогтнолоо алдахад ч хүрч мэднэ. Тиймээс олигархижсан төрийг халах цаг нь болсон. Их өөрчлөлт шинэ хувьсгал хэрэгтэй. Үүний дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нэг баг болж чадлаа. Монголд Ардчилсан хувьсгал ялсан 20 жилийн түүхэнд АН ийм эв нэгдэлтэй байсангүй. Ардчиллын төлөө олон хүн хэлмэгдлээ. Иргэний үүргээ биелүүлсэн нөхөд шоронд сууж байна. Хэрэв тухайн үед ийм зүйл болохыг мэдсэн бол долдугаар сарын 1-ний цуглаанд хандив өргөж, би зохион байгуулдаг байж дээ. Мөрийн хөтөлбөртөө хэд хэдэн зүйлийг тусгасан. Төрөөс тэрбумтан төрдөг тогтолцоог хална. Орон нутгийн хөгжлийг дэмждэг төр байгуулна. Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байх болно. Төрийг хүний төлөө ажилладаг болгоно. Байгаль орчинд ээлтэй, Монголыг дэлхийтэй холбодог. Ерөнхийлөгч байна гэсэн зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иргэдээсээ баян төр байх ёсгүй, Улсаасаа баян Ерөнхийлөгч гэж байж болохгүй.

Ц.Хас

Дугаар 068 /647

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button